Элчин сайд Б.Алтангэрэл Мексикийн Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барив
2014/02/16
Монгол Улсаас Мексикийн Нэгдсэн Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Алтангэрэл тус улсын Ерөнхийлөгч Энрике Пена Ниетод 2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр Итгэмжлэх жуух бичгээ барив.
Элчин сайд Б.Алтангэрэл Ерөнхийлөгч Пена Ниетод Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж байгаадаа баяртай байна гээд Монгол, Мексикийн уламжлалт найрсаг харилцааг гүнзгийрүүлэн бэхжүүлэхийн төлөө ажиллахаа илэрхийлэв. Элчин сайд Мексикийн Гадаад хэргийн сайд, Сенатын зарим гишүүн, боловсрол, аялал жуулчлалын яамны албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцон, 40 жилийн түүхтэй хоёр орны хамтын ажиллагааг хөрөнгө оруулалт, хөдөө аж ахуй, соёл, боловсрол, аялал жуулчлалын салбарт түлхүү хөгжүүлэх, харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, тухайлбал, хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, давхар татвараас харилцан чөлөөлөх гэрээ хэлэлцээрийг энэ жилд багтаан байгуулахаар тохиролцсоноо ярив.
Мөн тэрбээр хоёр орон НҮБ-ын хүрээнд болон бүс нутгийн олон улсын байгууллагын түвшинд ойр дотно хамтран ажиллаж ирсэн сайхан уламжлалтайг онцлон дурдаж, мексикийн тал Монгол Улсын АПЕК-т элсэх хүч чармайлтыг дэмжиж ирсэнд талархаж байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн НҮБ болон Зүүн Ази, Латин Америкийн хамтын ажиллагааны чуулга уулзалт зэрэг бүс нутгийн байгууллагын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн идэвхтэй явуулахаа нотлов.
Ерөнхийлөгч Пена Нието Элчин сайдад баяр хүргэж, өнөөгийн ертөнцөд газар зүйн хувьд бие биеэсээ алс оршин байгаа нь эртний түүхтэй Мехсик, Монголын харилцаанд саад болох ёсгүй гээд соёлын салбар, хоёр орны ард түмнүүдийн харилцаа, харилцан ойлголцлыг бэхжүүлэхийн чухлыг онцлоод бүс нутаг, олон улсын түвшинд улам нягт хамтран ажиллахын чухлыг тэмдэглэв.
Элчин сайд Б.Алтангэрэл Итгэмжлэх жуух бичиг барихаар Мехико хотноо ажиллах үедээ Мексикийн Гадаад хэргийн сайд Хосе Антонио Мид, Сенатын Гадаад харилцааны хорооны Ази, Номхон далайн асуудал эрхэлсэн дарга, Сенатор Торрес Корза, Сенатын гишүүн Бургос нартай тус тус уулзав. Сенатор Т.Корза хэлэхдээ, би Сенатын Гадаад харилцааны хорооны АНД-н бүсийн даргын хувьд хоёр орны хамтын ажиллагааг өргөжүүлэх ёстой гэж бодож байна. Манай хоёр орны хоорондын улс төрийн түвшний яриа хэлцээ, ойлголцол хэвийн сайн явж ирсэн ч соёл, боловсролын салбарт хамтран ажиллах боломжийг судалж, бодитой ажил хэрэгжүүлэх нь зүйтэй юм гэв.
Элчин сайд Б.Алтангэрэл 2 дугаар сарын 13-ний өдөр Мексикийн парламентийн төв байранд болсон Мексик – Монголын Парламентын Найрамдлын Бүлэг (ММПНБ) байгуулах арга хэмжээний нээлтэд оролцож, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдал, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл хийв. Мөн тэрбээр ММПНБ-гийн дарга хатагтай Барсенас Нийвэстэй уулзаж, хоёр орны парламент хоорондын харилцаа, хэлхээ холбоог өргөжүүлэх талаар санал солилцов.
Элчин сайд Б.Алтангэрэл Мексикийн Боловсрол болон Аялал жуулчлалын яаманд зочилж, Мексикээс испани хэлний багш урьж, Монголын холбогдох их, дээд сургуульд хичээл заалгах, мөн Мексикийн их, дээд сургуульд уул уурхайн чиглэлээр оюутан сургах, жуулчин солилцох боломжийг нэмэгдүүлэх талаар тодорхой санал тавив.
Монгол, Мексикийн хооронд 1975 оны 9 дүгээр сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд ирэх жил тохиох дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр хоёр талдаа зохион байгуулж, хэрэгжүүлж болох арга хэмжээний талаар Элчин сайд мексикийн холбогдох талуудтай ярилцаж санал солилцлоо.