АНУ-ын иргэнийг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс 23 жилийн хорих ял сонсоод буй Ч.Баттуул анх удаа хэргийнхээ талаар мэдээлэл өглөө.

Тэгэхдээ манай сайтын сэтгүүлчийн түүнд явуулсан захидалд хариу өгсөн нь энэ юм. Тэрээр өдгөө ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулагдаж байгаа. Хоёр жил гаруй хугацаанд саатуулагдсан Ч.Баттуулд эрүүл эрхтэн үлдсэнгүй хэмээн хоолой зангируулан өгсөн аавынх нь ярилцлагыг манай сайт мэдээлсэн. Харин энэ удаад Ч.Баттуулын хорих ангиас илгээсэн захидлыг уншигчиддаа хүргэх гэж байна.

 

Ч.Баттуулын хувьд захиа илгээх нь амаргүй байсан нь мэдээж. Учир нь хорих ангид захидал харилцааг хориглодог. Гэвч тэрээр хорих ангийн дотоод журмыг зөрчин байж, энэхүү захидлыг илгээсэн юм. Магадгүй, дотоод журам зөрчсөнөөрөө тэрээр сахилгын арга хэмжээ авахуулж, сахилгад орохыг ч үгүйсгэхгүй. Гэвч тэрээр энэхүү бүх эрсдэлийг тоолгүй, үнэн мөнийг олохыг хүссэн сэтгэлээр захидлаа илгээсэн байна. Ч.Баттуул болон түүний ар гэрийнхэн Ч.Баттуулыг бусдын өмнөөс хэрэг хүлээсэн гэж үздэг. Учир нь уг хэргийг үйлдсэн жинхэнэ этгээдүүдийг холбогдох байгууллагын хүмүүс дутуу шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд явуулаагүй гэдэг. Энэ тухай дэлгэрэнгүйг өмнө нь манай сайтад өгч байсан Ч.Баттуулын аав Н.Чулуунбаатар, Ч.Баттуулын ах Ч.Батсайхан нарын ярилцлагаас уншиж болно. /Дараах линкийг дараад уншина уу/

 

Ингээд Ч.Баттуулын захидлыг бүрэн эхээр нь хүргэж байна.

 

“Сайн байна уу. Таны үнэнийг эрэлхийлж буй чин сэтгэлд дахин дахин талархая. Энд захидал харилцааг хориглодог болохоор таны захидлын хариуг их удаалаа. Гэвч таны амь нас баталгаатай эсэхийг би мэдэхгүй болохоор зарим асуултад чинь хариулалгүй товчхон бичлээ, хичээнгүйлэн ойлгоорой. Жон манай Монгольд суурьшиж, амьдрах гэсэн зорилготой, Монгол эхнэр авч, уул уурхайн салбарт ажиллан их баян болох хүслийг өвөртлөн ирсэн билээ. Гэхдээ энд ирэхдээ ээжээсээ 10.000 доллар зээлсэн бөгөөд буцааж өгөхийн тулд хар тамхи зарахаар авчирсан байсан. Энийг нь эхлээд би мэдээгүй ээ.

 

Намайг Тайваньд байхад л янз бүрийн юм хэрэглэдэг, хачин зуршилтай байсан ч яг юу гэдгийг нь би огт мэдээгүй, сонирхдог ч үгүй байсан. Ингээд Монголд ирснийх нь дараа нөгөө авчирсан юмыг нь зарах гэж би зүс таних төдий нэлээд олон хүнтэй уулзаж, тусламж гуйсан. Тэр үед надад хар тамхи болоод хууль эрх зүйн ямарч мэдлэг, туршлага байгаагүй болохоор юу хийж байгаагаа хянаж чадаагүй ээ.

 

Тэгээд хэдэн хүмүүстэй тохирч, Цонжинболдогийг үзэнгээ тэнд уулзахаар болсон. Тэнд цугласан хүмүүсийн зарим нь согтуу, зарим нь бага зэрэг мансуурсан байдалтай байсан. Удалгүй тэд нар ирээд Жонтой үнэ мөнгөнөөс болоод маргалдаад байсан. Тэгээд Жоныг жоохон сүрдүүлж байгаад хямдхан авах тухай л ярилцаж байснаас хэн ч амь насыг нь хөнөөх тухай яриагүй. Гэнэт л маш санамсаргүй харамсалтай зүйл болчихсон байсан. Яг тэр үед би Жоноос хол, өөр машинд байсан болохоор яг юу болсныг тодорхой хэлж чаддаггүй юмаа.

 

Тэгээд ч надад буу, зэвсэг гэх мэт юу ч байгаагүй. Амьдралдаа би жинхэнэ бууг барьж ч үзээгүй. Хэрвээ та анзаарсан бол миний өссөн орчин, гэр бүл маань ийм зүйлээс ангид хол, харин сургууль соёлтой ойрхон сэхээтэн айл шүү дээ. Иймээс ч би болсон явдалд маш их цочирдон өөрийнхөө хэлж байгааг байтугай өөрийнхөө хэн гэдгийг ч мэдэхээ больчихсон байсан. Зөвхөн асар их айдас, дарамт, заналхийлэлийг л мэдэрч байсан. Өнөөдрийг хүртэл хэн ч намайг тайвшруулж, надтай чин сэтгэлээсээ ярилцаж, үнэнийг хэлүүлэхийг хүсээгүй, намайг хамгаалаагүй.

 

Харин анхны “Би буудчихсан” гэж айсандаа хэлчихсэн үгээр бүгдийг шийдсэн. Тэр үед /хоёр жилийн өмнө/ надад ингэж хэлэхээс өөр ямарч арга байгаагүй. Миний мэдэрсэн айдас, дарамтыг хэн ч мэдэхгүй. Би одоо ч таньд үгээр илэрхийлж чадахгүй хоолой зангираад хэцүү байна. Эндэхийн алба хаагч, төлөөлөгч нар намайг үргэлж дарамтандаа байлгаж, хүмүүсийн захиалгаар намайг зовоож тарчлаадаг. Анх хэвлэл мэдээллүүд миний тухай ямар мэдээлэл цацсаныг та мэднэ. Түүний хор уршгаар өнөөдөр би хэчнээн үнэнгээ хэлээд ч нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байна. Магадгүй оройтсон байх. Тэгээд ч миний биеийн байдал муу, эмчилгээ хийх бүртээ санаатайгаар улам дордуулдаг болохоор эндээс би амьд гарахгүй байх.

 

Одоо зүгээр л би хав харанхуй алсын алс руу явж байгаагаа л мэдэж байна. Энэ бүхэнтэй би эвлэрсээн.

2014.02.12 Ч.Баттуул