ШШГЕГ-ын харъяа  461-р ангид сэжигтнээр саатуулагдан хоригдож байсан  шүүгч  асан Б амь насаа  алдсан хэрэг нийгэмд айдас түгшүүр, эргэлзээ хардлага төрүүлсээр байна. Талийгаач хоригдож байсан өрөөндөө өөрийгөө боомилсон байдалтай нас барсан.

Энэ хүртэл ШШГЕГ-ын хяналтын ажилтнууд мэдээгүй байсан, амьсгал хурааснаас хойш  хоёр цагийн дараа мэдсэн гэсэн мэдээлэл гарсан.  ШШГЕГ бол Хууль зүй, дотоод хэргийн сайдын эрхлэх асуудалд багтдаг, салбарынх нь нэг нэгж. Хариуцдаг салбарт нь ийм  ноцтой асуудал гарчихаад байхад   Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж яагаад   нэг ч үг дуугарсангүй вэ. Өмнө нь  ЗТХЯ-нд хүн амины хэрэг гарахад салбарын сайдыг огцруулсан. Талийгаач хэдийгээр сэжигтэн ч гэлээ Монгол Улсын иргэн. Лавшруулж ярих юм бол Ц.Нямдорж сайдын бараг  насаараа хариуцаж ирсэн салбарынх нь нэг эд эс, шүүгчээр олон жил ажилласан Монгол Улсын гавьяат хуульч байв.

Ц.Нямдорж сайдын хувьд энд, тэнд асуудал гарахад  бүхнээс түрүүнд   дуугарч байдаг. Өөрт нь хамаагүй сэдэв байсан ч  байр сууриа илэрхийлж байдаг нь гэм биш зан, бараг имиж нь гэхэд болно. Салбартаа хаан, заан шиг авирлаж, алба хаагчдаа үндэслэлтэй, үндэслэлгүйгээр ажлаас нь халж сольж, түүнийгээ том ажил хийж, гавьяа байгуулсан юм шиг зарлаж явдаг нь нууц биш. Тэгвэл энэ удаа яагаад дуугүй байна вэ гэдэг нь өөрөө хариу нэхсэн асуулт болоод байна.

Хэргийн нэхэн сануулахад, АТГ-аас Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцад  нэр бүхий хүмүүст хээл хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул  талийгаачийг  энэ сарын 21-22-нд шилжих шөнө сэжигтнээр баривчилж, 48 цагаар саатуулсан  байдаг.

Ингэхдээ  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн дагуу шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчилсан бөгөөд  шалгах үйл явц хуулийн дагуу явагдсан. Талийгаачийн нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байгаа. Хоригдож байх хугацаанд амь нас, эрүүл мэндийг хамгаалах үүргийг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага хүлээдэг  гэдгийг  АТГ-аас мэдэгдээд байгаа. ШШГЕГ-ын дэд дарга Д.Дамдинцэрэн хэлэхдээ  “Хяналт шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Хяналтын ажилтнууд болон давхрын харуулууд ажилдаа хайхрамжгүй хандсан, сонор сэрэмж алдсан гэх асуудлууд байгааг үгүйсгэхгүй” гэсэн. Тэгэхээр яалт ч үгүй  энд  асуудал байна гэсэн үг. Харин Ц.Нямдорж сайд хэзээ ам нээх бол.

Эх сурвалж: www.polit.mn