Үндсэн хуулийн өөрчлөлтөд нэмэрлэх иргэний санал

1921 онд Ардын хувьсгал ялж, эрх чөлөө тусгаар тогтнолоо олж монгол тумэн эх нутагтаа эзэн болсноор 1924 онд төрийн дээд эрхийг барих Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчид бүгдээрээ тунгаан хэлэлцээд БНМАУ-ын анхдугаар их Үндсэн хуулийг батлан тунхагласан түүхтэй. Үүнээс хойш 1940, 1960, 1992 онд улсынхаа хөгжлийн чиг хандлагатай уялдуулан Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулж, шинэчлэн баталж, тунхаглан даган мөрдөж, биелүүлэн хэрэгжүүлж ирсэн уламжлалтай билээ. Манай улсад 1951 оноос сонгуулийн шинэ систем нэвтэрч төрийн дээд эрхийг барих Ардын их хурлын депутатыг 18 нас хүрсэн нийт иргэн тэгш шууд хэлбэрээр нууцаар сонгодог журмаар 12 удаа сонгууль явуулсан бөгөөд үүний эхний 11 удаагийн сонгууль нь нэг намаас нэр дэвшсэн нэг хүний төлөө саналаа өгдөг байв.

 

1990 онд болсон 12 дахь удаагийн сонгууль нь нам, эвсэл иргэдийн хурлаас нэр дэвшүүлсэн хоёр ба түүнээс дээш хүний төлөө санал өгч олонхын санал авсан хүн депутатаар сонгогдсоноороо Монголын түүхэнд хамгийн ардчилсан сонгууль болсон билээ.

 

Үндсэн хуулийн сүүлчийн буюу ардчилсан шинэ Үндсэн хуулийг бүтэн жилийн дотор бүх ард түмнээр хэлэлцүүлэн гарсан саналыг тусган улсын Бага хурлаар хоёр удаа хэлэлцүүлэн нягтлан боловсруулсны эцэст бүх ард түмнээс шууд сонгогдсон Ардын их хурлын 430 депутат 70 гаруй хоног нягтлан тунгааж, шүүн хэлэлцээд 1992 оны нэгдүгээр сарын 13-нд баталж улс орон даяар дагаж мөрдөөд 27 жил болж байна. Энэ хугацаанд УИХ-ын 76 гишүүн 2000 онд Үндсэн хуульд нэг удаа “гар хүрч” долоон зүйл заалтыг өөрчилсөн нь иргэдийн эсэргүүцэл, Цэцийн хоригтой тулгарч олон нийтээс “дордуулсан долоо” гэсэн дулимагхан үнэлгээ авсан юм. 27 жилийн хугацаанд улс орон хөгжиж, шинэ үйл явдал, ажил хэрэг өрнөж байгаа учраас түүнийг даган зохицуулж шийдвэрлэвэл зохих шинэ нөхцөл байдал, зүй тогтол, шаардлага урган гарч байгаатай холбогдуулан 1992 оны Үндсэн хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага байж болох юм. Гэхдээ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудалд туйлын ул суурьтай, бүтээлч хандах хэрэгтэй. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн 1-д Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний мэдэлд байна гэж заасан. Гэтэл өнөөдөр манайд засгийн бүх эрх намын мэдэлд байна. Намын шахалт шаардлагаар төр, засгийн удирдлага, Засгийн газраа огцруулдаг иргэний төрийн түшээд сонгогдох эрхийг тодорхой хугацаагаар хасдаг буруу жишиг тогтоход хүрээд байдаг боллоо. Үндсэн хуулийн гуравдугаар зүйлийн  2-т төрийн эрх мэдлийг хууль бусаар авах, авахыг завдахыг хориглоно гэжзаасан. Гэтэл МАХН шинэ Үндсэн хуулийн төсөл боловсруулаад ард түмнээр хэлэлцүүлээд гарын үсэг цуглуулаад явж байна.

 

Манай төр, засгийн дээд удирдлага түшээдийн нэлээд нь ажиллаж байгаа дөрвөн жилийнхээ дутууг гүйцээгээд, болж өгвөл дахиад дөрвөн жил ажиллана гэсэн ойрын амиа аргацаасан сэтгэлгээгээр хандаад, улс орныхоо хөгжил дэвшил, ард түмнийхээ элбэг хангалуун амьдрал, өсвөр залуу үеийнхээ ирээдүйн талаар дутуу дулимагхан анхаараад байх шиг санагдах юм. Хуучин тогтолцооны үеийн нэг нь нийтийн төлөө нийтээрээ нийгмийнхээ төлөө гэсэн эх оронч сайхан сэтгэлгээ алга болж хувиа бодсон арчаагүй байдалд автаж монгол хүний тусархаг сайхан уламжлал, хүн чанар, ёс жудаг устаж үгүй болоход хүрээд байна.

 

Үүний гол үндэс нь шунал юм. Шунал гэж юу болохыг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт нийтлэлч, ахмад сэтгүүлч Х.Цэвлээ “Монголын үнэн” сонинд онолын үүднээс маш нарийн тайлбарлаж бичсэн байна. Монгол ардын зүйр цэцэн үгэнд “Шунал ихэдвэл шулам болно” гэсэн мэргэн үг байдаг. Тэгвэл ийм шуналтнууд нь олшроод Монголд төр, засгийн удирдах дээд түвшний дотор орчоод прокурор, шүүх, хууль хяналтынхныг хүртэл хамруулсан аюултай том бүлэглэл бий болоод байгаа юм биш үү. Манайд зах зээлийн нийгмийн эгзэгтэй эмзэг үеийг далимдуулан овжин зальтай шуналтнууд өмч хувьчлалын нэрээр социалист нийгмийн үед бүтээн байгуулсан үйлдвэр, аж ахуйн газрууд, банк санхүү болон бүх ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байх хуультай уул уурхай, газар доорх баялгийг гадаадынхантай эвсэн хуйвалдаж, хулгай, луйврын аргаар хувийн өмч болгон авсан эдийн шуналтнууд үүндээ ханахгүй өндөр дээд албан тушаал, эрх ямбаны төлөө шуналд автаж өөрийгөө тойрон хүрээлэх боломжтой хэсэг бүлэг хүмүүсийг нэгтгэн нам байгуулснаар цөөн хүн амтай Монгол Улсыг 30-40 хэсэгт хуваан үзэл бодлоор нь талцуулж, феодалын бутралын үеийн гашуун түүхийг давтаж Монгол Улсын тусгаар тогтнолд аюул занал учруулж мэдэхээр байгаад дүгнэлт хийж олон намын тогтолцоот Намуудын тухай хуульд зохицуулалт хийх нь зүйтэй санагдана. Ардын хувьсгал ялж, эрх чөлөө, тусгаар тогтнолоо олж, ардын төрт ёс тогтсон 100 шахам жилийн арвин түүх сургамж бидэнд байна. Түүхийн энэхүү хугацаанд манай улсад хаант засаг буюу Ерөнхийлөгчийн засаглал, хурлын буюу парламентын засаглалын хэлбэр аль аль нь байсан юм. 

 

Хаант засгийн үед үзэл бодлын зөрүүтэй хааны зарлиг зөрчсөн хүнийг хааны зарлигаар толгойг нь авдаг байсан Ардын засгийн 1930-аад оны үед Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын хэмжээнд ажиллаж байсан маршал Х.Чойбалсан тэргүүтэй хэдэн хүнд Улсын онц бүрэн эрхт комисс гэдэг онцгой эрх мэдэл олгоод Х.Чойбалсан, Лувсаншарав нарын хоёр гурван хүний тушаалаар мяндаг тушаал эрдэм номтой лам хувраг, ардын төрийн хэрэгт оролцож явсан үзэл бодлын зөрүүтэй шилдэг сэхээтэн, энгийн ард иргэдийг хүртэл буудан хороож аймшигт хэлмэгдэл гаргаж байсан гашуун сургамжийг мартах учиргүй.

 

Дээрх түүхэн сургамжаас үзэхэд Монгол Улсад парламентын засаглал хамгийн тохиромжтой болох нь батлагдаж байна. Шинэ Үндсэн хуулийн дагуу 76 гишүүнтэй төрийн дээд эрх барьж, хууль тогтоох дээд байгууллага УИХ долоон удаагийн сонгуулиар шинэчлэгдэн 27 дахь жилдээ ажиллаж байна. Сүүлийн үед намуудын хоорондын зөрчил тэмцэл, нам доторх талцал хуваагдлаас болж төр, засаглалын хямралд ороод ард түмэн төрд итгэх итгэл үнэмшил нь буурахад хүрч байна.

С.Зоригийн амийг хөнөөсөн онц аюултай гэмт хэрэгт гэмгүй хоёр иргэнд эрүү шүүлт тулган, хүчээр хэрэг хүлээлгэн ялласан байна гэж Хууль зүйн дотоод хэргийн сайд уучлалт гуйсан тохиолдол анх удаа гарлаа. Дээрх шалтгааны улмаас хууль хүчний зарим байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр хугацаанаас нь өмнө чөлөөлж, огцруулах эрх зүйн орчныг бүрдүүлэв. Манай улсад өндөр дээд албан тушаалтны амьдрал, жирийн иргэн албан хаагчийнхаас хэт хол ялгаатай харагдаж байна. Эгэл жирийн албан хаагч сарын 400-500 мянган төгрөгийн цалингаар амьдралаа залгуулж байхад шүүгчид сард 4-5 сая төгрөгийн цалин авч байна. Хот сууринд амьдарч байгаа иргэд орон сууцанд орохын тулд хэд дахин нугалж төлөхөөр банкны хүүтэй зээл авч арай ядан орон сууцанд орж байхад, УИХ-ын зарим гишүүд 5-6 орон сууцтай байх юм. УИХ-ын гишүүдийн хөрөнгө оруулгын мэдүүлгээс харахад олонх нь ил далд ямар нэг уйлдвэр компаниудтай толгой баячуудаас бүрдсэн байдаг.

 

Монгол Улс ардчилал, зах зээлийн нийгэмд шилжиж шинэ Үндсэн хууль үйлчилж хэрэгжсэн 27 жилийн туршлага, ахиц дэвшилт, алдаа оноог эргэцүүлэн бодоход 76 гишүүнтэй төрийн эрх барьж, хууль тогтоох дээд байгууллага УИХ нь парламентын сонгодог хэлбэр арай биш юм шиг байна. Харин ард түмнээс сонгогдсон төлөөлөгч буюу УИХ-ын гишүүдээс бүрдсэн төрийн эрх барих дээд байгууллага УИХ буюу дээд танхим, УИХ-аас сонгогдсон хууль тогтоох байгууллага буюу доод танхимтай байх нь парламентын жинхэнэ сонгодог хэлбэр болж чадмаар байна.  Ийм учраас манай төрийн эрхэм түшээд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шинэчлэх асуудалд улс орон, ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн, туйлын ул суурьтай, бүтээлч хандаж Үндсэн хүулийн 21 дүгээр зүйлийн 1-д УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй байна гэсэн заалтыг УИХ хоёр танхимтай байна. Үүнд байнгын бус ажиллагаатай төрийн эрх барих дээд байгууллага, УИХ байнгын ажиллагаатай хууль тогтсох байгууллага Улсын Бага хурал (УБХ) байна гэсэн өөрчлөлтийг энэ хаврын чуулганаар баталчихаад УИХ-ын Сонгуулийн тухай хуулиа намрын чуулганаар шинэчлэн баталчихвал 2020 оны сонгуулийн дараа төрийн ажил жигдрээд төр засаг хямрал гацаанаас гарах боломж нээгдэнэ гэж үзэж байна. Үүний тулд нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгж, сум, хороог түшиглэн хөдөөд нэг сум, нэг тойрог байхад хүн ам нэг дор олноор төвлөрсөн хот суурин газарт 5-7 мянган сонгогчийг төлөөлсөн нэг төлөөлөгч буюу гишүүн байхаар бодож сонгуулийн тойрог байгуулж болох юм гэж бодном.

 

Нийт ард түмнээс сонгогдсон бүх давхаргыг хамарсан өргөн бүрэлдэхүүнтэй УИХ-тай болсон нөхцөлд Улсын Бага хурал нь дан хуульчдаас бүрдсэн 45-аас хэтрэхгүй гишүүнтэй, чадварлаг аппаратыг УИХ-аас сонгон байгуулна. Энэ нөхцөлд УБХ-ын гишүүд нь сонгогчдын элдэв барьцаанаас салж зөвхөн хуулиа батлах үүрэг хүлээж хуулийн чанар хүртээмж сайжирна.

 

Сахилга хариуцлага алдсан, ёс зүйн зөрчил гаргасан УБХ-ын гишүүдэд УИХ-аас хариуцлага тооцох, чөлөөлөх, огцруулах нөхөн сонгох суудлыг УИХ-д бүрэн нээлттэй учраас УБХ-ын гишүүдийн сахилга хариуцлага дээшилнэ.

 

Хоёрдугаарт: Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог, жил бүр УИХ-д ажлаа тайлагнадаг болгох нь зүйтэй.

Гуравдугаарт: Ерөнхий сайдыг УИХ-аас томилж, яамдын тоог УИХ-аас тогтоож Ерөнхий сайд багаа өөрөө бүрдүүлж, сайд нараа томилдог, жил бүр УИХ-д ажлаа тайлагнадаг байх.

Дөрөвдүгээрт: Ерөнхий прокурор, ерөнхий шүүгч Авлигатай тэмцэх газрын дарга нарыг УИХ-аас томилдог, чөлөөлж огцруулдаг байх нь зүйтэй.

Ард түмний төлөөллөөс өргөн бүрэлдэхүүнтэй УИХ-тай болсон цагт төр, засаг хямрал гацаанаас бүрэн салж Монгол Улсад засгийн бүх эрх, ард түмний мэдэлд байна гэсэн Үндсэн хуулийн заалт жинхэнэ ёсоороо хэрэгжиж чадна. Иймд УИХ нь байнгын бус ажиллагаатай байна. Их хурлын чөлөө цагт УИХ-аас сонгогдсон УИХ-ын дарга, дэд дарга, тэргүүлэгчид, УИХ-ын гүйцэтгэх бүх ажлыг хариуцан тасралтгүй явуулж, Үндсэн хуулийн хяналтыг хариуцаж ажиллах учраас Үндсэн хуулийн Цэц давхар ажиллах шаардлагагүй болно. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч Их хурлын мэдэлд байх болно. УИХ-ын чуулганы хуралдааныг жилд нэгээс хоёр удаа хийж, Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт, шинэчлэлийг батлах, улсын нийгэм, эдийн засгийг хөгжүүлэх үндсэн чиглэл, төрийн мөнгөний бодлого, улсын төсөв төлөвлөгөө түүний биелэлтийн тухай УБХ, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдын ажлын тайланг сонсч жил бүр үнэлэлт, дүгнэлт өгдөг байхаар төсөөлжбайна. Манай өмнөх дөрвөн Үндсэн хуулиуд нь бүх ард түмний дотроос сонгогдсон төлөөлөгч, депутатуудын өргөн бүрэлдэхүүнтэй хэлэлцэж, тэдний олонхын саналаар өөрчлөгдөн шинэчлэгдэж батлагдаж байсан сайхан уламжлалт туршлага сургамж бидэнд байна. Одоогийн УИХ нь Үндсэн хуулийнхаа өөрчлөлт шинэчлэлийг эцэслэн батлахын өмнө

1. УИХ нэг танхимтай 76 гишүүнтэй байна.

2. УИХ дээд, доод хоёр танхимтай байна гэсэн асуултаар бүх нийтийн санал асуулга явуулах, ард нийтийн санал асуулга явуулах боломжгүй гэж үзвэл 1992 оны Үндсэн хууль батлалцсан 430 депутатаас 200 орчим хүн амьд сэрүүн байгаагийн 70 гаруй хувь нь Улаанбаатарт байгаа. Ийм учраас 1992 оны Үндсэн хууль баталсан депутатууд улс төрийн намуудын төлөөлөл, хуульчид, эрдэмтэн мэргэдийг оролцуулсан өргөн бүрэлдэхүүнээр хэлэлцэж Монгол Улсын нөхцөлд тохирсон хамгийн ашигтай зөв хувилбарыг сонгон авч Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт хийх нь зүйтэй болов уу гэж бодож байна.

 

С.ПҮРЭВ /Өвөрхангай аймгийн Гучин-Ус сумын ахмад настан АИХ-ын 240 дүгээр тойргийн депутат асан/