ХУД-ийн нутаг дэвсгэрт энэ сарын 19-20 нд шилжих шөнө дуучин ОХУ-ын Буриад улсын гавьяат жүжигчин, Монгол улсын СТА Б.Амархүү гэрийнхээ гадна зогсоолд өөрийн эзэмшлийн автомашин дотроо хар тамхи мансууруулах төрлийн бодис хэрэглэж байхдаа ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчдад баригдсан. Түүний гэр болон биед үзлэг хийхэд хар тамхи илэрсэн тул хорих 461-р ангид саатуулсан юм. Түүний цагдан хориог сунгах эсэхийг Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өчигдөр хэлэлцээд нэг сар цагдан хорих шийдвэр гаргаад байна. 

Б.Амархүүгийн хар тамхи хэрэглэсэн үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгээд байгаа.  Уг заалтад “Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.

Шүүхээс энэ хэргийг хэрхэн шийдэх талаар бид эргэж мэдээлэх болно.