“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт МАХН-ын дэд дарга Ц.Оюунбаатар, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, АН-ын нарийн бичгийн дарга Д.Оросоо нар Ард нийтийн санал асуулга явуулбал Үндсэн хууль зөрчих үү сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.

МАХН-ын дэд дарга, хуульч Ц.Оюунбаатар: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГА НЭРЭЭР ИРГЭДЭД ШУУД ТУЛГАЖ САНАЛ АВАХ ГЭЖ БАЙНА

-Улс төрийн ихэнх нам болон иргэний нийгмийн байгууллага, ард иргэд МАН-ын 62 гишүүний баталсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг иргэдийн эрх ашгийн төлөө биш өөрсдийн УИХ-д удаан суух, халдашгүй эрхээ баталгаажуулах гэсэн өнгөц төдий  өөрчлөлт үзэж байгаа.


-МАН-аас бусад нам болон Ерөнхийлөгчөөс өгсөн саналуудыг хүлээж авалгүйгээр хэлбэрийн төдий ганц хоёр үсэг засаад 62 гишүүний эрх ашиг давамгайлсан өөрчлөлтийг өргөн барьж байна.


-Энэ нэмэлт, өөрчлөлт бол шүүх эрх мэдлийг гартаа авах, өөрсдийн засгийн эрх барих хугацаагаа уртасгах болон бусад засаглал хуваах зарчмыг зөрчсөн гэж ярьж байна.


-Үндсэн хуулийг цогцоор нь өөрчлөх ёстой. Монголыг эрчимтэй хөгжүүлэх, ард түмнээс нь сонгодог, Ерөнхийлөгчийн үүргийг тодорхой болгох цогц шинэчлэлийг хийх ёстой.


-Хүн амын хамгийн ачаалалтай үеэр санал асуулга нэрээр энэ хуулийг батлах гэж байгааг бид эсэргүүцэж байна.


-Ард нийтийн санал асуулгын тухай хууль болон Үндсэн хуулийг зөрчиж ард нийтийн санал асуулга нэрээр иргэдэд шууд тулгаж санал авах гэж байна.


-Байгалийн баялаг ард түмний өмч боловч төрийн мэдэлд нэрээр 27 жил завшсан. Тэгвэл байгалийн баялаг хүн бүрт хүртээмжтэй байх гэсэн заалтыг өөрчлөлтөд  оруулах ёстой.


-Ганц нам дангаараа төрийн эрх мэдэлд сууж болохгүй.


-Засгийн эрхийг ард түмнээс асуугаад олонх юу гэнэ тийм байх ёстой.


-Шүүх томилсон эрх мэдэлтнүүддээ үйлчилдэг болсон. Үүнээс гарах арга зам бол шүүхийг сонгох юм. Шүүхийг Ерөнхийлөгч, УИХ, ЗГ-аас хараат бус болгох хэрэгтэй.


-УИХ огцрох ёстой. Эх орон, ард иргэддээ шударгаар зүтгэх хүмүүсийг жирийн иргэд хүсч байгаа. Иймээс одоогийн УИХ тарах ёстой.

 

Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд: АРД НИЙТИЙН САНАЛ АСУУЛГААР ГУРВААС ИЛҮҮ ЗҮЙЛ АСУУЖ БОЛОХГҮЙ

-30 тэрбум төгрөгөөр МАН-ын баталсан зургаан хуудас Үндсэн хуулийн өөрчлөлтийг дахин 30 тэрбум төгрөгөөр ард нийтийн санал асуулга авна гэж байгааг эсэргүүцэж байгаа.


-Ерөнхийлөгч Үндсэн хуулийнхаа нэмэлт, өөрчлөлтийг батлаад УИХ-аа тараа гэсэн. Мөн шинэ намуудыг бий болго гэсэн боловч аль нь ч биелээгүй байна. Улс төрийн намууд шинэ гараанаас эхэлж, УИХ гишүүний тоо нэмэгдэж, сонгуулийн хугацаа уртасч, сонгуулийн хоёр системийг хэрэглэх ёстой.


-Үндсэн хуульд зааснаар иргэдээс санал асуулга авах бол гадаад болон дотоод асуудал, бодлогын талаар асууж санал асуулга авна. Харин шийдчихсэн асуудлыг баталгаажуулахад ард нийтээс санал асуулга авч болохгүй.


-Ард нийтийн санал асуулгаар гурваас илүү зүйл асууж болохгүй гэсэн байдаг. Харин энд 40 орчим асуулт байна.


-Ерөнхий сайд нь сайд нараа томилдог мөн УИХ-ыг тараадаг байх ёстой. УИХ гишүүдийн барьцаанд байдаггүй сонгодог парламентыг бий болгох ёстой болохоос би чамайг сонгосон чи надад тендер өгөхгүй бол огцруулна гэдэг зүйл байж болохгүй.


-Ерөнхийлөгч гүйцэтгэх засаглалыг тогтвортой дөрвөн жил барьдаг болгохыг хүсч байгаа. Тэднийг УИХ гишүүдийн барьцаанаас гаргамаар байна.


-Засгийн газрын бүх эрх мэдэл ард иргэдэд байна гэсэн заалт байгаа. Ерөнхийлөгч болон УИХ-ын гишүүнийг ард түмэн сонгодог. Тэгвэл гүйцэтгэх засаглалынхаа тэргүүнийг ард түмэн сонгож яагаад болохгүй гэж.


-Шүүгчийг ард түмний саналаар сонгодог болгоно гэдэг буруу. Харин шүүхийг гүйцэтгэх засаглал нь дундаасаа сонгодог байя.


-Шүүхийг хараат бус байлгая гэвэл ард түмнээсээ мандатаа авсан хоёр засаглал дундаасаа гаргадаг байвал зөвхөн хуульд захирагдсан шүүгч гарна.


-УИХ тарах ёстой. Яагаад гэвэл УИХ-ын 40 гишүүн ЖДҮ зээлд хамааралтай мөн хүчингийн хэрэг, авлига хээл хахуульд холбогдсон учраас тарах ёстой.

 

АН-ын нарийн бичгийн дарга, хуульч Д.Оросоо: ПАРЛАМЕНТ ГЭНЭТ ТАРАХ АСУУДАЛ ЯРЬЖ БАЙГАА НЬ ХАРИУЦЛАГААС ЗУГТАХ, ДАХИН УИХ-Д ГАРАХ ЗОРИЛГОТОЙ

-Энэ удаагийн 62 гишүүний өргөн мэдүүлж буй төсөл нь энэ парламентын хоёр дахь төсөл. Жишээ нь УИХ дэргэдээ төрийн хяналтын дээд байгууллагыг байгуулна, улсын дээд шүүхийг парламентаар хэлэлцэж батлах гэсэн агуулгатай байсан.


-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хууль маш их гажуудаж байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах өөрчлөлт оруулах гэхээсээ илүү ямар үйл явцаар явах вэ гэдэг нь чухал.


-Энэ удаагийн нэмэлт өөрчлөлт нь анхны нэмэлт өөрчлөлтийн төсөлтэй агуулгын хувьд ижил. Ард түмний хүсээд байгаа агуулгууд байхгүй. Хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашгийг хангах зорилготой.


-Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хуулиа дээдлэх. Гэтэл одоогийн парламент энэ үндсэн зарчмыг мөрдөхгүй байна.


-Иргэдийн санал асуулгын хувьд тулгалт.


-Санал асуулга зохион байгуулж болно. Гэхдээ Үндсэн хуульд зааснаар засгийн бүх эрх ард иргэдийн мэдэлд байна гэсэн. Тэгэхээр шийдвэр гаргагч нь ард түмэн.


-Баталсан хуулиа хэрэгжүүлж чадахгүй байгаа юм чинь шүүхийг сонгоод үр дүнд хүрэхгүй.


-Үндсэн хуулиар Улсын дээд шүүх хууль тайлбарлах ёстой гэсэн дүрмийг баримтлахгүй байна. Хууль дээдлэх ёс алга.


-Парламент гэнэт тарах асуудал ярьж байгаа нь хариуцлагаас зугтах, дахин УИХ-д гарах зорилготой.


-Эрх баригчид Үндсэн хуульд дураараа гар хүрч байгаа энэ асуудалд Ерөнхийлөгч хориг тавих ёстой.

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин