ШШГЕГ-ын хурандаа Ариунболдыг үргэлжлүүлэн нэг сар хорихоор боллоо
2020/03/06
АТГ-аас энэ сарын 4-ний өдөр ШШГЕГ-ын Хорихоос Өөр Төрлийн Ял Эдлүүлэх Албаны Дарга, хурандаа Х.Ариунболдыг саатуулсан билээ.
Хурандаа Х.Ариунболдыг хорих ангид хоригдож байгаа сэжигтнүүдээс авлига авч эрүүл мэндийн бичиг гаргаж өгөх, эмнэлэгт хэвтүүлэх хуурамч бичиг баримт бүрдүүлдэг байсан байж болзошгүй гэж үзэж саатуулаад байсан юм.
Нийслэлийн прокурорын газраас Х.Ариунболдыг яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал ирүүлсэнийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хүлээн авч хянаад:
Шүүхээс прокурорын яллагдагчид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай санал нь үндэслэлтэй, дээрх үндэслэл нотлох баримтаар тогтоогдож байна гэж үзжээ.
Яллагдагч Х.Ариунболдод 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.