Гоо үзэсгэлэнгийн тайзнаа өрсөлдсөн монгол охид
5 цагийн өмнө
Дэлхийн хамгийн нэр хүндтэй миссийн дөрвөн тэмцээний гурав нь энэ арваннэгдүгээр сард амжилттай зохион байгуулагдаж, “Miss Earth”, “Miss Universe”, “Miss International” тэмцээний титмийн эзэд тодроод байна. Энэхүү гурван тэмцээнд эх орноо төлөөлөн Монголын гоо бүсгүйчүүд оролцсон билээ. Тэгвэл эдгээр тэмцээний онцлогоос тоймлон хүргэе.
“Miss Universe 2024”-д 18-40 хүртэлх насны гоо бүсгүйчүүд оролцлоо
Мехсик улсын Мехико хотноо 73 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан “Miss Universe” тэмцээн нь “Miss Universe” байгууллагаас жил бүр зохион байгуулдаг олон улсын гоо сайхны тэмцээн юм. “Miss Universe” цолыг анх 1926 онд олон улсын Пульчритуд тэмцээнээр олгодог байв. Олон улсын Пульчритудын тэмцээн нь 1920 оноос эхлэн 1935 он хүртэл жил бүр зохион байгуулагдаж, дэлхийн хоёрдугаар дайны өмнөх хямрал болон бусад шалтгааны улмаас зохион байгуулагдахаа больжээ. Одоогийн “Miss Universe” тэмцээнийг 1952 онд Калифорнид төвтэй хувцасны компани, “Catalina Swimwear” үйлдвэрлэгч Pacific Knitting Mills үүсгэн байгуулсан ба түүнээс хойш АНУ-д төв байртай болжээ. Анх 1952 онд Калифорниа мужийн Лонг Бич хотод “Miss Universe” тэмцээн зохиогдсон ба Финландын Арми Куусела түрүүлж байв. 1952 оны зургаадугаар сарын 28-нд болсон тус тэмцээнд 30 оролцогч өрсөлдөж, 17 настай Финланд бүсгүй анхны титмийн эзэн болжээ. Энэхүү тэмцээнд бүх тивийн гоо бүсгүйчүүд ялалт байгуулж байсан бөгөөд ялагчид сарын зуун мянган ам.долларын цалин, бүтэн жилийн гоо сайхны бүтээгдэхүүн, брэндийн хувцсаар хангахаас гадна Нью-Йорк хотын төвд байрлах пентхауст нэг жилийн хугацаатай амьдрах эрхийг өгдөг ажээ. Мэдээж хэрэг ялагч нь нэг жилийн турш сайн үйлст хүчин зүтгэх үүрэг хүлээдэг.
“Miss Universe” тэмцээнд 18-28 насны дээд боловсролтой, гэрлээгүй гоо бүсгүйчүүд оролцох эрхтэй байсан бол энэ 2024 оноос журамдаа өөрчлөлт оруулсан юм. Тодруулбал, 28-аас дээш насны бүсгүйчүүдийн оролцох эрхийг нээж, хүүхэдтэй болон гэрлэсэн эмэгтэйчүүдийг оролцуулахгүй байх шаардлагаа цуцалсан юм. Энэ жилийн 130 гаруй орны гоо бүсгүйчүүдээс Дани улсын гоо бүсгүй Виктория Кьяр Теилвиг ялагчаар тодорчээ.
Монгол Улс нь тус тэмцээнд 2018 оноос хойш дөрөв дэх удаагаа оролцож байгаа бөгөөд Д.Долгион, Б.Гүнзаяа, Б.Намуунзул нар өмнө нь оролцсон юм. Харин энэ удаагийн “Miss Universe”-д эх орноо төлөөлөн 2023 оны үндэсний ялагч З.Номинзул өрсөлдлөө. З.Номинзул нь Булган аймгийн Могод суманд 2005 онд төржээ. МУИС-ийн Бизнесийн сургуулийн оюутан тэрээр МҮОНТ-ийн “Tune in” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгчөөс гадна “ANDRA Academy”-д харьяалагддаг. “Miss Mongolia 2023” тэмцээний тэргүүн титмийн эзэн болж, 2023 оны “Miss Universe”-д эх орноо төлөөлөн оролцох байсан ч насанд хүрээгүй улмаас оролцож чадаагүй аж. Ийнхүү тэрээр “Miss Universe 2024” тэмцээний тайзнаа монгол нүүдэлчин ахуй соёлоороо онцгойрон ялгарч чадсан юм.
“Miss International”-ийн титэмд 333 цэвэр цагаан сувдыг шигтгэсэн
“Miss International” нь 1960 оноос олон улсын соёлын нийгэмлэгээс зохион байгуулдаг Японд төвтэй олон улсын гоо сайхны тэмцээн юм. Тус тэмцээний анхны ялагчаар Колумбын Стелла Аранета тодорч байсан бол энэ жилийн 62 дахь титмийн эзнээр Вьетнамын гоо бүсгүй Хуан Тхан Тхан тодроод байна. Энэхүү тэмцээн нь эмэгтэйчүүдийн эерэг хандлага, дотоод хүч чадал, бие даасан байдлыг дэлхий нийтэд сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. “Miss International” тэмцээний титэм түүхэндээ дөрвөн удаа шинэчлэгдсэн ба одоогийн титмийг 2022 онд “Long Beach Pearl” компанийг үүсгэн байгуулагч, хатагтай Thị Mỹ Cảnh зохион бүтээжээ. Хаврын наран дор цэцэглэж буй интоорын модноос санаа аван бүтээсэн уг титэмд 333 цэвэр цагаан сувдыг шигтгэжээ. Энэ нь аз, урам зориг, урт наслалтын бэлгэдсэн юм.
Энэхүү тэмцээнд Монгол Улс нь 20 дахь удаагаа үндэсний ялагчаа илгээж байгаа юм. Тэдний дундаас 2004 онд мисс Фотоженик өргөмжлөлийн эзнээр мисс Ч.Содтуяа, 2011 онд “Second Runner-up” титмийн эзнээр И.Төгсөө нар тодорч байв. Энэ жилийн тухайд 78 орны гоо бүсгүй оролцож, “Miss Mongolia” тэмцээний тэргүүн мисс Б.Сувд-Эрдэнэ эх орноо төлөөлж оролцоод, шилдэг 20 миссийн нэгээр шалгарсан юм. Мисс Б.Сувд-Эрдэнэ нь 21 настай, АШУҮИС-ийн шүдний эмчийн ангийн оюутан юм. Тэрээр волейбол тоглохоос гадна ардын дуу дуулдаг авьяаслаг нэгэн.
“Miss Earth” нь байгаль орчныг хамгаалах чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулдаг
Экологийн тэнцвэрт байдлыг хадгалах, байгаль орчныг хамгаалах чиглэлээр түлхүү үйл ажиллагаа явуулдгаараа онцлогтой энэхүү гоо бүсгүйн тэмцээн нь 2001 оноос эхлэлтэй юм. “Miss Earth” тэмцээний оролцогчдод гэрлээгүй, төрөөгүй, 18-28 насны байх шаардлагыг тавьдаг ажээ. Шүүлтийн өмнөх шатанд оролцогчдыг оюун ухаан, байгаль орчны асуудал, бодлогын талаарх мэдлэгээр нь үнэлдэг бөгөөд энэ нь нийт онооны 30 хувийг эзэлдэг байна. Үлдсэн хувийн 35-ыг гоо үзэсгэлэн, мэдлэг, 20-ийг дүр төрх, 10-ыг төлөв байдал, тавыг нь хандлага эзлэх юм.
2008 оны арваннэгдүгээр сарын 4-нд “Miss Earth” сангаас жил бүр мэргэжлийн болон мэргэжлийн бус загвар зохион бүтээгчдийг байгальд ээлтэй загвар зохион бүтээх арга хэмжээ болгон зохион байгуулдаг “Miss Earth Eco-Fashion Design” тэмцээнийг эхлүүлжээ. Хувцасны загвар нь дахин боловсруулах боломжтой , байгалийн материал , органик материалаар хийгдэх бөгөөд өдөр тутмын амьдралд эсвэл загварын тайзнаа өмсөхөд тохиромжтой байна.
Энэ жилийн “Miss Earth” тэмцээн 2024 оны арваннэгдүгээр сарын 9 -нд Филиппиний Паранак хотод зохион байгуулагдсан ба Австралийн Жессика Лэйн түрүүлсэн юм.
Монгол Улсын тухайд энэхүү тэмцээнд 2010 оноос албан ёсоор оролцож байна. Үүнээс өмнө 2005 онд мисс А.Сарнай эх оноо төлөөлөн анх удаа оролцож, шилдэг 20 оролцогчийн нэгээр шалгарч байв. 2012 онд мисс Т.Батцэцэг усны хувцастай үзүүлбэрт гуравдугаар байр, 2013 онд мисс Б.Баярцацрал спорт миссийн төрөлд дэд байр эзлэхийн зэрэгцээ шилдэг тавд шалгарсан юм. 2014 онд мисс И.Төгсөө эцсийн шатны найман гоо бүсгүйн нэгээр тодорч байв.
Харин энэ жилийн “Miss Earth” тэмцээнд дэлхийн 80 гаруй орны бүсгүйчүүдтэй өрсөлдөхөөр эх орноо төлөөлөн мисс П.Цэлмэг оролцсон юм. Мисс П.Цэлмэг нь шүдний эмч мэргэжилтэй, аяллын хөтөч тайлбарлагч, сагсан бөмбөгийн спортын нэгдүгээр зэрэгтэй, “Hobby dance” бүжгийн хамтлагийн ахлагч “ANDRA Academy”-н бүжгийн багш ажээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин