УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан шинэ УИХ Анхдугаар чуулганаа хийж байна. Энэ удаагийн УИХ хэд хэдэн онцлогтой. Шинэ УИХ-д МАН-62, АН-11, Зөв хүн электорат эвсэл нэг, Та бидний эвсэл нэг, Бие даагч нэг суудал бүрдүүлж байна. Ингэснээр УИХ хоёр бүлэгтэй байна.

Шинэ парламентын  76 гишүүний 32 нь цоо шинэ, 38 нь өмнөх парламентаас улиран орж ирсэн, зургаа нь өмнө нь УИХ-д сонгогдож байсан гишүүд байна. Мөн тэдний дунд өмнөх Засгийн Газруудын дөрвөн Ерөнхий Сайд байгааг онцлох нь зүйтэй. Бүхэлд нь харвал шинэ санаа, туршлага хоёроос энэ удаагийн УИХ бүрдэж байна.

Түүнчлэн 2020-2024 онд засаглах шинэ парламентын хамгийн том онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарын хоршил гэж улс төр судлаачид үзэж байгаа. Тухайлбал шинэ Парламентын Анхдугаар чуулганыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хурдан хугацаанд товлон хуралдуулж, СЕХ-ны үр дүнгээр гишүүдийг батламжилж байна. Ингэснээр өмнөх УИХ, Засгийн Газрын олонхийг бүрдүүлж байсан МАН буюу У.Хүрэлсүхийн баг хурдан хугацаанд ажлаа үргэлжүүлэх боломж нь бүрдэж байна. Өөрөөр хэлбэл төрийн өндөрлөгүүд нам харгалзахгүйгээр хоршиж, төрийн эрх барих дээд байгууллагын ажлыг хурдан хугацаанд эхлүүлж байна гэж харж байгаа юм.

Шинэ УИХ-ын өмнө олон сорилтууд тулгарч байгаа. Улсын эдийн засагт цар тахлаас үүссэн хүндрэл тулгарч эхлээд байгаа. Цаашлаад 2,9 тэрбум ам.долларын өр төлөх ажил ч бий. Тийм ч учраас төрийн өндөрлөгүүд нам гэхээс илүү хоршиж ажиллах нь ард иргэдэд илүү давуу талтай юм.

Энэ удаагийн ээлжит сонгуульд оролцож, ялагдал хүлээсэн нэр бүхий нам, эвсэл, бие даагчид СЕХ-ны үр дүнтэй санал нийлэхгүй байгаагаа мэдэгдэж, Монгол Улсын Ерөнхийлөгчид хандсан. Гэсэн хэдий ч СЕХ уг асуудлаар шуурхай ажиллаж, автомат машин болон гар тооллогын саналын тулгаж, шударга явагдсаныг зарласны үр дүнд шинэ парламентын үйл ажиллагаа ийнхүү хурдан хугацаанд эхлэж байна.

Цаашид Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон У.Хүрэлсүх нарын хоршил хэрхэн үргэлжлэхийг харах л үлдэж байна.