Т.АМАРАА

УИХ шинэ оны өмнөхөн Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог байхаар хуульчилсан. Дээрх хуулийн энэ өөрчлөлтөд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хэсэгчлэн хориг тавиад байна. Ерөнхийлөгчийн хоригийг УИХ дахь АН-ын бүлэг дэмжиж байгаа бол МАН-ын бүлэг хүлээж авах боломжгүй гэдгээ мэдэгдсэн. Ерөнхийлөгчийн хориг хийгээд Авлигын эсрэг хуульд орсон дээрх өөрчлөлтийн талаар хуульч, судлаачдын байр суурийг сонслоо.

 

Р.ОЧИРБАЛ: АТГ-ЫН ДАРГЫГ ЕРӨНХИЙ САЙД САНАЛ БОЛГОХ НЬ УГ БАЙГУУЛЛАГЫН ХАРААТ БУС БАЙДЛЫГ СУЛРУУЛНА

/Отгонтэнгэр их сургуулийн багш, хуульч/

АТГ-ын даргыг хэн, хэрхэн томилох чөлөөлөх эсэх асуудал уг байгууллагын хараат бус, бие даасан байдалтай шууд холбоотой. Хэдийгээр АТГ-ын удирдлага аливаа байгууллагаас хараат бус байх шаардлагатай хэдий ч парламент, ерөнхийлөгч, эсвэл Засгийн газар зэрэг улс төрийн аль нэг байгууллагаас томилох нь зайлшгүй. АТГ-ын удирдлагыг улс төрийн аль нэг байгууллагаас хэт хамааралтай байх боломжийг хязгаарлах зорилгоор түүнийг төрийн аль нэг институт санал болгож нөгөө нь томилох хувилбар улс орнуудад зонхилон хэрэглэгдэж байна. Энэ зохицуулалтын загварчлалыг манай улс хэрэглэдэг. Авлигын эсрэг хуульд АТГ-ын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгч санал болгож, УИХ томилохоор заасан байсныг өөрчилж Ерөнхий сайдын санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж томилохоор заасан. 

АТГ-ын даргыг томилгооны сонсгол хийж томилохоор заасан хуулийн өөрчлөлтийг дэмжиж байгаа.Харин АТГ-ын даргыг Ерөнхий сайд УИХ-д санал болгох зохицуулалт нь уг байгууллагын хараат бус байдлыг улам сулруулах эрсдэлтэй хэмээн харж байна. Учир нь, УИХ-д олонхийн суудал авсан нам, эвслээс Ерөнхий сайдыг томилдог бөгөөд бодлого, шийдвэрийн хувьд эдгээр институтүүд нэгдмэл байдаг нь улс төрийн төлөвшил, практикаас нэлээд тодорхой ажиглагддаг. Иймээс АТГ-ын даргыг улс төрийн нэгдмэл сонирхолтой нэг байгуулагаас нөгөө байгууллагадаа томилуулахаар санал болгох нь уг байгууллагын хараат бус байдлын чадамжийг сулруулна. Харин Ерөнхийлөгч сонгуулийн үр дүнгээр сонгогддог тул УИХ-тай нэгдмэл сонирхолтой байх магадлал харьцангуй бага байдаг. Нөгөөтэйгүүр Засгийн газар, түүний харьяа байгууллага авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдох хамгийн өндөр эрсдэлтэй хүрээнд хамаардаг тул АТГ-ын даргын томилгоонд Засгийн газрын оролцоог хязгаарлах хэрэгтэй хэмээн үзэх нь бий. 

Иймээс АТГ-ын даргын томилгооны загварыг тогтоохдоо төрийн эрх мэдлийн байгууллагын зохист тэнцлийг хангаж, улс төрийн байгууллагууд хоорондын хяналтын тогтолцоо, түүний давуу болон сул талыг харгалзан үзэх шаардлагатай.

 

О.МӨНХСАЙХАН: ҮНДСЭН ХУУЛЬТАЙ ЗӨРЧИЛДӨЖ БАЙГАА ОДООГИЙН ЗААЛТЫГ ЗАСАХ НЬ САЙН ХЭРЭГ

/МУИС-ийн Хууль зүйн сургуулийн профессор, доктор/

АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ томилгооны сонсгол хийж зургаан жилийн хугацаагаар томилдог болж буй нь шинэчлэл бөгөөд Үндсэн хуульд бүрнээ нийцнэ. АТГ-ын даргыг Засгийн газрын тэргүүн санал болгох нь Үндсэн хуулийн 38.2.7-д "Гэмт хэрэгтэй тэмцэх арга хэмжээ авч хэрэгжүүлэх" гэсэн Засгийн газрын бүрэн эрхэд нийцнэ. “Авлигатай тэмцэнэ” гэж амлалт авсан УИХ-ын олонхын амласан бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх ажлыг өөрийн томилсон Ерөнхий сайдад хариуцуулдаг. Ерөнхий сайд гэмт хэрэгтэй тэмцэх ажлаа хийх боломжтой болсноор хариуцлагаа хүлээнэ. АТГ-ын удирдлагыг томилоход Ерөнхий сайд ямар ч оролцоогүй байсан нь одоогийн гажуудлын үндэс.Ерөнхий сайд АТГ-ын даргыг зүгээр нэг томилох бус, УИХ-д санал болгож, УИХ нээлттэй сонсгол хийж томилж буй нь хүлээн зөвшөөрөгдөх хүнийг гаргаж ил тод байдлыг хангана.

АТГ-ын даргын албыг хаших мэргэшил, ёс зүйгүй хүн сонсголд орвол шараа болно шүү дээ. УИХ дээр бүх булхай нь ил болж унана. Үндсэн хуулийн 33.4 дэх зүйлд Ерөнхийлөгчид Үндсэн хуулиар олгоогүй бүрэн эрхийг хуулиар нэмж өгөхийг 2019 онд оруулсан нэмэлт өөрчлөлтөөр хориглосон. Иймд АТГ-ын дарга, дэд даргыг Ерөнхийлөгч нэр дэвшүүлэх одоогийн хуулийн заалт Үндсэн хуультай зөрчилдөж байгааг засаж буй нь сайн хэрэг.

 

Б.ГҮНБИЛЭГ: АТГ-ЫН ДАРГЫГ НЭЭЛТТЭЙ СОНСГОЛ ХИЙЖ ТОДРУУЛЖ БОЛНО

/Хуульч, доктор/

АТГ-ын даргыг нээлттэй сонсгол хийж, нэр дэвшигчийг тодруулдаг байж болох юм. УИХ-ын Тамгын газар эсвэл Хууль зүйн байнгын хорооноос ч юм уу нээлттэй сонсголыг зохион байгуулж, нэр дэвшигчийг тодруулаад УИХ-аар хэлэлцүүлж, томилдог байх боломжтой. Хүний эрхийн үндэсний комиссын гишүүдийг томилохдоо нээлттэй сонгон шалгаруулалт зарлаад түүнийг нь УИХ-аар хэлэлцэж, баталсан. Энэ бол Монголын түүхэнд өмнө нь байгаагүй. Ийм маягаар нээлттэй шалгаруулалт зарлаад АТГ-ын дарга хийж чадах, тэнцэх нэг хүнийг УИХ-аар хэлэлцүүлээд томилж болно шүү дээ. Гэхдээ АТГ-ын даргын албан тушаалд нийцэх тодорхой шалгуурыг хуульдаа тусгаж өгөх ёстой.Нөгөөтэйгүүр Ерөнхий сайд АТГ-ын даргыг Ерөнхий сайд томилдог байх нь буруу байхгүй. Яагаад гэхээр Ерөнхий сайд чинь мөнхийн биш. Ерөнхий сайд ажлаа өгнө. 

Дараагийн Ерөнхий сайд томилогдоод ажиллахад АТГ-ын дарга зургаан жилээр томилогддог учраас ажлаа хийж л байна. Ерөнхий сайд ямар зургаан жилээр томилогдох биш. Ер нь хуулийг зөв л хэрэглэж чадвал аль ч хувилбар нь 100 хувь үнэн зөв байна гэж байхгүй. Хүмүүс одоогийн улс төртэй нийцүүлж тайлбарлаж, оноо авах гээд байгаагаас зөв хүнээ олоод томилбол Ерөнхий сайд нь, Ерөнхийлөгч нь ч томилсон ч бай хамаагүй. Нэг тал руу нь туйлширах хэрэггүй юм. Харамсалтай нь өнгөрсөн хугацаанд АТГ-аар улс төр хийж ирсэн.

 

Б.МЭРГЭН: ӨНГӨРСӨН БОРООНЫ ХОЙНООС ЦУВ НӨМӨРНӨ ГЭДЭГ БОЛЖ БАЙНА

/Хуульч, өмгөөлөгч/

Хууль хэрэгжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газрын чиг үүргийн ажил. Засгийн газар чиг үүргээ гүйцэтгэхийн тулд АТГ-ын даргыг санал болгож байгаа асуудал юм. Авлига онцгой асуудал ч гэсэн гэмт хэрэгтэй тэмцэх нь Засгийн газар, хууль зүйн агентлагийн харьяаны асуудал шүү дээ. Тэр утгаараа Ерөнхий сайд АТГ-ын даргыг томилуулахаар санал болгож байгаа нь зөв байх. Хэдийгээр Ерөнхий сайд АТГ-ын даргыг санал болгож байгаа ч УИХ хяналт тавьдаг байгууллагын хувьд тухайн хүнийг нь дэмжих үү, үгүй юу гэдэг тусдаа асуудал.Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу Ерөнхийлөгч Үндсэн хуульд заасан чиг үүргээс бусад чиг үүргийг хориглосон. 

Үндсэн хуульд зааснаар гэмт хэргээс сэргийлэх, тэмцэх нь Засгийн газрын үүрэг юм. Дээрх өөрчлөлтийг Үндсэн хуульд оруулахад Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавих боломж байсан. Гэвч Ерөнхийлөгч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг баталгаажуулаад гарын үсэг зурж, хүлээн зөвшөөрсөн. Харин одоо Үндсэн хуулийн өөрчлөлтийн дагуу АТГ-ын даргыг Ерөнхийлөгч томилох нь буруу учраас томилох эрхийг өөр субъектэд өгөх нь зүйтэй. Тиймээс хуулийн өөрчлөлтийг оруулах нь зөв. Гэтэл Ерөнхийлөгч энэ асуудал дээр хориг тавих нь ойлгомжгүй байна. Улс төрийн нөхцөл байдлаас хамаарч хориг тавьж байгаа ч юм шиг. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрнө” гэдэг болж байна

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН - npost.mn