Нийгмийн сүлжээнд өсвөр насны охид зодолдож байгаа бичлэг цацагдсан. Энэ талаар тодруулбал Өвөрхангай аймагт энэ оны 5 дугаар сарын 20-ны өдөр иргэн “О”-оос “Манай ач охиныг хүүхдүүд нийлж зодсон байна” гэх гомдол, мэдээллийг цагдаагийн байгууллага хүлээн авч шалгажээ. Ингэхэд 12 настай А, Х нар нь 2021.05.19-ний өдөр уг зөрчлийг үйлджээ.

Тухайн хүүхдүүдийн гаргасан зөрчлийг сумын хамтарсан баг, хүүхдийн эрхийн хууль зүйн хороонд мэдээлж эцэг эх, асран хамгаалагч нарт нь хүлээлгэн өгч, дахин зөрчил гаргуулахгүй байх талаар баталгаа гаргуулан ажилласан байна.

Түүнчлэн Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 “Сонин хэвлэл, телевиз, радио, цахим сүлжээ ашиглаж, хүүхдийн хувийн нууцад халдаж дуу, дуу-дүрсний, дүрсний бичвэр, гэрэл зураг тараасан, эсхүл гэмт хэрэг, зөрчил үйлдсэн гэж мэдээлсэн, олны өмнө гутаасан ажилтан, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээдэд хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг үндэслэн дээрх хүүхдүүдийн хамгаалуулах эрхийг зөрчсөн гэж үзэж, Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн Хүүхдийн эрхийг зөрчих хэсгийн 6.20.3.2-д “өөрийнх нь болон эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн зөвшөөрөлгүйгээр гэрэл зураг, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэгийг мэдээлэл, сурталчилгаанд ашигласан” гэж заасан байдгийг иргэд, олон нийт байгууллагуудад анхааруулж байна.