Улсын Их Хурлын дарга З.Энхболдын урилгаар ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенко  өчигдөр Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга Валентина Ивановна Матвиенког “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд газардахад УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн О.Содбилэг, УИХ-ын гишүүн Д.Арвин, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар нар болон албаны бусад хүмүүс  угтан авлаа.

ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболдтой хэлэлцээ хийж, санамж бичигт гарын үсэг зурахын зэрэгцээ Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхах юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Монгол Улсын Их Хурлын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд нар хатагтай В.И.Матвиенкод бараалхана.

 ОХУ-ын Холбооны Хурлын Холбооны Зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко тэргүүтэй төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Холбооны Зөвлөлийн орлогч дарга, Монгол Улсын Их Хуралтай харилцах бүлгийн дарга Умаханов Ильяс Магомед-Саламович, Холбооны Зөвлөлийн Гадаад хэргийн хорооны нэгдүгээр орлогч дарга Джабаров Владимир Михайлович нарын  Холбооны Зөвлөлийн 10 гишүүн, албаны бусад хүмүүс багтсан байна.

Валентина Ивановна Матвиенко 1949 онд Украинд төрсөн. 1972 онд Ленинградын Хими, эм зүйн дээд сургууль, 1985 онд ЗХУ-ын Коммунист намын Төв Хорооны дэргэдэх Нийгмийн ухааны Академи, 1991 онд ОХУ-ын ГХЯ-ны дэргэдэх Дипломат академийн Удирдах албан тушаалтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг тус тус төгсжээ.

 Тэрбээр ажил хөдөлмөрийнхөө гарааг Залуучуудын байгууллагын ажилтнаас эхэлж, Ленинград хотын Петроград дүүргийн Комсомолын хорооны хэлтсийн даргаас хотын Комсомолын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга хүртэлх залуучуудын байгууллагын бүх шатны удирдах албан тушаалд ажиллаж байжээ. Улмаар намын ажилд шилжин 1984-1986 онуудад Ленинград хотын Красногвардейск дүүргийн Намын хорооны Нэгдүгээр нарийн бичгийн дарга, 1986-1989 онд Ленинград хотын Гүйцэтгэх захиргааны орлогч даргаар ажилласан байна.

 Тэрбээр 1998-2003 онд ОХУ-ын Засгийн газрын тэргүүний орлогчоор томилогдож, нийгмийн асуудлыг хариуцан ажиллажээ. Улмаар 2003 оны 3 дугаар сарын 19-нд ОХУ-ын Баруун-хойд холбооны тойрогт Ерөнхийлөгчийн Бүрэн эрхт төлөөлөгчөөр, 2003 оны 10 дугаар сард Санкт-Петербург хотын Захирагчаар сонгогдсон бөгөөд 2006 онд уг албан тушаалд хоёр дахь удаагаа тохоон томилогдож ажиллажээ.

В.И.Матвиенко 2011 оны 8 дугаар сард ОХУ-ын Холбооны Зөвлөлийн гишүүнээр, мөн оны 9 дүгээр сард Холбооны Зөвлөлийн даргаар сонгогдон ажиллаж байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.