Тагнуул нь хүн төрөлхтний ухаан суусан үеэс л үүсч хөгжсөн нэн эртний Шинжлэх ухаан, Онол юм. Тэгэхээр Тагнуулын тухайд тэр Шинжлэх ухааных нь загвараар, Онолынх нь хэлээр олон нийтэд ойлголт өгөх ёстой. Эхлээд, Тагнуул гэж чухам юу юм бэ гэдэг талаар ойлголт өгье.

Тагнуул нь зорилго чиглэлийн хувьд Цэргийн, Улстөрийн, Эдийн засгийн, Аж үйлдвэрийн, Шинжлэх ухааны, Техникийн, Технологийн гэхчилэн дагнана. Цэргийнх нь дотроо Хилийн, Байлдааны үеийн гэх мэт; Улстөрийнх нь Шашны гэх хувилбартай; Эдийн засгийнх нь Санхүүгийн, Гаалийн, Татварын гэх мэт мэргэшинэ; Аж үйлдвэр, Шинжлэх ухаан, Техник, Технологийн тагнуулууд нь ХIХ зууны дэлхийн Аж үйлдвэр, Шинжлэх ухааны, ХХ зууны Техник, Технологийн хувьсгалуудтай холбоотой цэцэглэн хөгжсөн юм. Эдүгэ Аж үйлдвэр, Шинжлэх ухаан, Техник, Технологийн тагнуулууд дотор Сансар, Холбоо, Кибер тагнуулууд; Аж үйлдвэрийнх дотор Цэргийн аж үйлдвэрийн тагнуул; Техник, Технологийнх дотор Цэргийн Техник, Технологийн тагнуул онцгой байр суурь эзлэж байна;

Техникжсэн аж үйлдвэрийн орнуудад орчин үед Шинжлэх ухааны тагнуул дотор Байгалийн тагнуул онцгой ач холбогдолтой болов. Байгалийн тагнуул нь ХIХ зуунаас Аж үйлдвэрийн хувьсгалыг дагалдан түүхий эд-баялагийн болон хямд ажиллах хүчний нөөц дэлхийн хаана байгааг хайх, хаагуур төмөр зам тавьж, далайн замтай холбож болохыг судлах зорилгоор Геологийн, Биологийн гэсэн хоёр чиглэлээр түлхүү хөгжжээ. Энд зориуд дурьдахад, Өрнөдийн Байгалийн тагнуулын сэтгэлгээ нь байгалийг захиран боолчлох зорилгоос үүдэлтэй, харин Монголын Байгалийн тагнуул бол Байгалийн жам хуулийг танин мэдэж, түүнд зохицон оршин тогтнох зорилготой. Ерөөс Монголын тагнуулын сэтгэлгээ нь Байгалийн тагнуулаас үүсэлтэй юм. Энэ бол Монголын Үндэсний тагнуулын онол, шинжлэх ухааны маш том цогц асуудал учир энд хүрээд орхие.

Удаад нь, олон нийтэд ойлгуулах ёстой асуудлыг хэлье: Тагнуулыг ерөнхийд нь Стратегийн тагнуул, Тактикийн тагнуул гэж хуваадаг. Өөрөөр хэлбэл, энэ олон мэргэжлийн Тагнуул тус бүртээ стратеги, тактикийн зорилго чиглэлтэй хэрэгждэг гэсэн үг юм. Энэ бүхнийг нуршихын учир гэвэл, Н.Хаянхирваа стратегийн тагнуулч уу, тактикийн тагнуулч уу гэдгийг тодорхойлж, ингэснээр тухайн цагийн Монголын тагнуул тэр үеийнхээ дэлхийн Тагнуулын шинжлэх ухаан, онолын түвшинд ажиллаж байж уу, үгүй юу гэдгийг тодруулах боломж олж байгаа юм. За тэгэхээр, Н.Хаянхирваа Монголын Шашин-төрийн стратегийн тагнуулч гэдгийг шууд хэлье. Эндээс Монгол улс Стратегийн тагнуултай байжээ гэдэг нь ойлгогдоно.

***

Монголын тагнуулд Н.Хаянхирвааг Европод удаан хугацаагаар гаргах стратегийн ямар зорилго байгаа вэ? Монголын Хан тайж ноёд, Богд хутагт хувилгаад нар Орос орныг донсолгосон самуун (хувьсгал) гарах нь зайлшгүйг урьдчилан мэдсэн учир түүнийг <<угтан харж тосон үйлдэх>> бодлого, үйл ажиллагаа явуулжээ. Яагаад ийм бодлого, үйл ажиллагаа явуулсан бэ гэвэл, ХVII зууны эцэст Орос, Манж хоёроос Манжийг нь сонгож дагасан бол ХIХ зууны эцэст Орос, Хятад хоёроос Оросыг нь түшихээс өөр сонголт байгаагүйд оршино. Иймээс бүхий л Тактикийн тагнуулын судалгаа, үйл ажиллагаа нь эл сонголтод захирагдаж байлаа. Жишээ нь;

VIII Богд хаан Оросын коммунист хувьсгалын байдал төлөв, <<Зөвлөлт улсын шинж чанарын тухай өргөн мэдлэгтэй>> хүн байлаа. 1920 оны эхээр Хүрээн дэх <<Хувьсгалт ДУМ>>-ийн дарга Шейнин <<нөхөрсгөөр ярилцъя>> гэсэн Богд хааны урилгыг хүлээн авч, Хятадаас Зөвлөлт Орос руу буцаж явсан Буртманы бүлгийн хамт түүнд бараалхжээ. Хэлмэрчээр дамжуулан 45 минут ярилцсаныхаа дүнд тэд дээрх дүгнэлтийг хийсэн юм. Тэгэхэд Богд хаан тэдэнд <> хүндэтгэлээ илэрхийлсэн ажээ.

Энэ нь Оросын коммунистуудад зориуд тал засаж, Ардын намын төлөөллийг удахгүй явуулна гэдгээ далдуур мэдэгдсэн хэрэг байв. Учир нь, тэр: <<Манай улсын мандах хэрэгт энэхүү ардуудад Улаан Орос тус болмой>> хэмээгээд өөрөө тусламж гуйх бичгийн эхийг нөхөр Жамъянаар зохиолгон: <<Одоо умард дахь Улаан Орост одож, улсын хэргийг бүтээх цаг болжээ>> хэмээн зарлиг буулган, уул бичигт мутрын тамгыг дарж өгсөн ажээ.

Богд хаан ийнхүү <<Зөвлөлт засаг>>-тай их л итгэлтэй харилцсан нь түүнийг хангалттай эртнээс судлан тандаж асны шинж тэмдэг юм. Монголын Тагнуулын сүлжээнд Халимаг дахь В.И.Лениний авга ах ламтай тогтоосон холбоо орж байсан төдийгүй В.И.Ленинийг Сибирьт цөллөгт байхад Монголын тагнуулч Цагаач Хөвсгөлийн Соёны уулсыг даван очиж уулзсан гэх хууч мэдээ буй. Энэ бүхний үндсэн зорилго нь ойр хожмын цагт В.И.Ленинийг Оросын Засгийн эрхэнд гарахуйд монголчуудын <<Бүх Монгол улс>> байгуулах төрийн стратеги бодлого, төлөвлөгөөг түүгээр дэмжүүлэхэд оршиж асан буй. Хүний өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн сэтгэлзүйг мэдэх, нөлөөлөх эрдэм увидас чухамхүү Н.Хаянхирваагийн эзэмшсэн <<Чойрын ном>>-д байдаг ажгуу.

Эдгээр ажиллагаа нь Н.Хаянхирвааг Европод гаргахын урьдач нөхцөлүүд байжээ. <<Октябрийн хувьсгал>>-ын дараа В.И.Ленин 1918 онд Польш, Финляндын тусгаар тогтносон хөрөнгөтний улс болохыг зөвшөөрсөнийг үзэхүл, хэрэв монголчуудын аз гийж тэрээр 1924-1925 он хүртэл амьдарсан бол <<Бүх Монгол улс>>-аа байгуулахыг дэмжих байсан буй за хэмээн эрхгүй сэтгэгдэнэ.

***

Тэр цагт Европод удаан хугацаагаар суулгахаар хүн гаргах нь нэлээд хүндрэлтэй байсан. Иймээс Оросоор дамжин Европод нэвтрэх, эсвэл Түвд-Энэтхэгээр дамжин Европ руу орох, гарах зам гарцыг судлах зорилготой лам-тагнуулчийг тэнүүлч бадарчны дүрээр илгээж байсан болуужин. Тухайлбал, Хүрээний лам Д.Чагдаржав Орос, Польш, Итали, Франц, Энэтхэгээр дамжин яваад иржээ. Д.Чагдаржав түвд хэл, бичигт сайн атлаа монгол бичиг үсгээ мэддэггүй нэгэн байв. Тэгэхээр тэр түвд хүний дүрээр явсан буйза. Монголын Тагнуулын албад Оросоор дамжин Европ руу гарах замыг сонгожээ.

Н.Хаянхирваа ядуу зүдүүгийн улмаас нэлээд хэмжээний зээлийн өрд орж, энд тэнд ажил хийж, хөлсний мөнгө бэдрэгчийн дүрээр 1909 онд хил давж Оросын Буриадаар дамжин Халимагт очиж, Шашины сургуульд 3 жил суралцаад 1912 онд түр ирж байгаад буцаж явсан. Энэ хугацаанд Богд хаан, Ханддорж Чин ван хоёр илэрхий зохицож тохируулсан. 1913 оны эхээр Сайн ноён ханыг Орост айлчлахад Богд тэр хоёрын хооронд холбоог Ханд ван барьж байсан. Богд хаан: -<<Гадаадын орнуудаар хүн явуулж болох эсэхийг асууж мэд! Цэриндоржийг гадаадад явах хүмүсийн асуудлыг зохицуулахаар эмч, орчуулагчийн хамт үлдээж, Элчин сайдын тамгыг түүнд шилжүүл!>> гэх мэт зарлиг даалгавар өгч байсан. Гэвч оросууд бүтэмжгүй болгох арга саам хийжээ.

Сайн ноён ханы өмнө 1912 оны эхээр Орост айлчлахдаа <<Ханддорж сайд өөрөө Европын орнуудаар явах төлөлөвлөгөөтэй одсон>> боловч Хаант Оросын явуулгаар мөн л бүтээгүй юм. Ийнхүү ил шугамаар Европ руу гарах эрэл хайгуул мухардсан учир Хаянхирвааг ямар нэг аргаар Европ руу гарах даалгавартай буцаасан нь магад. Орост хувьсгал гарсан үед Хаянхирвааг Европоос оруулж ирэх тооцоо байсан болуужин! Үүнээс үзэхүл, Монголын удирдагчид Стратегийн тагнуулыг сайн хийж байжээ.

***

Н.Хаянхирвааг Европоос Орост оруулж ирэх тооцооны стратегийн зорилго юу байгаа вэ? Энд дахиад л Монголын Стратегийн тагнуулын алсын хараа ойлгогдоно. Орост <<самуун хувьсгал>> нэгэнт гарч тогтсон тохиолдолд түүний чиг хандлагад нөлөөлөхүйц тагнуулчийг Монголоос оруулна гэж байхгүй, харин түүнийг дэмжих <<хувьсгалч>>-дыг л явуулж болно гэдгийг Монголын тайж ноёд, Богд нар яг таг мэдэж байсан гэхэд үнэнээс хол зөрөхгүй ээ.

Оросын коммунистууд Октябрийн хувьсгалаар Засгийн эрхийг авсан даруйдаа л <<Дэлхийн хувьсгал>>-ыг түргэтгэхийн тулд Дэлхийд нөлөө бүхий 3 шашины <<олон түмнийг дагуулах>> сэтгэлзүйн аргыг судлах үүргийг Бүх Оросын Онцгой Комисс(БООК)-т өгчээ. Монголын Шашины стратегийн тагнуулчид чухам үүнийг л цаг хугацааны чамгүй алсаас мэдэрсэн байна шүү дээ.

БООК-ын тагнуулчид Буддын шашины <<олон түмнийг дагуулах>> сэтгэлзүйн аргыг судлах үүргийг шанбал судлаач Александр Барченкод хариуцуулж, Онцгой Комиссын Тусгай Хэлтсийн харъяанд <<Нэгдсэн хөдөлмөрийн ахан дүүс>>-ийн багийг байгуулжээ. Чухамхүү энэ А.Барченкогийн <<Нэгдсэн хөдөлмөрийн ахан дүүс>> нь Н.Хаянхирваагийн <<Азийн агуу их ахан дүүс>>-ийн нөлөөллийн субъект болжээ. 1925 он гэхэд <<Нэгдсэн хөдөлмөрийн ахан дүүс>>-ийн цуст хүчирхийллээс татгалзагч <<Нэгдсэн хөдөлмөр>>-ийн салбар бүлгүүд Кремль, Коминтерний хүрээний коммунистуудын дунд бий болсноор барахгүй БООК-ын Тусгай хэлтэс бүрэлдүүнээрээ аллага, хүчирхийллээс татгалзах болжээ.

Чухам энэ үед Улаан Оросын <<Дэлхийн хувьсгал>>-чдын хүчирхийллийн гүн ухаан Буддын шашины нигүүлсэхүйн гүн ухаанд удахгүй бүрэн ялагдахаа ухаарсан учир бүрэн ялагдлаасаа өрсөн 1934 онд БООК-ын <<Буддын шашин судалгаа>>-г үгүй хийж, судлаач нэртэй нөлөөлөгчдийг устгахаар шийджээ. Ийнхүү Н.Хаянхирваагийн <<Азийн агуу их ахан дүүс>>, А.Барченкогийн <<Нэгдсэн хөдөлмөрийн ахан дүүс>>-ийг устгах ажиллагаа Орос, Монголд нэгэн зэрэг 1934 онд эхлэж, цаашдаа Зөвлөлтийн нөлөөн дор орсон нутаг дэвсгэр дэхи Буддын шашинтнуудыг хавтгайруулан устгах ажиллагаа болон өрнөжээ. Энэ нь И.В.Сталины үндэстний бодлого <<тухайн улс түмний үндэс угсаа, соёл урлагийн онцлогийг санаатай устгах этноцид бодлого, биет ажиллагаа>> болж даамжирсантай цаг хугацааны хувьд давхцсан нь тохиолдол биш юм. Монгол үндэстэн, угсаатанд тохиолдсон энэ гай гамшгийн эхлэл Монголын <<Ардын хувьгалч>>-дын дунд Элбэгдорж Ринчино орж ирсэнээр тавигджээ.

***

Э.Ринчино Богдыг устгах гэсэн төлөвлөгөөгөө бүр 1919 онд Панмонголын Засгийн газар гэгчийг байгуулж байх үедээ илэрхий цухалзуулж байсан бөгөөд 1921 оны хавар Хиагтад МАН-ын Анхдугаар хурлаар намын нэрэнд <<хувьгалт>> гэсэн үг нэмэж, мөрийн хөтөлбөрт энэ санаагаа оруулах гэж улайран зүтгэсэн боловч Цэвээн Жамсрано аядуулсан түүхтэй. Ардын нам, Ардын түр Засгийн газар Хүрээнд шилжихээр одоход Э.Ринчино тэндээ үлдсэнд <<Ардын хувьгал>>-чид хууртсан бололтой.

Оросын Коммунистуудын төлөвлөгөө Э.Ринчиногийнхоос шинж чанарын хувьд арай өөр байв. Тухайлбал, В.И.Ленин хүнлэг чанарын үүднээс <<Оросын Хааны гэр бүлийг амьд үлдээх хэрэгтэй>> хэмээн үзэж, <>-тай адил Монголын VIII Богд хааныг шууд устгах төлөвлөгөө тэдэнд байгаагүй юм. Ийм <<хүнлэг чанар>>-ыг баримтлагчид аяндаа хувьсгалт аллага, хүчирхийллээс татгалзах болсон учир тэднийг <<Ленинч>> буюу <<Баруун>> коммунистууд гэж нэрлэх болж, харин хувьсгалт аллага, хүчирхийлэлдээ үнэнч үлдэгсэд нь <<Сталинч>> буюу <<Зүүн>> коммунистууд гэж нэрлэгдсэн байна. <<Зүүн>> коммунистууд 1920 оны үеэс БОКН-ын дотор хүч түрж ирсэн юм. Тэдний цөмийг Зүүн эсерчүүд бүрдүүлж байв.

<<Зүүн>> коммунистуудын хүч түрэлт Монголд хэрхэн орж ирсэн бэ? И.В.Сталин, түүний тойрон хүрээлэгчид Монголын <<Ардын хувьсгал>>-д үнэн санаагаар туслан оролцож байсан зарим коммунистуудаа 1921 оны 8-р сараас гэнэт гэдрэг татаж эхэлсэн байна. Тухайлбал, 1920 онд Монголд ирж, <<Ардын хувьсгалчид>>-тай ажиллаж дадлага олсон Коминтерний төлөөлөгч Сергей Степанович Борисовыг 1921.8.06-нд Эрхүү рүү яаруу бачим дуудсаныг <<зөвлөлтийн зааварлагч, зөвлөгч>> нар ойлгохгүй, зарим нь мэдээ ч үгүй өнгөрөв. С.Борисов яаруу сандруу <<Богд хааны ордонд бараалхаж салах ёс гүйцэтгэсэн>>-д ордны шадар түшмэл <<урт цэнхэр хадаг барьж, сайны ёрөөл тавиад>> явуулжээ.

Мөн 1921 оны 8-р сард Хиагт дахь ЗОУ-ын Ерөнхий консул Отто Иванович Макстеникийг Эрхүү рүү шууд татан авчээ. Энэ тухай Хиагт дахь Ардын Засгийн түшмэл Н.Билэгсайханаас жанжин Д.Сүхбаатарт бичсэн захидалд: -<<Орос түшмэл Макстеникийг Эрхүүгийн газраас шууд халж орыг томилсонд: -“Монгол улсад туслахаар энд хагас жил гаруй сууж, одоо Монголын төр тогтож, шашин мандаж буйг үзэж сонсон тэсгэлгүй баярласаар атал гэнэт хойш дуудсан нь эрхбиш нэгэн учир буй за. Аль газраар ямар хов орсоныг олж мэдэхгүй... Эрхбиш тусгай захидал нэвтэлгэн алсын тусламж үзүүлэх”-ийг гуйсан>> гэжээ.

Нэмэж хэлэхэд, О.Макстеник чухамхүү Д.Сүхбаатараас <<аль газраар хов орсоныг олох>>-ыг гуйсан нь сонин юм. Магадгүй, тэр Э.Ринчиног гэж таамагласан ч байж болох юм. Гэтэл яг тэр үеэр Д.Сүхбаатарын тухайд мөн яг тийм <<хов>> ЗОУ-ын Гадаад хэргийн Ардын Комиссар Г.В.Чечериний нэр дээр <<орсон>> байв. Түүнд Д.Сүхбаатарыг <<Цагаантнаас олзолсон>> буу зэвсгээс <<нэгэн пулеметыг Богд хаанд бэлэглэсэн>> учир <<үзэл бодолд нь засвар хийх>> ёстой хүн гэсэн байжээ.

С.Борисов, О.Макстеник нарын үг, үйлдлээс харахул тэдэнд Богд хаан, шашин төрийн эсрэг хувьсгалт террор үйлдэх зорилго л лав байсангүй. Энэ хоёр орос коммунист төдийгүй Д.Сүхбаатарын тухайд <<хов оруулсан>> эзнийг 1921 оны 6-р сард Коминтерний төлөөлөгч нэрээр МАН-ын зөвлөх, Ардын Засгийн газрын зөвлөх, Бүх Цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч тушаалтайгаар гэр бүлийн хамт Монголд орж ирсэн зүүн эсер Элбэгдорж Ринчино дээр буулгах ганц л нөхцөлтэй. Баримт ч үүнийг нотолдог.

Тухайлбал, Э.Ринчино Коминтернд Бодоогийн тухай элдэв хов бичиж асан байдаг. Тэгэхээр, С.Борисов, О.Макстеник нарын тухайд тодорхой болж байна. Тэд хувьсгалт терророо шууд Богд хаан дээр хэрэгжүүлэхэд нь түүнд саад болж хойш татсан хүмүүс юм. Манай <<Ардын хувьсгал>>-чид ч Богд хааныг устгах гэсэн Э.Ринчиногийн төлөвлөгөөт ажиллагааг ил, далд аргаар эсэргүүцэж байсан нь магад. Учир нь, Монгол Ардын намын анхны мөрийн хөтөлбөр нь <<Богд хаант улсыг дахин босгож, Бурханы шашиныг ариунаар мандуулах>> зорилготой байсанд оршино.

***

-Ийнхүү Монгол дахь Зүүн эсер, <<Зүүн>> коммунистуудын төлөөлөл Ардын нам, засгийг Богд хаанаас холдуулахын тулд түрүүлж тэднийг замаасаа зайлуулах хэрэг ундарчээ. Үүний тулд тэр Д.Бодоо, Д.Сүхбаатар, С.Данзан гурвыг Тагнан боловсруулсан нь мэргэжлийн хүнд ойлгомжтой асуудал. Д.Бодоог Тагнан боловсруулсан гэж үзэхүйц баримт үлдсэн бол С.Данзанг Тагнан боловсруулсан хавтаст хэрэг нь байжээ.

Д.Сүхбаатарын хувьд Ерөнхий сайд Д.Бодоог тагнан боловсруулах далбаан дор түүний танхимын Цэргийн сайдыг давхар боловсруулсан ((дашрамд хэлэхэд, хожим яг энэ аргаараа Ж.Лхүмбийн хэргийг боловсруулахдаа Ерөнхий сайд А.Амарыг давхар тагнан боловсруулсан)) ов мэх нь одоо ч хэрэг гэгчийн бүрдвэрээс мэдрэгддэг. Харин тэднийг зөрчилдүүлэх тухайд бол Улаан оросуудын Цагаан оросуудаасаа дуртайяа өвлөн авсан, <<Сибирийн улс түмний удирдагчдыг сайхан амлалтаар хууран мэхлэж эрхшээлдээ оруулаад, хуурмаглалыг нь ухааран ойлгож эсэргүүцмэгц хооронд нь зөрчилдүүлж, нэгийг нь нөгөөгөөр устгуулсан>> дундад зууны аргаа Богд хаант улсын ноёдууд дээр шар, хараар нь, ар, өврөөр нь сөргөлдүүлэн хэрэглэсэн туршлага нь <<Ардын хувьсгал>>-чид дээр дахин хэрэглэхэд бэлэн байлаа.

Иймд, тэр үеэс үлдсэн бичиг баримтууд Д.Бодоо, Д.Сүхбаатар, С.Данзан гурвын хооронд эвлэршгүй тэмцэл өрнөсөн мэт сэтгэгдлийг эдүгэ төрүүлдэг нь чухам ийм зорилготой хожмынхонд үлдээсэн <<зохиол>> ч байж болно. Улаан Оросын тагнуулчид эл <<зохиол>>-оо <<амжилт>>-тай туурвиж дуусгахын тулд монголчуудад сэхээ зав өгөлгүй дэгс хэрэг зохиомжлох, үүний тулд Богд хааны болон Ардын хувьсгалчдын гаргаж байсан сэтгэлгээний болон арга барилын жижиг алдаанууд дээр тоглох тактик барьсан байна. Ийм алдаанууд тэдэнд цөөнгүй бөгөөд улаан оросуудад өөрсдийгөө барьж өгөөд байсан монголчуудын үндсэн алдаа нь ноёд, ардгүй Богд хааны амьд оршихуйг Монголын тусгаар оршихуйтай адилтган үзэж, түүний төлөө хятадаас л биш бол хэнээс ч хамаагүй тусламж авахад бэлэн байсан үзэл сурталгүй сэтгэлгээ нь юм.

***

Хожим Э.Ринчиногийн бичиж үлдээснээр, Ардын хувьсгалчдыг тусламж гуйхаар Оросын нутаг Эрхүүд нууцаар очсон хойно ч <<Энэ нөхөд чухам хэний төлөөнөө зүтгэж яваа>>, <<Тусламжийг аваад ямар засаг байгуулах>>-ыг нухацтай судлаж мэдэхийн тулд <<большевикууд Монголын төлөөлөгчидтэй удтал зууралдан хянаж тагнаж байсан>> ажээ. Дээр нь, тэднийг Эрхүүд очсоноос эхлэн Э.Ринчино өөрөө орчуулагчаар нь ажилласан учир алдаа, оноог нэгбүрчлэн мэдэж байсан тул тэдгээр дээр <<эх оронч>>-ийн дүрээр тоглолт хийхэд хялбар байжээ. Бас дээр нь, Э.Ринчино иймэрхүү хольж хутгах, турхирах, өдөөн хатгах юмандаа ихээхэн авъяаслаг нэгэн байсныг дурдах хэрэгтэй.

Ийнхүү 1921 оны зун Ардын Засгийн газар Хиагтаас Хүрээнд шилжин ирээд, Богд хаанд айлтгаж, Эвслийн Засгийн газар байгуулахдаа <<Шинэ, Хуучин засаг хамтран Цагаантантай тэмцэх>>-ээр тохиролцсоныг Э.Ринчиног урдаа барьсан <<зүүн>> коммунист оросууд <<Ардын төр>>-ийг Хаант төртэй зөрчилдүүлэх гол шалтгаа болгожээ. Ардын засагтай нийлж <<Цагаантантай тэмцэх>> гэсэн нь Богд хааны арга барилын алдаа байв. Уг нь, Богд хаан зарлигаараа Цэргийн яамны дэд сайдаар томилоод байсан Улиастайн сайд Чүлтэм бэйсийг зэрлэгээр тамлан алсан Вандановыг устгасан шигээ нутгийн ардыг алж талж, ноёдыг дээрэмдсэн Цагаантны цэргийн түшмэдтэй тэмцэх санаа агуулсан боловч Барон Унгерний цэрэгтэй хүч хавсран Хүрээг Гамингаас чөлөөлж, Богд хааныг Гамингийн хорионоос авч гарсан ар, өвөр монгол, түвд цэргийн ноёдыг <<Барон Унгерний цэрэгтэй нийлсэн>> хэргээр баривчилж устгах замаар олон нийтийн дунд Богдын нэр хүндийг унагах, улмаар <<Барон Унгерний Цагаан намын цэргийг урьж дуудсан>> гэм ялд Хаантныг өөрийг нь холбогдуулах зорилго агуулжээ.

***

Улаан Оросын тагнуулчид Хүрээнд орж ирсэн даруйдаа л <<Зоригтбаатар>> хэмээх Цахарын Тогтох тайж, Цэвээн тэргүүн хэмээх Хошой Чин ван Лувсанцэвээн, Саж лам хэмээх түвд лам Жамъянданзан нарыг баривчлан хорьж, <<Барон Унгерний цэрэгтэй нийлсэн>> хэрэгт буруутган яллах ажиллагаа зохиов. Улаан оросууд бүр Хиагтад ахудаа л Богд хаан <<Цагаан цэргийг даллан нөхөрлөсөн>>, ноёд нь <<Барон Унгерний цэрэгтэй нийлсэн>> учир Богд хааныг дахин ширээнд залах хэрэгт ЗОУ-аас дан <<зэвсгийн тусламж үзүүлэх>> гэсэн эхний амлалтаасаа татгалзах шалтгаан болгоод <<Улаан цэргийг Монголд оруулах>> асуудлыг босгож ирсэн юм.

Ардын хувьсгалчид нөгөө л Богдын төлөө яахаас ч буцахгүй сэтгэлгээнээсээ болж тактикийн алдаа гаргав. Баримт нь: 1921.3.15-ны өдрийн Монгол Ардын Намын Төв Хороо, намын Бүх цэргийн хэргийг Ерөнхийлөн захирах газрын хамтарсан хурлын бичигт: <<Оросын Цагаан намын цэргүүд Барон Унгерн тэргүүлэн, Монголын олон ардын учир мэдэхгүй бүрхэг харанхуйгаар иш татаж, “Монголыг Хятадын харгис мэдлээс ангижруулмуй” хэмээх их үгийг хэлж, Цэвээн тэргүүн, Тогтох тайж, Дугар мээрин зэрэг буруу зөвийг мэдэхгүй, урьд хойдыг хянахгүй хэдхэн хөгшин хүмүс лүгэ сүлбээлхийлэн, цөмрөн орж ирээд, Засгийн эрх мэдлийг хүчээр эзэрхэн авсан... учир хэрхэвч монгол үндэстний их хэргийг удирдаж үл чадмуй>> гэжээ.

Нэгэнт Цагаантны эсрэг цэрэг оруулахаас өөр аргагүй болсон байдалд С.Данзан Улаан цэргийг <<хөлслөн аваад>> Монголыг чөлөөлсөний дараа <<буцааж гаргах>> талаар хэлэлцэн тохирох саналыг Монгол Ардын Намын Бүх цэргийн хэргийг Ерөнхийлөн захирах газарт монгол нэрээр хэдийнэ орж ирсэн орос зөвлөгч сургагч нарт тавьж хөөцөлдсөний дүнд 1921 оны 6-р сарын сүүлчээр <<Торгууд цэргийн корпус>>-ыг Монголд оруулахтай холбогдуулан <<Улаан туг>>-ийн одонт V Армийн командлалаас <<Монголыг Бароны талхигдлаас чөлөөлөхдөө манайд ашигтай дэг журам, төрийн байгууллыг тулгахгүй>> гэсэн тушаал гаргуулж чадсан байна. Гэвч Улаан цэрэг орж ирээд энэ амлалтаа шууд зөрчиж, чухамхүү өөрт ашигтай дэг журам, төрийн байгууллыг тулгаж эхэлсэн билээ.

Улаан Оросын энэ амлалт бол хууран мэхлэлт гэдгийг анхнаасаа тааварлаж, Улааны тагнуулчид Хүрээнд орж ирмэгцээ аллага, хядлага үйлдэх нөхцлөө бүрдүүлж буйг гадарлан эсэргүүцсэн хүн бол Д.Бодоо байлаа. Тэрээр 1921.5.28-нд МАН-ын Төв Хороо, Түр Засгийн газрын хамтарсан хуралд илтгэхдээ: <<Манай монголчууд угаас эрдэмгүй бүдүүлэг хоцрогдсоны харгаагаар тэдний муу хулгай нарыг дуурайн явсан болох нь нүд үзтэл илэрхий хэрэг тул тэрбүр алах бусниулах зэргээр шийтгэхэд үнэхээрийн бэрхшээлтэй>> гэжээ. Улаан Оросын тагнуулчид Э.Ринчиногоор дамжуулан энэ бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлүүлэхээр чухамхүү Д.Бодоогийн Засгийн газарт тулгажээ.

***

Хэрэг явдал урьдчилан бодсончлон өрнөсөн учир Ерөнхий сайд Д.Бодоо тухайн үед Монголд үйлчилж байсан хууль-эрхийн хүрээнд Э.Ринчино нарын ажиллагааг эсэргүүцсэн арга хэмжээ авч байсны баримтыг дурдвал, Шүүх Яамны сайд Магсаржаваас Богд хаанд бичсэнээр <<Хөнгөнөөр аваачихад уг хэргийн учир гадаадаас тусалсан төлөөний түшмэл нарын санаанд үл нийцэх зэрэг харштай зүйл үлэмж бүхий>> гэжээ. Учир иймд Монгол улсын Шүүхээс <<Тогтох тайжийг цаазаар авч, Цэвээн тэргүүнийг хэргэм зэргийг эвдэж, 3 жил ‘үйлтгэх’ ялаар шийтгэх>>-ээр шийдвэрлэхэд хүрсэн хэдий ч Тогтох тайжийн амь насыг хамгаалан үлдэж чадсан бөгөөд Тогтох 1922 онд уушигны өвчнөөр нас барсан билээ. Хэргийг ийнхүү шийдсэнээрээ Ерөнхий сайд Д.Бодоо Улаан Оросоос суулгасан өөрийн зөвлөх Э.Ринчинотой хэрэлдэхэд хүрчээ. Хэрүүлийн гол бай нь үнэндээ <<хэрэгтнүүд>> биш харин Богд хаан байв.

Э.Ринчино тэргүүтэн Улаан Оросын тагнуулчдыг Богдод хүрэх уяагаа богиносгох төдий хэргүүд зохиож байгаад нэг мэдэхэд нь Д.Бодоо тэргүүтэй Ардын Засгийн газрынхан 4-5-хан сарын дотор <<Хэмжээт цаазат Богд хаант Монгол улс>>-ын Үндсэн хуулийг боловсруулаад Улсын Түр цагийн Хурлаар батлуулахад бэлэн болжээ. Хэрэв чингэхэд хүрвэл Элбэгдорж Ринчино тэргүүтний Богд хаантныг устгах төлөвлөгөө учир утгаа алдах байлаа. Ийнхүү Бодоогийн хэрэг гэгчийг зохиоход Ринчино нар ханцуй шамлан оржээ. Улсын Түр цагийн Хурлын дарга бэйс Дүгэржавыг энэ хэрэгт хутгасан нь ч санамсаргүй ажил биш юм.

Түрүүчийн хэргүүдээс Богд хааны хүсэлтээр Бодоогийн амьд авч үлдсэн Лувсанцэвээн, Саж лам нарыг Бодоогийн өөрийнх нь хэрэг гэгчид холбогдуулан цаазалсан билээ. Дээр дурдсан Дугар мээринг тэр үед Зүүн хязгаарын сайдын тушаалаас байлгаад орхисон бол 1934 онд <<Лхүмбийн хэрэг>>-ийн <<Дорнодын бүлэг>> гэдэгт холбогдуулан цаазалжээ.

***

Д.Бодоог буудсанаар эхлэж С.Данзанг буудсанаар дуусч буй <<хэрэг>>-үүдийг бид нийтэд нь <<Бүгд Найрамдах Улс>>-ын хэрэг гэж нэрлэдэг. Энэ хоёрын хооронд <<бие барсан>> Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар, Цэргийн яамны сайд бөгөөд Бүх Цэргийн жанжин Д.Сүхбаатар, Богд хаан Жавзандамба гурвын тухайд өмнөхи түүхэнд <<Д.Сүхбаатар нь Жавзандамбадаа хорлогдсон>> гэж нэг л итгэл муутай сурталддаг асныг эс тооцвол зүгээр л ямар ч шалтгаангүй үхчихсэн мэт бичдэг байсан. Д.Бодоо, С.Данзан хоёртойгоо <<Бүгд Найрамдах Улс>> гэгчийн дотор нэг гинжин холбоонд байсан хүмүс тэгэж ч зүгээр үхчихэж таарахгүй л дээ.

Тэдний өөрийгөө буруутан болгосон нийтлэг <<алдаа>> нь Улаан Оросын дураараа авирлагч сургагч зааварлагчидтай, түүний дотор Э.Ринчинотой ширүүн тэмцсэн явдал юм. Монголчууд энэ тэмцэлдээ ялагдаад байсан нь оросуудын хэлэх дуртай бүдүүлэгтээ биш харин улаан оросуудаас илүү хуулийн соёлтойдоо байсан билээ. <<Бүдүүлэг>> Монголын удирдагчид тэр цагт Монголд хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу Э.Ринчино тэргүүтнүүдэд шийтгэл, хариуцлага хүлээлгэхийг эрмэлзсэн бол тэд өөрсдөө л мэддэг <<хувьсгалын хууль>> гэгчээр монголчуудыг ил, далд буудаж, хорлож байсан юм. Монголын эхний хоёр Ерөнхий сайд Э.Ринчино нартай хэрхэн тэмцсэнийг дор дурдая:

-Д.Бодоог Ерөнхий сайдын хувиар Монгол улсын тусгаар тогтнолыг ЗОУ-аас гадна бусад улсуудаар хүлээн зөвшөөрүүлж дипломат харилцаа тогтоохыг эрмэлзэж, Англи, Америктай худалдаа арилжааг бадруулан хоёр этгээдийн ашиг тусыг хөгжүүлэхээр хүссэн дагуу Бээжин дэхи Английн ЭСЯ-ны төлөөлөгч, Хаалган дахь Америкийн консул нар Нийслэл Хүрээнд ирж, тэдний Худалдааны төлөөлөгчийн газар нээгдэхэд бэлэн болж, худалдаа арилжааны ажил нэгэнт эхэлчихсэн үйл явдлыг гэмт хэрэг болгон мушгин гуйвуулсан билээ. Үүнд;

Бодоогоос 1921 оны 9 сард Алс Дорнодын БНУ-ын Цэргийн хэсэг этгээд бүлэглэн Сан бэйсийн хошууны нутагт цөмрөн орж, хил хязгаарыг хамгаалах манай улсын цэргийг <>-ыг тушаасан төдийгүй Монголтой тохиролцон байгуулсан <<Монголын харилцан туслалцах хоршоо>> гэдэг Америкийн пүүсээс Сан бэйсийн хүрээнд явуулсан бараа таваарыг дээрэмдсэн хэргийг буруушаан АДБНУ-ын Гадаад хэргийн Яаманд нот илгээж, <<Гадаад Монгол улсын алдар нэрийг бузарласан>> энэ явдлыг таслан зогсоож, <<булааж авсан зүйлийг эргүүлэн өгөх>>-ийг шаардсан нь ЗОУ-аас хөндийрөн салж Америкаас тусламж авч <<Ардын Засгийг устгах>> гэсэн хэрэгт түүнийг унагах гол шалтаг болсон аж.

Дээр нь, <<Э.Ринчино Сангийн яамнаас 1 удаа цэргийн хэрэгцээнд олзны турж үхэх шахсан үхэр ирүүлснийг хүлээн авсан учир Бодоо ханган нийлүүлэх хэлтсийн сургагчийг зэмлэсэн>>-д өширхөн, <<Нам засаг ба Орос улсыг хооронд нь эвдрэлцүүлэн, Монголыг Зөвлөлтийн бодит тусламж, ёс суртахууны дэмжлэгээс хагацаах гэсэн оролдлого гаргав>> хэмээн сүржигнэж, Коминтернд бичгээр ховлосон явдал ч хэрэг гэгчид нөлөөлжээ.

***

-Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазар Монголын Шүүхийн өмнө Элбэгдорж Ринчиног авч ирэхэд 1 алхамд дөхүүлсэн хүн юм. Цэргийн яамны сайд бөгөөд Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар Богдын хүсэлт, Жалханз хутагт, Хатанбаатар нарын дэмжлэгтэйгээр Бүх цэргийн Зөвлөлийн тэргүүлэгч Э.Ринчиногоос үл эмээн <<Монголд дээрэм тонуул хийж буй Орос Улаан цэргийг улсын хилээс гаргах>>, Монгол улсын хил хязгаарыг хамгаалах <<нэг түмэн цэргийг дайчлах>> зоригтой шийдвэр гаргах шалтгаантай байжээ.

Тэр үедээ дарж үлдээсэн баримтуудыг шүүвэл, Коминтерний төлөөлөгч Элбэгдорж Ринчино өөрөө <<Зөвшөөрөлгүй хил даван ирж, нууцаар алт малтаж байгаад баригдсан гуулин иргэдийн хэрэг>>-т Мари гэх солонгос эхнэрийнхээ хамт нэр холбогджээ. Учир юун гэвэл, Ринчиногийн эхнэр Мари тэдгээр гуулин иргэдийг шүүхээс өмнө даалтаар суллуулах гэж хөөцөлдсөн байна. Харин Монголын Засгийн газар тэднийг Шүүхээр шүүж хорих ял эдлүүлээд, Монгол нутгаас хөөн гаргахаар төлөвлөжээ.

Хэрвээ эл хэргийг Шүүхээр оруулах юм бол <<Элбэгдорж Ринчиногийн эхнэр Мари>> гэсэн нэр Шүүхийн шийдвэрт яалт ч үгүй дурдагдаж, олон нийтэд задрах гээд байжээ. Нөгөөтээгүүр, Монголын Засгийн газар энэ шийдвэрийнхээ далимаар <<Элбэгдоржийг эртхэн шиг хөөгөөд гаргачих>> бодлоо шургуулсан ч биз. Ийм аюулын өмнө ирсэн Ринчинод Ерөнхий сайд, Цэргийн яамны сайд хоёрт <<хувьсгалын хууль>>-ийг өөрийн гараар хэрэглэж, өөрийгөө авч гарах ганц зам үлдсэн нь өнөөдрийн түвшнээс харсан ч тодорхой юм даа.

Ерөнхий сайд Жалханз хутагтыг <<зүгээр л тохиолдлоор хүрэлцэн ирээгүй>> гэсэн шалтгаанаар Д.Сүхбаатарын оршуулгад оролцуулсангүй. Бодвоос, гэрийн хорионд хийсэн байлтай. Оронд нь Ерөнхий сайдын орлогч Цэриндорж ирж, гашуудлын үг хэлж, салах ёс гүйцэтгэжээ. Д.Сүхбаатарын хүү Галсан гуай нас барахынхаа өмнөхөн сонинуудад өгсөн ярилцлагуудынхаа нэгэнд өөрийн аав <<Д.Сүхбаатар болон Ерөнхий сайд Жалханз хутагт Дамдинбазарыг Элбэгдорж Ринчино өөрийн гараар хор өгч алсан>> гэж шууд хэлсэн байдаг. Тэр үеийн баримтуудыг сайтар шүүж, харьцуулж үзсэн хүнд бол С.Галсан гуайн хэлсэнд бас итгэхгүй байхын аргагүй юм билээ.

***

<<Бүгд Найрамдах Улс>>-ын хэргийн сүүлчийн зангилааг тайлсан Солийн Данзан Ринчино Элбэгдоржийг ганц сайн илчилсэн бөгөөд өөрөө түүнд ашиглагдаж явсанаа ч нуусангүй. <<Элбэгдорж намайг зайдалж байсан байна. Түүнийг Монголын төлөө явсан Эх оронч үзэлтэй хүн юм гэж би урьд нь хууртаж явжээ. Элбэгдорж бол хууран мэхлэгч, Элбэгдорж бол Оросоос суулгасан төрийн хутгуур, Элбэгдорж бол хувьсгалын эсэргүү, эзэрхэг харгис дарангйлагч этгээд юм. Тэр өнөөдөр намайг алаад маргааш чамайг ална>> гэсэн энэ үгс өмнө нь Элбэгдоржийн гарт үрэгдсэн бүх хүнд хамаатай. Орлогчийнхоо энэ үгсийн үнэнийг шалган тогтоох үүргийг Ерөнхий сайд Цэриндорж гуай өөрт хүлээжээ.

Ийнхүү ДХГ-ын үйл ажиллагаанд гарч үргэлжлэн гүнзгийрч буй хууль завхруулах явдлыг таслан зогсоохын тулд Ерөнхий сайд Б.Цэрэндорж шийдвэртэй арга хэмжээ авч, 1925.6.22-нд Засгийн газрын хуралдаанаас <<ДХГ-ын шийтгэсэн хэргийн байдал төлвийг үзвэл төдийлөн сайнаар явуулсангүй ба Засгийн газар, Намын Төв Хорооноо гадаад, дотоодын элдэв мэдээ, илтгэлийг удтал эс ирүүлсэн. Албан хаагчдын нь дотор үл зохилдох этгээд буй. Мөн ч хэрэг явдал өсөн цалгардах зүйл үлэмж болсон>> тул;

-К.Баторуныг Ерөнхий даргын тушаалаас халж, оронд нь Ардын Цэргийн комиссар Н.Насанбатыг томилох,

-тус газрын үйл ажиллагаанд улстөрийн хяналт тавих үүрэг бүхий Комиссарын орон тоо бий болгон Намын сургуулийн захирал Н.Хаянхирвааг томилох,

-УБХ-ын дарга А.Амараар удирдуулсан <<ДХГ-ын албан хаагчид, ажлын байдлыг Шалган байцаах комисс>> байгуулах шийдвэр гаргажээ.

Комисс ДХГ-ын гүйцэтгэх ажил дээр Э.Ринчиногийн удирдлагын үед гарсан олон тооны алдаа завхралыг шалгаж, хүмүсийг мэдээлэгчээрээ гүтгүүлж хэрэгт унагадаг хууль бус арга барилыг илрүүлэн арилгах арга хэмжээ авчээ. Тухайлбал;

-Агент “Тампуу” гэгч <<Ли овогт, Тан овогт 2 хятадыг Монголын дотоод байдлыг Хятадад нууцаар нэвтрүүлж, цэрэг урин ирүүлэх гэж байна>> хэмээн гүтгэж, хятад Во Ко Лин гэгчээр дээрхи утгатай захидал удаа дараа бичүүлэн ДХГ-т авчирч өгсөн;

-Агент “Цамц” <<Хан Хэнтий уулын аймгийн Дархан бэйл Сэрээтэр нарын хүмүс Эх орноосоо урван тэрсэлж, Ардын Засгийн эсрэг хуйвалдаж байна>> хэмээн гүтгэсэн хэргүүдийг илрүүлж, “Тампуу”-г Шүүх яаманд шилжүүлж 10 жил хорих ялаар шийтгүүлжээ.

-Агент “Мандал”, “Гутал” нар <<Бигэр номун хан Ванчигсүрэн, цахар Насантогтох, лам Дашзэвэг, Цэнд-Очир, Банзрагч нар хуйвалдан “Ардын Засгийг устгаж, эзэрхэг засгийг босгох”-оор шийдвэрлэж, Бээжинд очиж тусламж гуйх гэж байна. Уравсан Найданжав вантай холбоотой гэдэг>> гэж гүтгэн хилстүүлсэн хэргийг илрүүлж засах арга хэмжээ авсан байна. (Жич: агентуудын нууц нэрийг өөрчилсөн болно)

Өөрийнх нь энэ мэт бузар булай явдлыг уудлан илчлэж, Хамгаалахын ажил дээр гаргасан алдаа завхралыг засаж байгаа явдалд хорссон Э.Ринчино шалгалтын ажилд дарамт учруулах, өөрийн нөлөөг тус газарт хэвээр хадгалж үлдэхийг элдвээр оролдож, <<Бигэр номун хан Ванчигсүрэнгийн хэрэг>> хилс болохыг илчилсэн төлөөлөгч Жамсранг <<Ерөнхий сайдын тагнуулын хүн>>, <<Улстөрд тэрсэлсэн хэргийг хилс гэлээ>> гэж уурсан, ДХГ-ын дарга Н.Насанбатад <<Би Цэргийн Зөвлөлийн Тэргүүлэгчийн тушаалд хэвээр явах тул мэдээг сайнаар нэвтрүүлэн өгвөл зохино>> гэж шаарджээ. Н.Насанбат шаардлагын хариуд <<мэдээг Засгийн газраар дамжуулан хүргүүлбэл болох юм>> гэхэд Э.Ринчино <<мэдээг ДХГ-ын бичээч Татъянагаар дамжуулж Зөвлөлтийн Элчин сайдад битүүмжлэн өгч байх>>-ыг шаардаж байв.

***

-Шалгалтын үеэр Хамгаалахын сургагч мэргэжилтнүүдийн дунд буй үл бүтэх этгээд нарыг зайлуулахаар Зөвлөлтөөс ирсэн Б.Шумяцкий зарим талаар комиссын ажилд туслаж, <<тэндэхи оросууд шударгагүй муу явдалтай>>-г хэлж байжээ. Алдагдан буй эрх мэдэл, байр сууриа хадгалахын төлөө Э.Ринчино улайран тэмцэж, Б.Шумяцкийд ая тал засан өөртөө татаж, Комиссын үйл ажиллагаанд нөлөөлөхийн тул Н.Насанбатыг зүйл зүйлээр ятгахыг оролдож байжээ.

Тэгэвч Комисс хамаг хэргийн эзэд сургагч мэргэжилтнүүд болохыг тогтоосны үр дүнд Э.Ринчино, К.Баторун нартай гар, санаа нийлэн ажиллаж С.Данзан нарыг хэлмэгдүүлэх ажлыг гардан зохион байгуулсан 1923 оноос Ерөнхий сургагчаар ажилласан Радецкий, Нууц явдлын хэлтсийн сургагч Балдаев нарыг 1925 онд халж буцаасан ба Ерөнхий сайд Б.Цэрэндоржийн шаардлагаар Э.Ринчиног ч Зөвлөлт Засгийн газар, ГХАК-аас татан авсан билээ. Энэ үед ДХГ-ын нийт бие бүрэлдүүн 42 ажилтан байснаас 17 нь буюу 40.4 хувь нь сургагч мэргэжилтэн, боловсронгуй төлөөлөгч нар байв. ДХГ 1927 он гартал Ерөнхий сургагч, Нууц явдлын хэлтсийн сургагчгүй байлаа.

Сургагч мэргэжилтнийг хасаж цомхотгож байгааг Коминтерний төлөөлөгч М.Амагаев эсэргүүцэн МАХН-ын ТХ-ны Тэргүүлэгчдийн 1925 оны 11 сарын 53-р хуралдаан дээр: <<ДХГ-ын сургагчийн орон тоог 2-хон болгосон нь тус газрын хэрэг явдлыг сайжруулан явуулахад хүрэлцэхгүй саадтай болох тул сургагчийн орон тоог нэмэгдүүлэх>> санал оруулж, хурлаас сургагчийн орон тоог 5 болгож нэмэгдүүлэх тогтоол гаргаж, Засгийн газарт оруулан зөвшөөрүүлсэн ч ДХГ-ын Ерөнхий дарга Н.Насанбат, комиссар Н.Хаянхирваа (1926 оны эцсээс Ерөнхий дарга) нар сургагч мэргэжилтний тоог хасч хорогдуулах талаар шийдвэртэй байр суурь баримтлаж байв.

-1926-1928 онд Цэргийн бөгөөд Хязгаарын хэлтсийн төлөөлөгч Иванин, Николаев, Гадаад хэлтсийн төлөөлөгч Катков, боловсронгуй төлөөлөгч Посицин нарыг халж, оронд нь чадвартай монгол ажилтан Мэргэнжав, Лувсандэндэв зэрэг ажилтнуудыг дэвшүүлж байв. Сургагч мэргэжилтнүүдийг хасч хорогдуулахын зэрэгцээ тус газрын галч Герман, шал угаагч Мильков, жолооч Висикевич зэрэг Зөвлөлтийн харъяат үйлчилгээний ажилчдыг халж зайлуулан, оронд нь монгол ажилчин Жамъян, Ням зэрэг хүмүсийг авч ажиллуулжээ.

***

Сургагч нарын эрх хэмжээг тодорхойлсон Дүрмийг дарга Н.Хаянхирваа 1926.12.03-нд батлан мөрдүүлж эхэлсэн бөгөөд Дүрэмд: <<Сургагч нарыг Засгийн газраас зөвшөөрөл авч урин ирүүлж байх>> ба <<сургагч нар зохих дээд тушаалын дарга нарт захирагдан, заавар тушаалыг дагаж гүйцэтгэх, хэлтэс, анги, тасгийн дарга нарын өмнө гүйцэтгэх албаны үүргийг хүлээхийн дээр даргын тушаалгүйгээр захирах тушаах эрхгүй>> болохыг тогтоож, <<монгол албан хаагчдыг зааварлан сургах нь гол үүрэг>> болохыг заажээ. Мөн <<сургагч нар ДХГ-ын эрх баригчдын хуралд зөвлөх эрхтэй суулцах бөгөөд Ерөнхий сургагчаас бусад сургагч нарыг тус газрын эрх баригчдаас тушаалд дэвшүүлэх буюу бууруулах, халж болно>> гэжээ.

Чингээд 1926 оны эцсээр Засгийн газар ДХГ-ын <<Ерөнхий сургагчид боловсронгуй хүнийг ирүүлэх>> хүсэлт тавьсаны хариуд Зөвлөлтийн Аюулаас Хамгаалах Байгууллагаас... Я.Г.Блюмкинийг Ерөнхий сургагчаар томилон ирүүлэв. Н.Хаянхирваа шинэ сургагчийг аливаа хэрэгт гүнзгий оруулахыг болгоомжлон хязгаарлах бодлого баримтлаж байсан нь Блюмкинийг ажилд томилох тухай 1926.12.04-нд гаргасан тушаалдаа: <<Харъяат 4 хэлтсийн дарга, сургагч нар өөрсдийн бичгийн эхэд гарын үсэг зуруулах буюу аливаа ирсэн бичгийг Ерөнхий хэлтсээс өгөх тухайд хэлтэс, тасгийн дарга нар тус тусын бичгийг орчуулагч нарын хамт Ерөнхий сургагчид бичгийн учир утгыг мэдэгдэж үсэг зуруулж байх, үүнээс чухал хэрэг тохиолдвол лавлан тогтоолгож байх>> журам тогтоосноос харагдаж байна.

Жил ч бололгүй Я.Г.Блюмкин Цэргийн яамны Жанжин штабын дарга Шикогийн хамт Москвагаас ирсэн цахилгаан мэдээг баримтлан БЦЗ-ийн Бичиг зохиох хэлтсийн н/б дарга Нестеровыг баривчлан нисэх онгоцоор Улаан-Үдэд хүргэж ... <<даанч эрх хэмжээнээс хэтэрч элсын эрхт оролцсон>> учир Я.Г.Блюмкинийг ЗГ-ын шийдвэрээр тус улсаас хөөж, <<ихэд гэмшсэн учрыг гаргасан>> тул Шиког албан тушаалд нь хэвээр үлдээсэн байна.

Ирэх, явах онгоцыг хянаж шалгах үүрэгтэй Хязгаарын хэлтсийн байцаагч Золотухиныг Н.Хаянхирваагийн тушаалаар <<Я.Г.Блюмкинтэй хуйвалдан Нестеровыг хойш хүргэх онгоцыг явуулсан>> хэрэгт мөрдөн байцаажээ. Золотухин <<мөн өдөр аэроплан чингэж одсоныг мэдсэнгүй>> хэмээн хэрэг хүлээгээгүй ч түүнийг <<...элдэвт боловсронгуй хүн атал энэ мэтээр тус газрын тушаал зааврыг дэмий хөнгөнд үзэж байцааж хянах явдлыг осолдон хийдүүлж явуулсан нь үл нийлэлцэх>> тул 1927.10.24-ний 39 тоот тушаалаар <> шийтгэжээ.

***

Н.Хаянхирваа сургагч нарыг цөөлөх, эрх хэмжээг нь хязгаарлах арга хэмжээ авахын хамт тэднээс Монгол улсын дотор явуулж буй тагнуулын ажиллагаа, Баруун хязгаарыг тусгаарлан таслах явуулга хийж байсан Коминтерний ажиллагаа, тэдний гар хөл болж байсан Зөвлөлтийн худалдааны байгууллага болох Стормонг, Монголтранс, Монголбанк, Монголын Харилцан туслалцах Хоршоонд ажиллаж байсан сургагч мэргэжилтнүүдийг гүйцэтгэх ажлын хараа хяналтад авч ажиллаж байлаа.

Сургагч мэргэжилтнүүдийг Тагнан боловсруулах ажиллагааг Н.Хаянхирваагийн удирдлагаар Нууц явдлын хэлтсийн дарга Сэрээтэр, мөн хэлтсийн Үргэлж мэдээ хураах Тагнуулын тасгийн дарга Бавуудорж, Гадаад хэлтсийн дарга Чүлтэмсүрэн, Цэргийн бөгөөд Хязгаарын хэлтсийн дарга Бүрэн нар удирдан зохион байгуулж байжээ.

Сургагч мэргэжилтэн нарыг Тагнан боловсруулж, тэдний дотор тус газрын орчуулагч Юмтаров Дорждамба, Цедыпов Норовжамц, төлөөлөгч Очиржав нарын ажилтнуудаа оруулан ажиллаж байсан боловч уг ажлыг Цедыпов Норовжамц Ерөнхий сургагч Ханзен, Нууц явдлын хэлтсийн сургагч Р.Д.Бадмаин нарт илчлэн урваснаар сургагч мэргэжилтнүүд Н.Хаянхирваа нарыг сөрөг тагнан шалгаж эхэлсэн ажээ.

Н.Хаянхирваа <<Зөвлөлтийн сургагч мэргэжилтнүүдийг Тагнан боловсруулсан>>, <<Сургагч нар Сөрөг боловсруулалт зохиосон>> байдлыг Цедыпов 1934 онд Лхүмбийн хэрэгт мөрдөгдөж байхдаа өөрийн гараар мэдүүлэг бичиж үлдээсэн юм. Цедыпов мэдүүлэгтээ:

Н.Хаянхирваа Цедыповыг гэртээ дуудаж: -<<Ямарваа улс дотроо эсэргүүцэн тагнах ажил хийж байдаг юм. СССР-ийн тагнуул тус хотноо их олон буй. Манай Хамгаалахын ёс болбал тэд нарын тагнуулыг олж мэдэх ёстой. Иймд чиний бие Эсэргүүцэн тагнах ажил хийх ёстой>> хэмээн тушааж Монгол банк, Харилцан туслах хоршоонд албан хааж буй оросуудын ажил байдлыг тагнах үүрэг өгч, улмаар Нууц явдлын хэлтсийн Гүйцэтгэх тасагт боловсронгуй төлөөлөгчөөр дэвшүүлсэн ажээ. Гэвч Цедыпов энэ даалгаврыг <<Монгол-Зөвлөлтийн найрамдалд хор хүргэж буй хэрэг>> хэмээн үзэж Ханзен, Р.Д.Бадмаин нарт бүхий л мэдсэн, орчуулсан мэдээнүүдийг дэлгэрэнгүй тоочин бичүүлжээ.

Түүний энэхүү урвагч явдлыг сургагч нар <<Хортой зүйлүүдийг олж мэдсэн цаг тухайд мэдэгдсэн нь маш ихээхэн сайшаалтай байна. Чиний бие айх явдалгүй. Үүнээс хойш Н.Хаянхирваагаас юу, юу даалгаж хэлэхийг сайтар мэдэж цаг тухайд нь бид нарт мэдэгдэж байгаарай!>> хэмээн зааварлаж, Цедыповоор дамжуулан Банкны орос албан хаагчдын тухай хуурамч мэдээлэл өгч байсны дээр Зөвлөлтөөс тусгай хүн ирж Бадмаинтай цуг Хаянхирваа ба түүний талынхныг боловсруулах ажлыг удирджээ. Тэгэхдээ Хаянхирвааг тус улсад өндөр албан тушаалд ажиллаж байсан Цогтбадамжав, Гомбобадамжав, Даш Сампилон, Цэдэн-Иш Цедыпов, Цэвээн Жамсранов нарын буриадуудтай ямар холбоотой байгааг судлаж тогтооход Цедыповыг чиглүүлэн ажиллуулсаны дээр Хаянхирваад орос үсгээр мэдээ бичиж өгдөг хүнийг олж тогтоохыг оролдож байлаа.

Ц.Норовжамц ч Зөвлөлтийн талд үнэнч зүтгэлээ гээд сайнаа үзсэнгүй. Сайхан амлалтаар хууран мэхэлдэг орос аргаа энэ буриад эрд дахин нэг харуулаад <<монголыг монголоор нь>> зарчмаараа Дотоодыг хамгаалахынхны гарт <<май, энэ урвагчаа ав!>> гэх маягаар хаяжээ. Тэр шоронд орсон хойноо л <<энэ хэргийг шалгахаар Зөвлөлтөөс ирсэн хүнтэй уулзуулж өгнө үү?>> хэмээн олонтаа хүссэн боловч түүнийг тоож үзэх нэг ч орос байсангүй. <<Азийн агуу их ахан дүүс>>-нууц байгууллагын удирдагч Намжилын Хаянхирвааг баривчлан байцааж устгах тусгай нууц ажиллагааг удирдахаар Москвагаас ирсэн Н.И.Ежов, М.П.Фриновский нар зав ч үгүй, сэтгэл ч үгүй байсан буй за.

***

Тэр үе 1928 онд ДХГ хотод 35, хөдөөд 78 орос агенттай байсан агаад зөвхөн хотын агент нараас мөн онд 4924 мэдээ авч байсан нь сургагч мэргэжилтний далд нууц ажил явууллагын эсрэг Эсэргүүцэн тагнах ажил зохиож байсныг харуулж байгаа юм.

1928 оны эцсээр нам-төрийн эрхийг авсан зүүнтнүүд Н.Хаянхирвааг ДХГ-ын даргын албан тушаалаас зайлуулж, зүүнтэн З.Шижээ газрын дарга болж, Н.Насанбат, Н.Хаянхирваа нарын үед зөвлөх сургагч нарын үйл ажиллагааг хязгаарлах талаар тавьж байсан хүчин чармайлтыг устгаж, Н.Хаянхирваатай хамтран зүтгэгчид Бавуудорж, Сэрээтэр, Чүлтэмсүрэн, Бүрэн, Юмтаров зэрэг олон хүнийг ажлаас нь халж, Нууц явдлын хэлтсийн сургагч байгаад Баторуны хууль зөрчиж, хэлмэгдүүлэх ажиллагаанд оролцож нэр нүүргүй болж 1925 онд буцаагдсан Балдаевыг Ерөнхий сургагчаар Зөвлөлтөөс ирүүлснийг хүлээн авч, Цэргийн бөгөөд Хязгаарын хэлтэс, Гадаад хэлтэс хавсарсан 1 сургагчтай байсныг салгаж, тус бүр сургагчтай болгох зэргээр сургагч мэргэжилтнүүдийн тоог байнга нэмэгдүүлэх болжээ.

Тухайлбал, 1929 оны МАХН-ын ТХ-ны Тэргүүлэгчдийн 47-р хурлын тогтоолын дагуу Зөвлөлтөөс боловсронгуй төлөөлөгч 5-ыг нэмэж ирүүлэх заавар гаргаж байв.

З.Шижээ 1926 оноос мөрдөгдөж ирсэн <<Сургагч нарын Дүрэм>>-ийг 1929.12.10-ны 163 тоот тушаалаараа хэрэгсэхгүй болгож, шинэ заавар баталжээ. Энэ заавраар:

-<<Хэлтсийн аливаа хэргийг сургагчид үзүүлэхгүй, оролцуулахгүй, мэдэгдэлгүй явуулж болохгүй>>;

-<<Албан хэрэг, заавар тушаалыг сургагчийн зөвшөөрөлгүйгээр хөдөлгөн явуулахыг хориглох>>;

-<<Албан хаагчид сургагчийн тушаалыг хэлтсийн даргын тушаалын нэгэн адил үзэж гүйцэтгэж байх>>;

заалт оруулсан нь сургагч мэргэжилтнүүд хувьсгалын эхний жилүүдийнхтэйгээ адил манай улсын дотоод хэрэгт хутгалдан оролцож улмаар нугалаа завхрал, хэлмэгдүүлэлт гаргахад нөлөөлсөн гол хүчин зүйлүүдийн нэг болсон.

***

1930 онд Баянтүмэний Дотоодыг Хамгаалах Ангийн тэргүүлэгч Г.Гэндэнжав, төлөөлөгч Батсүх, Лувсанжамц, орчуулагч Д.Осор нарыг <<Зөвлөлтөөс Монголд “Улаан империализм”-ын бодлого явуулж байна>> гэж ярьсаных нь төлөө Лувсанжамцыг 8 жилээр шийтгэж, бусад Г.Гэндэнжав, Батсүх, Д.Осор гурвыг нь буудан алсан нь ДХГ-ын ажилтнуудыг Зөвлөлтийн сургагч зааварлагчдын Монголын эсрэг бохир дээрэнгүй ажил явдлыг ч үг дуугүй хүлцэгчид болгон хувиргах зорилго агуулсан бол 1934 онд Н.Хаянхирвааг хүний нийгэмд баймгүй харгис хэрцгийгээр устгасан нь ДХГ-ын удирдах ажилтнуудыг Оросын зөвлөх сургагчдын заавар тушаалыг үг дуугүй гүйцэтгэгчид болгохыг зорьсон байна.

1934 онд Н.Хаянхирваатай зэрэгцээ цаг хугацаанд баричлагдаж байцаагдсан, цаазлагдсан, хорлогдсон хүмүүсээр <<Азийн агуу их ахан дүүс>>-ийн цар хүрээг багцаалж болох юм. Япон, Хятадад гарч ажиллах боломжтой тагнуулч А.Данзан, Ц.Ширнэндамдин нар, <<Зүүнтэн>>-ий дотор нэвтрэн ажиллаж асан сөрөх тагнуулч Ж.Лхүмбэ, түүний хэргийн 317 хүн, Н.Хаянхирваад мэдээ өгч асан гэх Дорждамба Юмтаров, Бадамцэрин Балсанов нарын голдуу Монголын байгууллагуудад орчуулагчаар ажиллаж асан Монголын харъяат 20 шахам буриад, дээр дурдсан хот хөдөөд байсан 120 шахам орос агент. Энэ бол зөвхөн Монголын нутагт байсан нь. Энд бас хятад, түвд агентууд орох ёстой боловч одоогоор судлагдаагүй байгаа.

Бидэнд байгаа мэдээллээр бол цагтаа Гамингийн дотор тагнуулчаар ажиллаж асан, МАХН-ын Төв Хорооны дарга агч Ц.Дамбадорж 1934 онд Москвад хорлогдсон. Эдүгэ оросуудын ил гаргаж буй мэдээгээр бол Түвдийн ХIII Далай лам 1934 онд Лхаст бусдын гарт амь үрэгджээ.

“Өнөөдөр” сонин 06.01 № 126, 06.04 №128, 06.05 № 129 дугааруудад цувралаар гарав

С.БАТТОГТОХ