Гранд мед эмнэлэгийн эмч ажлын хариуцлага алдсны улмаас хүний амь эрсэдсэн тухай бид өмнө нь мэдээлж байсан билээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах  “Гранд Мед” эмнэлгийн мэдээгүйжүүлэлтийн их эмч ажилтай шүүгдэгч Б.Э- нь мэдээгүйжүүлэгтэй холбоотой харшил бий эсэхийг сорил тавьж шалгаагүй, харшилтай эсэх талаар асуумжаар асуугаагүйн улмаас тус эмнэлэгт 27 настай, эмэгтэй Х.О нь 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр нурууны дарагдсан судас чөлөөлөх хагалгаанд орж, мэдээгүйжүүлэх ажиллагааны үед зүрх зогсож, эмчлэгдэж байгаад 2016 оны 05 дугаар сарын 18-ны өдөр эмийн бодист харшилснаас хэт мэдрэгшилийн шоконд орж нас барсан  байна.

Ингэхдээ “Гранд мед” эмнэлгийнхэн Монгол улсын бүртгэлд бүртгэгдээгүй мэдээгүйжүүлэгч ашигласан. Мөн сорил тавилгүйгээр мэдээгүйжүүлсэн нь бүсгүйг үхэлд хүргэсэн болох нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд тодорхой болжээ.

Энэ хэргийн талаар хариуцлага алдсан эмч Б.Э  шүүхийн шатанд “...2016 оны 5 дуаар сарын 17-ны өдөр үйл явдал болсон. 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн үдээс хойш талийгаач хагалгаанд орохоор төлөвлөгдсөн төлөвлөгөөг мэдсэн ба Т эмч надад өвчтөнг үзээрэй гэсний дагуу өвчтөн 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчим өвчтөн үзлэг хийсэн байгаа. Үзлэгийг Эрүүл мэндийн сайдын 2013 оны 11 дүгээр сарын 450 тоот тушаалаар батлагдсан хавсралтын дагуу буюу мэдээгүйжүүлэлтийн эмчийн явцын хуудсын дагуу өвчтөнд бодит үзлэг хийж, шинжилгээний үзлэгтэй холбоотой асууж тодруулж, мэдээгүйжүүлэлтийн эрсдэлийн талаар танилцуулаад өвчтөн О-гээс гарын үсэг авсан. 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр өвчтөнг хагалгааны өрөөнд хүлээн авч мэдээгүйжүүлэлт эхэлсэн. Мэдээгүйжүүлэлтийг хийхдээ огих бөөлжих, дотор муухайралтын эсрэг тариа, харшил төрүүлэх мэдрэмжийг буруулах тариа, унтуулах тариа, өвчин намдаах тариа, булчин сулруулах тариа гэсэн шат дараалалтай хийсэн ба цагаан гуурсан хоолойн гуурстай стандартын дагуу мэдээгүйжүүлэлт хийсэн. Мэдээгүйжүүлэлт хийсний дараа өвчтөнг хагалгааны зохих байрлалд оруулах үед монитарт өвчтөний зүрхний хэмнэлт алдагдаж цохилт буурсан шинж илэрч, зүрхний авиа сонсогдохгүй байсан учир яаралтай зүрх амьсгалын сэхээн амьдруулах ажиллагааг багаараа хийсэн. Үр дүнд ойролцоогоор 30 минутын дараа өвчтөний зүрхний үйл ажиллагаа, амьсгалын үйл ажиллагааны амин үзүүлэлтүүд тогтворжиж эхэлсэн ба 1 цаг 30 минутын дараа өвчтөний ухаан санааны байдал сэргэсэн. Иймд эмч нарын хамтарсан зөвлөгөөн хийж, өвчтөн мэдээгүйжүүлэлттэй холбоотой эмний хэт мэдрэгшлийн шоконд орсон байна гэж үзээд цагаан мөгөөрсөн хоолойг авахгүйгээр рентгений хэсэг рүү тээвэрлэж цээжний зураг авахуулаад буцаж эрчимт эмчилгээ хийгдсэн. Энэ үед өвчтөний ухаан санааны байдал нэлээн сайн сэхэж амин үзүүлэлтүүд тогтвортой байсан учраас цагаан мөгөөрсөн хоолойг авч өвчтөнд хүчилтөрөгчийг маскаар өгсөн. Өвчтөн ухаан орж ар гэрийн хүмүүстэйгээ уулзаж хоол ундаа идэж уусан. Би тухайн өдрөө жижүүртэй байсан учир өвчтөнг хянаж байсан. Оройн 20 цаг 50 минутын үед буюу мэдээгүйжүүлэлт хийгдсэнээс хойш 10 цагийн дараа өвчтөний биеийн байдал дахин муудаж зүрх амьсгалын үйл ажиллагаа зогссон учир дахин сэхээн амьдруулах арга хэмжээ авсан боловч зүрхний үйл ажиллагаа сэргэж, зүрхний цохилт хэм алдагдалттай байсан боловч ухаан санааны байдал сэргээгүй. Ийнхүү эмнэлгийн баг ажиллаж хоносон, зохих эмчилгээг хийсэн боловч өвчтөн нас барсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгээр эрүүгийн хэрэг үүсгэгдэж шалгагдаж байгаа ба энэ хуулийн зүйл заалтыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн өвчтөнд стандартуудыг баримтлан эмчийн үүргийг зохих ёсоор хийсэн гэж үзэж байна” гэж  мэдүүлжээ.

Талийгаач бүсгүйн ээж  Ц.Д-: 2016 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн өглөө охинтойгоо хамт “Гранд мед” эмнэлэгт очоод хагалгаа хийлгэхээр хэвтүүлсэн. Бид хоёрыг Т эмч хүлээж авч мэдээлэл өгсөн ба нурууны судас дарагдсан байна, мэс ажилбар хийгдэнэ, 97 хувийн баталгаатай гэсэн болохоор би зөвшөөрч охиноо хэвтүүлчээд гадуур гараад явсан. Гадуур явж байхад үдээс хойш 16 цагийн үед ирж уулзаарай, маргааш 09 цагийн үед хагалгаанд орно гэсэн. Тэгээд намайг очиж ямар нэгэн хүндрэл байгаа юу гэхэд хүндрэл байхгүй, бичил мэс ажилбар байгаа, 2 цагийн хугацаанд үргэлжилнэ. Эмнэлэгт 2-3 хоног хэвтээд гарч болно гэсэн. Манай охин жилийн дараа хүүхэдтэй болох бодолтой байгаа, ямар нэгэн хүндрэл гарах уу гэхэд ямар ч асуудалгүй, энгийн явцаар эдгэрнэ гэж хэлсэн. Тэгээд би мэдээгүйжүүлэлтийн эмчтэй уулзана гэхэд эмч одоо ажил гарсан учраас өөртэй чинь уулзах боломжгүй гэсэн хариу өгсөн. Манай охин 2 ортой өрөө аваад ээжтэйгээ хамт хонож болох уу гэхэд болно гээд байж байгаад өвчтөн цус багадалтай учир цус сэлбэх ажиллагаа хийгдэх юм байна, иймд хажууд нь хүн байлгамааргүй байна гэсэн болохоор нь би гараад явсан. Маргааш нь өглөөний 7 цаг өнгөрөөд эмнэлэг очиж охинтойгоо уулзахад манай охин унтаа байдалтай байсан. Яагаад унтаад байна вэ гэхэд надад нойрсуулах эм өгсөн гэсэн. Тэгээд Т эмч ирээд түрээд явсан. Би охиныгоо унтаад байхаар нь зүгээр үү гэхэд нүдээ нээж чадахгүй, толгойгоо дохиод явсан. Тэгж байтал эмч гарч ирээд өвчтөний зүрх нь зогссон гэхэд би юу болоод байгааг нь ойлгоогүй. Надаас урьд нь ийм төрлийн ямар нэгэн зүйл болсон уу гэхэд манай охин төрөхдөө бүтэн наркозонд ороод гарсан гэж хэлсэн. Тэрнээс хойш би энэ эмчтэй уулзаагүй, гадаад харилцааны яамаар дамжуулаад ... эмч оношоо явуулсан. Оршуулгын зардалд нийт 18.000.000 төгрөг авсан. Цаашид сэтгэл санааны хохирол болон хүүхдийн тэтгэмжинд 1 тэрбум 180 сая төгрөг нэхэмжилж байна” гэжээ.

Бүсгүйн үхлийн талаар эмнэлгийн зүгээс ар гэрийнхэнд нь “...наркозны эмч нь хэлэхдээ наркозны харшил өгсөн байна гэсэн онош гарсан гэхээр нь өмнө нь наркозны харшил гэдгийг тогтоож болоогүй юм уу гэхэд 5-6 төрлийн найрлагатай наркоз байдаг учраас алинаас нь харшил өгсөнийг тогтоох боломжгүй гэж хэлсэн...” байна.

Энэ хэрэгтэй холбоотойгоор  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгээс хэд хэдэн дүгнэлт гаргасан байна. Тухайлбал,

  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ны өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн №115 дугаартай “...Талийгаач архаг цус багадалттай байсан байна. Талийгаач Х.О мэдээгүйжүүлгийн үед хэт мэдрэгшлийн шоконд орж амьсгал, зүрх судасны хурц дутагдлаар нас барсан байх ба энэ нь 2 шаттай /бифазны анафилаксийн шок/ хэт мэдрэгшлийн шокийн хэлбэрээр илэрсэн байх боломжтой байна.”
  • Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн хэргийн материалаар нэмэлтээр шинжилгээ хийсэн шинжээчийн №754 дугаартай

1. 2018.01.24-ний өдрийн 115 тоот дүгнэлтэд Х.О нас барсан шалтгааныг зөв тогтоосон байна.

2. Нурууны гарвуулт язгуур мэдрүүлийн өвдөлтийн хам шинжийн оношилгоо эмчилгээ явуулах стандарт MNS6207:2010-н 10.2.2-3-т зааснаар өвдөлтийн хам шинж эмийн эмчилгээнд дарагдахгүй удаан хугацаагаар үргэлжлэх гэсэн заалтын дагуу хагалгаанд оруулах шийдвэр гарсан байна. Эмийн болон физик эмчилгээ үр дүнгүй байсан учир хагалгаанд орох заалттай байжээ.

3. Тухайн эмнэлгээс эд мөрийн баримтаар хураагдаж шинжилгээнд өгсөн гэх Солонгос бичигтэй цэнхэр тагтай тариа болон Эфидрин,Цекраксон гэх эм тарианууд нь хугацаа нь дууссан. 2 төрлийн Солонгос бичигтэй тариа нь чанарын баталгаажилтгүй. Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй гэсэн дүгнэлт мэргэжлийн хяналтын шинжилгээгээр гарсан байна. Эмийн бодис хэрэглэх стандарт баримталсан гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4. MNS6206:2010-8.2 заасан мэдээгүйжүүлгийн өмнөх үзлэгийн явцад... тусгай шалгуураар үзэх. 8.6-өвчтнийг урьдчилан үзэж шаардлагатай шинжилгээг бүрдүүлнэ гэсэн заалт зөрчигдсөн байна.

5. Мэс заслын өвчний үе дэх оношилгоо эмчилгээний үйлдлүүд MNS-4621:2008 стандартын II.2.2-т заасан ерөнхий бэлтгэл болон лабораторийн шинжилгээ ...зэргийг хийлгэх гэсэн заалт мөрдөгдөөгүй байна.

6. Өвчтнийг хагалгаанд бэлтгэх үед харшил урвалын сорил тавигдаагүй учир гарч болох хүндрэлээс сэргийлж чадаагүй байна.

7. Эмчилгээ болон унтуулгын үед эмийн бодисоос харшлах эрсдэл гарч болно. Эмийн тунг зөв тооцсон байна.

8. Мэдээгүйжүүлгийн үед хэрэглэсэн Бекарон гэх тарилгын эмийн бүртгэлийн хугацаа бичигдээгүй, эмнэлзүйн судалгаа хийгдсэн материал зэрэг байхгүй байна. Алрокси гэх эмийн бүртгэлийн гэрчилгээ байхгүй байна гэж шинжээч эмч дүгнэжээ.

Хамгийн гол нь талийгаач бүсгүйд хийсэн мэдээгүйжүүлэгч нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй ажээ. Энэ нь 2017 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эм биобэлдмэлийн хяналтын улсын байцаагч Т.Г- шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон юм.

Тодруулбал, тус  дүгнэлтэд “Дээрх эм тариануудаас Солонгос бичигтэй цэнхэр тагтай, ногоон эрээн шошготой хуурай тариа, Улбар өнгийн тагтай Солонгос бичигтэй шингэн тариа нь Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй байна. Бусад эм тариа Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдсэн байна. Propofol-мэдээгүйжүүлэх үйлчилэлтэй, венийн судсаар тарьж хэрэглэнэ. Солонгос бичигтэй цэнхэр тагтай, ногоон эрээн шошготой хуурай тариа, Улбар өнгийн тагтай, Солонгос бичигтэй шингэн тариа-ямар үйлчлэлтэй эсэх нь тодорхойлох боломжгүй, Монгол улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй. Магнисульфат 10 мл-Тарьж хэрэглэсэн магнийн сульфат нь төв мэдрэлийн системд тайвшруулах үйлдэлтэй, хэрэглэж байгаа тун хэмжээнээс хамаарч наркоз үүсгэх үйлдэл ч үзүүлж болно. Адерналин- Симпатик мэдрэлийн зангилаанаас эрхтэн хүртэлх ширхэгийн төгсгөлд орчимд байрлах адернорецепторыг сонгомол сэргээнэ. Dexamed- 4мл-үрэвсэл, харшлын эсрэг хүчин нөлөө үзүүлнэ. Витамин С-бие махбодын исэлдэн ангижрах урвал, нүүрс усны солилцоо, цусны бүлэгнэлт, эд эсийн төлжилтийн процессийн тохируулга, стеройд бүтэцтэй гормоны нийлэгжилт, декоксирибонуклейн болон рибонуклейн хүчлийн үүсэлт зэрэгт оролцохын зэрэгцээ бие махбодийн иммунобиологийн шинж чанарыг ихэсгэдэг. Лидокайн 2мл хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэлтэй. Erhedrine-Эфидрины гидрохлорид адренидэвхт мэдрэлийн системийн төгсгөлд меедиатор норадерналин нийлэгжих явцыг идэвхжүүлж, улмаар уг мэдрэлийн системийн сэрэл дамжилтыг сайжруулна. Преднизолон-үрэвслийн эсрэг илэрхий, харшлын эсрэг, шокын эсрэг, дархлалыг бууруулах үйлдэлтэй бэлдмэл. Атропин сульфат 1 мл-Нүдний хүүхэн хараа өргөсөж, харааны зохирол сайжран нүдний даралт нэмэгдэх, тахикарди болох, гуурсан, хоолой, ходоод цөс, шээсний замын гөлгөр булчингууд сулрах, ходоод хөлс шүлсний булчирхайнуудын шүүрэл татрах зэрэг үйлдэлтэй. Их тунгаараа төвийн холинолитик үйлдэл үзүүлэх тул төв мэдрэлийн системд сэргээх нөлөө үзүүлнэ. Фентанил-өвдөлт намдаах богино хугацааны үйлдэлтэй. Амьсгалыг дарангуйлж зүрхний ажиллагааг удаашруулна. Өвчтөнийг наркоз-д бэлтгэх, шок бөөр,элгээр хүчтэй хатгаж өвдөх, зүрхний булчингийн шигдээс зүрхний бах зэрэг өвчнүүд болон багажийн тусламжтайгаар хийлгэх шинжилгээнүүдийн үед хэрэглэнэ. Фурасамед-шээс хөөх үйлдэлтэй. Дексран 70 200мл- шокийн эсрэг үйлдэлтэй плазм орлох шингэн. Натрийн хлорид- хоргүйжүүлэх үйлдэл үзүүлнэ” гэжээ.

 

Энэ бүхэн нь Гранд мед эмнэлэгийн зүгээс хариуцлага алдсан гэсэн баримт юм. Тиймээс Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс “Гранд мед” эмнэлэгийн эмч Ш овогт Б-ийн Э-ыг өвчтөнд эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас өвчтөн нас барсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон. Улмаар 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт зааснаар Б.Э-ыг мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний их эмчээр ажиллах эрхийг 3 /гурав/ жилийн хугацаагаар хасч, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсэн байна.  Гэхдээ уг ялыг тэнсэн харгалзсан байгаа юм.

Талууд хэрвээ давж заалдах шатны шүүхэд хандах юм бол уг шийдвэр “хүчингүй” болно. Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.