Р.Эмүжин: Эх орон Эрээнээс эхлэхгүй.
2019/01/23
Жил бүрийн цагаан сараар 370 тэрбум төгрөгөө урд хөрш рүү юүлчихдэг ард түмэн дээ, манай монголчууд. Үүний 40 орчим тэрбум нь зөвхөн бэлэгний оймсонд урд хөршийн зүг талийдаг гэж байгаа.
За тэгээд хадаг яндар, алчуур, үсний хавчаар, тэр байтугай таарсан таараагүй дотоож, аяга халбага, бээлий гээд уртаас урт жагсаалт урд хөндөлсөнө. Эрээний наймаачид ч амташсан гэж жигтэй, Монголын цагаан сар дөхөхөөр үйлдвэрийн гологдолтой, чанаргүй, хугацаа хэтэрсэн бараануудаа боож баглаад л, "Сайн найз аа, сайн найз аа" гээд хүзүүдчихнэ шүү дээ. Монголчууд Эрээнийг хөгжүүлсэн юм чинь сайн найз болохгүй гээд ч яахав. Шинэ он гарсаар банкууд тэтгэврийн зээл хүссэн хөгшдийн хөлд дарагдаастай. Азай буурлуудынхаа амьжиргааны мөнгө, аав ээжүүдийн цалингийн зээл, хүүхдийн тэтгэмж бүгдийг Цагаан сар хэмээх томоос том цүнхэнд цүдийтэл чихэж аваад л хил давуулаад шидчихэж байгаа юм. Үр дүнд нь Эрээний наймаачид цөм хийж, эх орны санхүү цөл шиг хатаад үлдэнэ. Залгуулаад засал энэ тэр гээд шинийн 8, 15-нд нөгөө хадаг нэртэй хаягдал гялгар уутаар хийдэг сиймгэр самбайг чухам нэг цуглуулах шиг болно. Зээлтэйгээ жирийлгэсээр байгаад наадамтай золгоно доо. Яаж энэ их мөнгийг Монголдоо авч үлдэх вэ гэж яахын ч аргагүй бодогддог л юм байна. За манайхаан, эх орон шингэсэн бэлэг сэлт, өмсгөл гоёл, идээ будаа бэлтгэж чадвал өөрсдөөрөө бахархаарай. Цаана чинь "Тод", "Янмал" гээд оймс үйлдвэрлэгчид, "Монос", "Гоёо", "Говь", "Urban", "Их тайга", "Хуба Хаяа", "Golden govi", бас ууталсан савласан ааруул сүү, витамин...дээр нь үүрэн холбооны операторууд, өө тэгээд манай монголчуудын гэр гэртээ хийсэн, оёсон, наасан, ширсэн, сүлжсэн, бүтээсэн бүхэн хаа сайгүй "Эх орон эндээс эхэлнэ" гээд нүд булааж, сэтгэл чангаагаад л угтаж байна билээ шүү. Сэтгэл байвал хаанаас ч үндэсний үйлдвэрлэгчдийг олоод, Цагаан сараа Монголоор амьсгалуулж болно. Монгол хүн таны зориулсан, зарцуулсан нэг төгрөг болгон өөр нэгэн монгол айлын амьдралыг хөдөлгөх хөдөлгүүр болог. Тэгээд ч эх орон Эрээнээс эхлэхгүй. Элэг зүрх нэгтэй монголчуудын маань эрүүл зарцуулалтаас эхэлнэ.
Хүннү · 2019/01/24
Хүн гэдэг амьтан угаасаа л бэлгэнд дуртай. Айлд ороод бууз баншаа идчихээд өөр зүйл үгүйлээд л, ийш тийш хөдөлсөн гэрийн эдэгтэйн гарыг дагуулж хараад байгаа "зочидын" сэтгэлийг амраахын тул юуч хамаагүй юм өгөөд л гаргана. Өөр яах вэ дээ? Монголчууд ядуу л гэдэг тэгсэн мөртлөө Хятадад нэг хот байгуулаад өгчихсөн ард түмэн шүү. Гэтэл Замын-Үүд яаж байна элс, архи хоёртоо живж байна. Гэтэл хятадууд монгол улсын хилд тулгаад асар том худалдааны төв барьж эхэллээ "чөлөөт бүс" хаалгаар нь орлоо БНХАУ, хаалгаар нь бараагаа чирээд явган гарлаа Монгол улс, энэ бол хятадын төрийн бодлого.
Хэнчбиш · 2019/01/23
Эрээний хогийг цэвэр цусны монгол эх орончид эрлийз хурлийзуудаас дутахгүй л чирж байгаа шүү дээ Зохиццууулах боломж байхгүй дээ Ядаж нэмэлт галт тэрэг автобус гаргаж өгөхгүй баййвал бага ч гэсэ хязгаарлах бус уу
Ард · 2019/01/23
Энэ ч тун зөв сэдэв шүү. Үүнийг ямар нэгэн аргаар зохицуулмаар байгаа юм. Үнэхээр хайран их мөнгөө Эрээний наймаачдад өгчихөж байгаа юм. Манай эх орны үйлдвэрлэгчид ч тэр цагаан сарын өмнө оймсноос эхлээд бүх бараагаа үнэхээр хямдруулмаар байгаа юм. Тэгвэл та нарын барааны сурталчилгаа ч болно, нөгөө талаар хүмүүс яваандаа эдэлж ч сурна шүү
ок · 2019/01/23
хэлээд үг ойлгохгүй тэнэгүүд тэр замын-үүдээр дүүрэн буудлын хонгилд хэвтэж байна ээ нүдний булайнууд аа