Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн ах Ч.Гэрэлхүүгийн сэжиглэж буй хүмүүс уг хэрэгт холбоогүй нь тогтоогджээ
2019/01/24
Өнгөрөгч 2018 оны аравдугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо “KH Apartment” хотхоны хойд талд байрлах барилгын хоосон хашаанд Ч.Чамин-Эрдэнэ өндрөөс унаж нас барсан.
Уг хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг мөрдөн шалгах ажиллагаа явуулсан билээ. Хэрэг гарсан өдрөөс хойш өдгөө хүртэл олон нийтийн дунд маш олон таамаг, маргаан дагуулсаар ирсэн. Ар гэрийнхнийх нь зүгээс түүнийг өөр газар амь насыг нь бүрэлгээд 11 давхраас шидсэн, шүүх шинжилгээнд түүний биед өөрчлөлт оруулсан, цагдаа нар дутуу шалгаж байна, гэмт хэрэгтнүүд гадаадад байна, дүгнэлт хуурамч гарсан, шоуны оролцогч Э.Одонтунгалаг хэрэгт хамааралтай гэх зэрэг олон таамгуудыг дэвшүүлж байсан. Мөн түүний ах Ч.Гэрэлхүү өөрийн цахим хуудсаараа дамжуулан олон бичлэг, нотлох баримтуудыг дэлгэж олон нийтэд үзүүлсэн.
Энэ хугацаанд олон нийтийн зүгээс цагдаагийн байгууллагаас ямар нэгэн тайлбар хэлэхийг шаардсаар байсан юм. Харин хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсээс амь насанд халдсан, гадны нөлөөтэй байсан, өндрөөс унахад нөлөөлсөн гэх зэрэгт шалгалт явуулахад ямар нэгэн зүйл илрээгүй гэх шалтгаанаар хэргийг хаах саналыг прокурорт шилжүүлжээ.
Уг хэргийг шалгасан Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн мөрдөн байцаах газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Н.Баттөмөр хэвлэлд ярилцлага өгөхдөө:
-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжилгээгээр Ч.Чамин-Эрдэнийн биед олон тооны хавсарсан гэмтлүүд гарсан. Гэмтлийн улмаас нас барсан нь тогтоогдсон. Энэхүү гэмтлүүд нь өндрөөс унаж байгаа үед үүсэх боломжтой гэсэн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Талийгаач Ч.Чамин-Эрдэнийн гарын мөр олдсон 14 дүгээр давхрын салхивчаар хүн багтах боломжтой эсэхийг мөрдөгчийн туршилтаар шалгахад хүний бие багтах боломжтой нь тогтоогдсон.
Энэ хэрэгт Ч.Чамин-Эрдэнийн нагац ах Чимэдцэрэнгийн Гэрэлхүү нь тухайн шоу тэмцээнийг зохион байгуулагч болон оролцогч, шүүгч бусад иргэдийг хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн хэмээн цахим орчинд олон нийтийн сүлжээгээр тараасан. Уг асуудлыг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулж шалгахад сэжигтэй зүйл тогтоогдоогүй. Мөн талийгаачийн ар гэрийнхэн цагдаагийн байгууллагад гаргасан хүсэлтдээ ар гэрт нь мэдэгдэлгүйгээр задлан шинжилгээ хийсэн хэмээн хүсэлт гаргасан. Хүний амь нас хохирсон хэрэгт хохирогчийн биед цогцост үзлэг хийж, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэг, 27.1 дүгээр зүйлийн нэгдэх хэсэгт заасны дагуу үхлийн шалтгааныг тогтоох зорилгоор мөрдөгч нь шинжээч томилж, шинжээч нь шүүх шинжилгээний тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.2 дах хэсэгт заасны дагуу мөрдөгчийн тогтоолын дагуу шинжилгээ хийж, дүгнэлт гаргадаг.
Амь хохирогч Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлоход хүргэсэн, түүний биед халдсан эсэхийг тогтоох зорилгоор МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дахь хэсэгт заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулахад ямар нэгэн сэжигтэй зүйл тогтоогдоогүй.
Хэрэг бүртгэлтийг прокурорын хяналт дор мөрдөн шалгах ажиллагааг явуулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу 30.14 дэх хэсэгт зааснаар хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж шийдвэрлэж байна гэжээ.
зочин · 2019/01/24
манай цагдаа учир юунд гэдгийг тогтоосонгүй юу?!!! ийм хайнга хандавуу!!! Амиа хорлох болсон гол шатгааныг нь хэлсэнгүй.Магад гүн дарамтанд оруулсан бол яахуу?!!! Сэтгэл санааны дарамтандт оруулж амиа хорлоход хүргэсэн бол гэмт хэрэг шүүдээ.Зөвхөн өөрөө очоод цонхоор өсөрсөн бичлэгийг амиа хоролсон гэвэл том эндүүрэл шүү. Заавал шалтгаан байгаа
Зочин · 2019/01/24
Энэ нямтайширын хүүхдүүд байна гэмт хэрэгт холбогдоно, тэгээд байнга холбогдолгүй болно
Зочин · 2019/01/24
Улс төрчидөд байтугай хууль шүүгчидэд ч итгэхээ больсон бүгд худлаа ярьж хуурамч юм хийдэг болсон