Дорноговь аймгийн Зүүнбаян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид алба хааж байсан 19-хөн настай хүү нас барсан. Харамсалтай нь хэргийн талаар холбогдох албан тушаалтнууд яаран сандран мэдээлэл хийж, юу ч болоогүй хэмээн мэдэгдсээр байна.

Тухайлбал, ЗХЖШ-аас “Ийм явдал болсон нь үнэн. Хэргийг шалгаж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн байхад ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах төвийн мэргэжилтэн, цагдаагийн ахмад М.Мөнхшүр “Сайншанд дахь цагдаагийн хэлтэс мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна. Хэргийн дуудлага нэгдүгээр сарын 22-ны өдрийн 17.30 цагт цагдаагийн байгууллагад ирсэн. Тус ангид 2018 оны арваннэгдүгээр сард хугацаат цэргийн алба хаахаар ирсэн 19 настай А амиа алдсан нь тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүх шинжилгээний задлан шинжилгээний урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-ийн биед ямар нэг гаднын нөлөө байхгүй хэмээн гарсан. Нарийвчилсан шинжилгээ хийлгэхээр эсийн шинжилгээ авсан. Хуульд заасан хугацаа буюу 21 хоногийн дотор дүгнэлтийн хариу гарна. Үүн дээр ямар шалтгаанаар амиа алдсаныг тогтооно” гэсэн мэдээлэл өгсөн. Түүнчлэн цэргийн алба хаагч үүргээ хэвийн гүйцэтгэж байсан гэх гэрчүүдийн мэдүүлэг байгаа гэдгийг мөн яаран сандран дагалдуулав. Үнэндээ энэхүү нэмэлт тайлбар нь дэндүү илүү байснаас гадна ямар нэг зүйл болж гэх хардлагыг улам бүр төрүүлж байгаа юм.

Улмаар “Талийгаач цэргийг зодуулж амиа алдсан гэх мэдээлэл олон нийтийн сүлжээгээр тараад байгаа. Хавтаст хэргийн материалтай хохирогчоор тогтоогдсон хуулийн этгээд хохирогчийн өмгөөлөгч, ар гэрийнхэн танилцана гэсэн заалт бий. Мөн хавтаст хэрэгт авагдсан хохирогчийн зураг болон ямар нэг баримтыг бусдад буюу олон нийтэд задруулахгүй байх гэсэн хуулийн заалт байдаг. Тухайн зурган дээр үүссэн байгаа зүйл нь (тэгэхээр сошиалд тараад буй зураг талийгаач хүүгийнх мөн гэдгийг цагдаагийн ахмад батлаад орхив) цогцост үүссэн хүүрийн толбо.

Үүнийг иргэд бусдад зодуулсан, зодуулсны улмаас гэмтэл үүссэн хэмээн ярьж байна. Иргэн амиа алдаад биед нь юүлэгдэж үлдсэн цусыг хүүрийн толбо гэж үздэг. Мөн цагдаагийн байгууллага болон шүүх эмнэлгийн байгууллага иргэн амиа алдсан хэргийн газар очоод хүүрийн толбо дээр нь дарж үзээд ямар хугацаанд амиа алдсан цагийг тогтоодог. Иргэд зургаас харснаа бусдад зодуулсан гэсэн ташаа мэдээллийг тарааж байна” гэсэн тайлбарыг нэмж өгөөд байгаа юм. Ямар гээчийн яарсан тайлбар, мэдээлэл вэ. Хохирогчийн нуруун дахь толбо нь амиа алдсаны дараахь толбо уу, эсвэл зодуур уу гэдгийг энгийн иргэн ч ялгахаар байх юм, уг нь. Ямар нэг зүйлээр, магадгүй суран тэлээгээр олон удаа ороолгосон, цохьсон байж мэдэх зураг байхад яагаад хэн ч, юу ч болоогүй хэмээн ам мэдэн мэдээлэл хийнэ вэ. Талийгаач хүү нэг өглөөний гүйлт энэ тэрийг давж гарч чадахааргүй сул дорой нэгэн биш, тэр байтугай өөрөө цэргийн хүн болно гэж маш их хүсэж мөрөөддөг байсан гэдгийг бага сургуулийнх нь багш, хүүхдүүд хэлж байгаа юм. Түүнчлэн өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр тус анги дотор эзэн тодорхойгүй гар утас олдсон гэнэ. Үүний төлөө 17 цэргийг хөнжил гудас үүрч гүйлгэх тушаалыг ротын захирагч нь Дэд ахлагчдаа өгч, улмаар бахардаж унатал нь гүйлгэж, эцэст нь хүүг унахад баашлаад байна гэж зодож аминд нь хүрсэн гэх мэдээллийг тун ойрын эх сурвалжаас өгч байна.

Хэрэв тийм бол ЗХЖШ болон ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн алба “юу ч болоогүй шүү, хүүхэд өөрөө гүйж байгаад үхчихсэн” гэх мэдээллийг яаран сандран ийнхүү өгнө вэ? Дөнгөж 19-хөн настай, эцэг эх бидэндээ нялхаараа шахам хөөрхий үрсээ цэрэг арми гэх дарангуйлал, зодуурын уурхай болсон газар руу илгээсээр байх нь, зөв үү.

Тус ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаяр өмнө нь 350 дугаар ангийн захирагчаар ажиллаж байх үед мөн л хоёр сайхан хүү хээрийн сургуулилтын үеэр гранатад өртөж нас барсан дуулиант үйл явдал болж байв. Сануулахад, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн офицер, ахлагч хоёр гар бөмбөгийн дэлбэрэлтэд өртөн амиа алдаж, найман ахлагч шархадсан билээ. Уг осолтой холбоотойгоор тухайн үед  Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ ЗХЖШ-ын дэслэгч генерал Д.Даваад “Цэргийн хоёр алба хаагч амь үрэгдсэн ноцтой хэрэгт шууд хамаарал бүхий ажил хариуцсан албан тушаалтнуудад холбогдох хуулийн дагуу хатуу хариуцлага тооцох” үүрэг өгч байв. Үүргийн дагуу ЗХЖШ-ын даргын зөвлөл хуралдаж, Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн захирагч, хурандаа Д.Өлзийбаярыг үүрэгт ажлаас нь чөлөөлж байсан юм. Гэтэл мань Д.Өлзийбаяр ямар шат, шугамаар энэхүү 336 дугаар ангийн захирагч болоод оччихсон хэрэг вэ?

Монголчууд бид угаас сүсэг бишрэлтэй улс. Тэр ч утгаараа эрхэм хурандаа Д.Өлзийбаярыг албанаас чөлөөлсөн болж жүжиглэлгүй, тэр үед ангид нь гарсан хэргийг хэрэгсэхгүй болгож, мартагнуулж, өөр анги штаб руу илгээж төөрөгдүүлэлгүй ядаж тэтгэвэрт нь гаргачихсан бол дахин нэг сайхан залуу ийнхүү зуурдаар нас нөгчихгүй ч байсан уу гэх шүүмжлэл сошиал орчинд хүчтэй өрнөж байна. Тус Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн дэд ахлагч Э нь 2017 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр тус ангийн …р байгууламжинд харуулын даргын үүрэг гүйцэтгэж байхдаа байлдагч С,Б,Н,Б нартай цэргийн дүрмийн бус харьцаж, тэднийг нүцгэлэн цээж рүү нь ус цацах, биеийг нь бууны сүмбэ, бүсээр ороолгон зодож хөл нүцгэн гүйлгэж, хэрцгий догшин авирласны улмаас байлдагч Б-гийн бие махбодид хүндэвтэр гэмтэл, байлдагч С, Б,Н нарын бие махбодид хөнгөн гэмтэл тус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар тогтоогдож улмаар дэд ахлагч гэх Э-д холбогдох хэрэгт аймгийн прокурорын газраас прокурорын яллах дүгнэлт үйлдэн хэргийг харъяаллын дагуу Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлж байсан асуудал мөн бий. Энэ мэт аймшигт яргалал, дарамтын жишээ баримтуудаас болж армид алба хаалгахаар хүүгээ, дүүгээ илгээх аав ээж, ах эгчийн тоо жил ирэх бүр үгүй болсоор байна. Үнэндээ цэргийн алба гээчид залуусыг хүчээр татаж буй нь нууц биш шүү дээ.

Тиймээс, Батлан хамгаалахын сайд Н.Энхболдтоон, аавын сайхан хөвгүүдийн амийг авч одсоор буй арми нэрт газартаа анхаарал хандуулж, цэрэг шиг цэрэг, арми шиг армитай болох цаг хэзээ вэ. Хэдий хүртэл сайдын суудлыг улстөрийн албан тушаал шиг харж, цаг хугацааг үлгэн салган барж суух вэ?! Хичнээн хөвгүүдийн амиар засагдаж, шинэчлэгдэх ёстой салбар гээч вэ…

niigmiintoli.mn