УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл өчигдөр (2018-3-6)  хуралдаж, УИХ-ын ээлжит бус чуулганыг 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдуулахаар тогтсон.

Зөвлөлийн хурлын энэхүү шийдвэрийг үндэслэн УИХ-ын дарга захирамж гаргасан. Үүнтэй холбогдуулан Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцүүлэх зарим асуудлаарх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга  Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт мөн өчигдөр хүргүүлсэн юм.

Тодруулбал Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг томилох саналыг зөвшилцөх, Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөх, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргыг томилох тухай асуудлыг УИХ-аар хэлэлцүүлэх албан бичгийг ирүүлсэн аж.

 

Өөрөөр хэлбэл 2019 оны 03 дугаар сарын 18-аас 29-ний өдрүүдэд хуралдах УИХ-ын ээлжит бус чуулганаар АТГ-ын дарга Х.Энхжаргалыг чөлөөлөх нь тодорхой болжээ.

Харин түүний оронд АТГ-ын дарга, дэд даргаар хэнийг нэр дэвшүүлж, улмаар томилох вэ? гэдэг асуудал ид яригдаж байна.

АТГ-ын дэд даргаар ШШГЕГ-ын дэд дарга асан, хурандаа Ж.Батсайханыг нэр дэвшүүлэх нь нэгэнт тодорхой болсон гэнэ.

Харин АТГ-ын даргад ҮАБЗ-ийн ажлын албаны дарга Д.Даваа-Очир, ТЕГ, ЦЕГ-ын дарга асан Б.Билэгт нарын хэн нэгнийг нэр дэвшүүлэхээр ярилцаж буй юм байна.

Хэдийгээр эцсийн шийдвэр хараахан гараагүй байгаа ч одоогийн байдлаар Б.Билэгтийг дэмжих магадлал өндөр байгаа бололтой.

Б.Билэгт нь Ардчилсан хувьсгалын анхдагчдын нэг бөгөөд РТХЭГ-ийн дарга, МоАХ-ы дарга, ТЕГ-ын дарга, ЦЕГ-ын дарга, ШШГЕГ-ын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Э.Мягмар

sonin.mn