Өсвөрийн ДАШТ-ээс "Монгол охин" анх удаа медаль авлаа
2019/03/13
Америкийн Нэгдсэн улсын Лас-Вегас хотод болж байгаа 2019 оны хүндийн өргөлтийн өсвөр үеийн ДАШТ амжилттай болж байна. Уг тэмцээнд манай улсаас Монголын хүндийн өргөлтийн холбооны үндэсний шигшээ багийн тамирчин ОУХМ Г.Энэрэл, Б.Хонгорзул нар оролцлоо.
Эмэгтэйчүүдийн 71кг-ийн жинд өрсөлдсөн ОУХМ Г.Энэрэл хүрэл медаль хүртэж спорт сонирхогчдыг баярлуулаад байна. Түүний энэхүү амжилт нь Хүндийн өргөлтийн түүхэнд өсвөрийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс авсан анхны медаль болж байгаагаараа онцлог юм. Тэрбээр 17 настай, БГД-ийн Ганзам 20-р сургуулийн сурагч бөгөөд түүний жинд өсвөрийн шилдэг 13 тамирчин өрсөлджээ. Өсвөр үеийн хүндийн өргөлтийн ДАШТ энэ сарын 16-нд өндөрлөнө.