Төрсөн эгчийгээ хөнөөж, гэрийг нь шатаасан этгээдэд бүх насаар нь хорих ял оноолоо
2019/03/14
Баянзүрх дүүргийн 26-р хорооны нутаг дэвсгэр болох “Саруул” хотхоны 112-р байрны есөн давхарт 2018 оны 04-р сарын 21-ний буюу Бямба гаригаас Ням гаригт шилжих шөнө 00.01 цагт гал гарч, залуухан бүсгүй амиа алдсан талаар манай сайт мэдээлсэн.
Цагдаа нар галын шалтгааныг тодруулахаар мөрдөн шалгах ажиллагаа явуулахад санаатайгаар гал тавьсан нь тогтоогджээ. Талийгаач бүсгүй 27 настай. Түүний төрсөн дүү найзынхаа хамт эгчийгээ боож хөнөөгөөд хэргийн ул мөрийг устгахаар гэрийг нь галдан шатаагаад зугтаасан байсан нь мөрдөн байцаалтын үед тогтоогдсон.
Галын улмаас дээд, доод хажуу талын дөрвөн айлын тагт галд өртөж, орц тэр чигээрээ утаа униарт дарагдсан байна. Тухайн үед Нийслэлийн онцгой байдлын газрынхан “гал гарлаа” гэх дуудлагын дагуу очиход найман давхрын айлаас гал гарч, найм, ес, 10,11 давхрын цонхны хүрээ, тагтан дээрх эд хогшил шатаж байжээ. Онцгойгийнхон 64 том хүн, 24 хүүхдийг угаартахаас сэргийлж, байрнаас гаргасан байна. Оршин суугчдын мэдээлснээр гал гарах үед хүчтэй дэлбэрэлт мэдрэгдэх шиг болж галын дохиолол утаа гарахтай зэрэгцэн дуугарч эхэлсэн аж.
Энэ хэргийг үйлдсэн Д.Батхуяг 20 настай, түүний найз 21 настай О.Энхбаяр нар хувийн өс хонзонгоор бүлэглэн бусдын амийг хөнөөсөн гэх хэргийг нийслэлийн цагдаагийн газрын мөрдөн шалгах газрын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид шуурхай илрүүлсэн байдаг. Тэднийг хэрэг хийсний маргааш нь буюу 2018.04.22-ны өдрийн 16 цагийн орчимд Налайх дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан.
Энэхүү хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгалтын ажиллагаа явуулж, улмаар прокуророос яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар шүүхэд шилжүүлсэн. Энэ хэргийг өчигдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцсэн. Энэ хэргийн хохирогчоор одоогоор 13 хүн шүүх хуралд оролцсон юм.
Төрсөн эгчийгээ найзтайгаа нийлж хөнөөсөн хэрэгт буруугтгагдаад байгаа этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 10.1.2.2, 10.1.2.4, 10.1.2.5, 10.1.2.11-д зааснаар яллах дүгнэлт үйлдээд байв. Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйл.Хүнийг алах
2.Хүнийг:
2.2.олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар;
2.4.өөр гэмт хэргийг нуун далдлах, хялбарчлах зорилгоор;
2.5.өөртөө, бусдад эдийн, эдийн бус ашигтай байдал бий болгох зорилгоор;
2.11.бүлэглэж алсан бол арван хоёр жилээс хорин жил хүртэл хугацаагаар, эсхүл бүх насаар нь хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг.
Өчигдөр өдөр эхэлсэн шүүх хурал орой болтол хуралдаж улмаар шүүгдэгч нарт бүх насаар нь хорих ял оноосон байна.
Хэрвээ ял сонссон этгээдүүд давж заалдах шатны шүүхэд хандахгүй бол анхан шатны уг шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Харин ял сонссон этгээдүүд давж заалдах шатны шүүхэд хандах юм бол ял нь өөрчлөгдөх магадлалтай.
Бид энэ хэргийн талаар эргэж мэдээлэх болно.