"Таван Богд Фүүдс” ХХК нь одоогоос зургаан жилийн өмнө Олон улсын сүлжээ KFC рестораны анхны салбараа амжилттай нээж байсан үндэсний хэмжээний томоохон компани. Гэвч олон улсын сүлжээ хоолны газар нь олон иргэдийн эрүүл мэндийг хохироосоор байгаа явдал нь зогсохгүй байна. 

Өчигдөр буюу энэ сарын 18-ны өдрийн 19:00 цагт 25-р эмийн сангийн автобусны буудлын зүүн талд байрладаг KFC-ийн салбараар аав, хүү хоёр үйлчлүүлжээ. Тэд шинээр гарсан тахианы махтай карри, тахианы далавч,  шарсан төмс, зайрмаг, ундаа захиалан үйлчлүүлсэн байна. Энэ талаар өнөө өглөө манай сайт онцлон хүргэсэн билээ. Тэгвэл тус газрын хоолноос хордлого авсан хүүгийн аавтай дахин холбогдож  тодруулга авлаа.

Энэ талаар тус салбараар үйлчлүүлсэн иргэн У-аас тодруулахад, "KFC-д хооллоод удаагүй гэртээ харьсны дараа хүүхэд маань идсэн зүйлээрээ зөндөө их бөөлжөөд зогсохгүй байсан. Түргэн дуудаад ирэхгүй удсан тул өөрөө Халдвартын эмнэлэг дээр ирж үзүүлсэн. Ирэхэд шууд шинжилгээ аваад, хордлого тайлах эмчилгээ хийж эхэлсэн. Бөөлжиснөөс нь шинжилгээ авна гээд эмч нар хэлсэн. Харин хордлого тайлах эмчилгээг яаралтай хийсэн учраас дахиж бөөлжөөгүй байна. Бусад шинжилгээг бол эмч нар авсан. Одоогоор хүү дусал хийлгээд хэвтэж байгаа. Манай хүү тархи нь хөдөлсөн, ханиад хүрсэн зовиургүй байгаа. Би хичээлээс нь өдөр авсан. Хүүхэд маань сургууль дээрээ үдийн цайгаа уучихаад гарч ирсэн. Бид хоёр тэрнээс хойш хоол идээгүй байж байгаад KFC орсон.  Үдийн цай асуудалтай байсан бол ангийнхан хүүхдүүдэд адил шинж тэмдэг илрэх байх гэтэл тэд зүв зүгээр байна" гэлээ. 

Одоогийн байдлаар тухайн иргэн хүүхдээ сахиад ХӨСҮТ-д эмчлүүлж байгаа бөгөөд үйлчлүүлсэн KFC-ийн салбартаа гомдол гаргана гэдэгдээ хэллээ. 

Эргэн энэ талаар бид мэдээлэх болно.

Х.Даваа