Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд дэлгэх нь зөв үү
2019/03/27
Ардчилалын алтан хараацайнуудын нэг, төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хохироосон хэрэгт буруутгагдсан гурван этгээдийг эрүүдэн шүүж, хүчээр ял үүрүүлж, ялласан гэх асуудал сүүлийн үед хүчээ аваад байна.
Олон жил ээдрээтэй төвөгтэй явсан энэ хэрэгт хилсээр хоёр хүнийг яллаж, эрүүдэн шүүсэн гэдэг нь бараг тодорхой болов.
Энэ асуудалд Хуулзүйн сайд Ц.Нямдорж ч тайлбар хийж, хилс хэрэгт 23 жилийн хорих ял сонсч, улмаар ялаа эдэлж байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрын ар гэрийнхнээс албан ёсоор уучлалт гуйж, суллах бүхий л арга хэмжээг авна гэдгээ мэдэгдсэн юм.
Тэгвэл тэднийг хилс хэрэгт унагаж, хүчээр ял үүрүүлсэн гэх шүүхийн шийдвэр гүйцэтгэх хоёр ажилтан болон тагнуулын нэг ажилтныг хууль хяналтын байгууллагаас шалгаж эхэлсэн. Төв аймгийн шүүхийн шийдвэрийн гүйцэтгэх газрын хоёр ажилтныг цагдан хорьсон байгаа бол тагнуулын ажилтныг саатуулан хориод суллажээ.
Тэд Б.Содномдаржаа, Т.Чимгээ хоёрыг эрүүдэн шүүж, энэ хэргийг хийсэн гэж хэлүүлээд улмаар эцэст нь ял үүрүүлж, ялласан байна. Тэдний ёс бус бичлэгийг нотлох баримт болгон АТГ болон прокурорын газарт хураан авчээ.
Харин олон нийт тэрхүү эрүүдийн шүүсэн гэх бичлэгийг үзүүлэхийг шаардаж байна. Аймшигтайгаар тамлан зовоож, яргачилсан бичлэгий олон нийтэд үзүүлэх нь зөв үү буруу юу. Прокурорын байгууллагаас бол үзүүлэх боломжгүй гэсэн.
Зарим нэгэн УИХ-ын гишүүдийн ярьж буйгаар ч үзүүлж, олон нийтийг цочирдуулахгүй байхыг хүсчээ.
Тэр зургаан хоногийн бичлэгт маш аймшигтай яргалал байгаа. Жишээ нь эмэгтэй дээр нь нүцгэн эрчүүд ороод тамлаж байсан гэх. Олон нийт цочирдон хүлээж авахаар бичлэг учраас тараахыг, үзүүлэхийг хориглох ёстой гэж байна. Ардчилсан нийгэмд ингэж аймшигтайгаар тамлаж, эрүүдэн шүүж ял үүрүүлнэ гэж байж болох уу.
Ц.Нямдорж:Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн
Харин өчигдөр Хуульзүйн байнгын хорооны хуралдаан дээр салбарын сайд Ц.Нямдорж: “Миний хувьд хүнийг эрүүдэн шүүсэнтэй холбогдолтой асуудлыг судалсан. Би 2-3 жил судалсан. Нөхцөл байдлыг би Засгийн газарт бичгээр танилцуулж мөн Ерөнхийлөгч, УИХ-ын даргад танилцуулсан. Туйлын ноцтойгоор эрүүдэн шүүсэн нь үнэн, бичлэг нь байгаа.
Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар уг бичгийг ил болгох шийдвэр гарсан. Та нар үзээрэй. Ард түмэнд ч гэсэн энэ бичлэгийг үзүүлэх ёстой гэж бодож байна. Аль улсын нутаг дэвсгэрт амьдарч, аль улсын Ерөнхий шүүгч, хуулийн ажилтнууд ажиллаж байгаа юм ингэж 1937 оныг сэргээж болдог юм уу, амьдаар нь. Баримт бий юу гэж асуулаа. Би баримтгүй зүйл ярихгүй, гишүүдээ. Би нэг биш хэд хэдэн баримт үзэж байж гаргадаг.
Би 2017 оны дөрөвдүгээр сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга, С.Бямбацогт сайдад энэ асуудлаар захидал бичиж байсан. Чихнийхээ хажуугаар л өнгөрөөсөн. Одоогийн удирдаж байгаа хүмүүст Монголын хууль хамаагүй болсон. Үндсэн хууль, Цэцийн дүгнэлт ч хамаагүй болсон. Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү. Та нар тэр балиар бичлэгийг үргэлжилсэн хугацаагаар нь үзээрэй. Тэгвэл тархинд чинь ойлгогдоно” гэв.
О.Гэрэл
Оллоо.mn