Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшээд буй Д.Ганзоригтой холбоотой асуудлаар иргэн Л.Чулуунцэцэг, Л.Оюунцэцэг нар сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Ерөнхий шүүгчийн албан тушаалд яригдаж буй Д.Ганзориг хууль бус ямар үйлдэл хийсэн талаар Л.Чулуунцэцэгээс тодруулга авсан юм.


-Та Ерөнхий шүүгчийн албан тушаалд нэр нь яригдаж буй Д.Ганзоригийг эсэргүүцэж байгаа гэсэн. Ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа юм бэ?

-Би хууль хяналтын байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж хохирсон иргэдийн ар гэрийнхний төлөөлөл. Жирийн иргэдийг хохироож, хилс ял оноосон Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Газориг гэдэг хүн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч болох чадваргүй хүн гэж үзэж байна л даа. Гэртээ унтаж байсан хүнд хилс ял оноож хохироосон хүн УДШ-ийн ерөнхий шүүгч болох гээд нэр дэвшиж байгааг эсэргүүцэж байна. Хууль хяналтын байгууллагууд нэг нэгнийхээ хууль бус шийдвэрийг хаацайлан хамгаалж, хэлмэгдсэн хүнийг улам хохироодог явдал байсаар байгааг эсэргүүцэж өнөөдрийн хурлыг хийж байна.

-Ямар хилс хэрэгт хэнийг ялласан талаар дэлгэрэнгүй ярихгүй юу. Д.Ганзориг ямар оролцоотой байсан юм бол?

-2012 оны наймдугаар сарын 10-11-нд шилжих шөнө Хэнтий аймгийн Бор-Өндөр хотод Л.Эрхэмбаяр гэдэг хүн бусдад зодуулсан юм билээ. Харин миний төрсөн дүү Л.Гансүх уг хэргийг үйлдсэн хэмээн хилсээр гүтгэгдэн ял сонссон. Яг үнэндээ тухайн хэрэг болох үед миний дүү хэргийн газар огт байгаагүй, гэртээ унтаж байсан байдаг юм. Ээжийндээ ирж унтсан гэдгийг нь хоёр хүн гэрчилдэг. Дүүгээ хилс хэргээс мултлахын тулд би зургаан жилийн хугацаанд 40 гаруй сая төгрөгөө зарцуулан тэмцээд дийлсэнгүй.

-Танай дүүг хэргийн газарт байсныг хэн яаж нотолсон бэ?

-Хуулийн байгууллагын ажилтнууд архины хамааралтай болсон Б.Ариунжаргал гэх эмэгтэйд 500 мянган төгрөг өгнө гэх мэтээр хууран мэхэлж мэдүүлэг аваад өөр ямар ч нотлох баримтгүйгээр дүүг минь ялласан. Миний дүүг гэмт хэрэгтэн болгож худал мэдүүлэг өгсөн Б.Ариунжаргалын өгсөн бүх мэдүүлэг нь худал байсныг сүүлд шүүх өөрөө тогтоочихсон байдаг. Гэхдээ хуурамч мэдүүлгийнх нь улмаас ял сонссон дүүгийн минь ялыг хэрэгсэхгүй болголгүй, хэвээр үлдээсэн. Хүмүүс шүүгчдэд мөнгө өгөхгүй бол хэргээс гарахгүй дээ гэж удаа дараа зөвлөж байсан. Гэвч би шударга зантай учраас шударгаар явна гэж тэмцээд дийлсэнгүй. Миний дүүг зургаан жилийн хугацаанд эрүүдэн шүүж залхаан цээрлүүлсэн. Зургаан жилийн турш өвөл, зунгүй цагдаагийн үүд сахиулж залхаан цээрлүүлж байсан нь эрүү шүүлт байсан.

-Тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед Б.Ариунжаргалаас өөр гэрч дэргэд нь байгаагүй юм уу?

-Гэмт хэрэг гарах үед байсан хоёр дахь гэрч С.Ганбаатарыг цагдаа нар эрүүдэн шүүж амь насыг нь хохироосон ноцтой явдал гарсан. Миний дүүг л буруутан болгох явдал хууль шүүхийн байгууллагад чухал байсан болохоос биш хэргийн жинхэнэ үнэн мөнийг олох хүсэл байгаагүй. Дүү минь албан тушаалтан биш жирийн барилгачин хүн байсан.Мөнгө өгөөгүй хүнийг гэртээ унтаж байхад нь гэмт хэрэгтэн болгож ял оноодог цаг иржээ.

-Өмнө нь энэ хэргийн талаар яагаад олонд мэдэгдэж байгаагүй юм. Яагаад Д.Ганзоригийг Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчээр томилогдох болсон цаг хугацаатай давхацуулж энэ мэдэгдлийг хийж байгаа юм. Та бүхнийг хэн нэгний захиалгатайгаар мэдэгдэл хийж байгаа гэх мэдээлэл гарсан байсан?

-Би намын гишүүн биш. Надад өнөөдөр хэн ч шахалт үзүүлээгүй. Би таван цаасны төлөө хүний гар хөл болж дуугарах хэмжээний хүн биш.

-Шүүхийн шийдвэр гарсан тухайн цаг үед яагаад хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандаж болоогүй юм бэ?

-Тухайн шийдвэр гарсан цагаас хойш бид өөрсдийнхөө хэмжээнд төрийн гурван өндөрлөг, Хүний эрхийн үндэсний комисс, Хууль зүйн яам гээд бүх газарт хандсан. Өнөөдөр л энэ асуудал яригдаж байгаа биш. Энэ зөвхөн Д.Ганзоригийг эсэргүүцсэндээ биш л дээ. Буруу шийдвэр гаргасан Шүүх бүрэлдэхүүний таван шүүгчийг эсэргүүцэж байна. Энэ таван шүүгчийн хэн нь ч Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгчид нэр дэвшихэд би орилоод босоод ирэх байсан. Хэвлэл мэдээллийн байгууллагад хандахад улам л зуудаг гэж хүн надад зөвлөж байсан. Иймээс л өмнө нь хэвлэл мэдээллийн байгууллагад хандаагүй юм.

 

Эх сурвалж: dnn.mn