О.Батхишиг: Гэр хорооллын хөрсөнд хар тугалга ихээр агуулагдаж байна
2019/04/15
Хот суурин газрын төвлөрөл ихсэхийн хэрээр бид эрүүл орчинд амьдрах боломж бололцоо цаг тутамд үгүйлэгдэж байна. Нийслэлд амьдарч буй иргэдэд тулгамддаг асуудал олон. Үүний нэг нь хөрсний бохирдол. Тэгвэл нийслэлийн хөрсний өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар ШУА-ийн геоэкологийн хүрээлэнгийн хөрс судлалын лабораторийн эрхлэгч доктор О.Батхишигтэй ярилцлаа.
-Нийслэлийн хөрсний бохирдлын өнөөгийн нөхцөл байдал ямар байгаа талаар бидэнд мэдээлэл өгөөч. Нянгийн бохирдол өндөр хэсгүүдийг нэрлэвэл?
-Хөрсний бохирдол нь хүнд металл, нян, хог гэсэн гурван хүчин зүйлээс үүдэлтэй. Хүнд металлын бохирдол томоохон хогийн цэгүүдийг дагаж бий болдог. Нянгийн бохирдлын тухайд яалт ч үгүй гэр хорооллын нүхэн жорлонтой холбогддог.
Хэдэн жилийн өмнө нийслэлийн томоохон захуудын ойр орчимд хөрсний нянгийн бохирдол их байсан. Жишээ нь, Нарантуул захын хойд хэсэгт нянгийн бохирдол ихтэй гэсэн шинжилгээний хариу гарч байсан үе саяхан. Тус захын “Мангасын ам” буюу арын хаалга орчимд тохижилт хийснээр хөрсний бохирдол бага зэрэг буурсан. Гэхдээ зах болон хогийн цэгүүдийг дагасан хөрсний нянгийн бохирдол одоо ч байсаар л байна. Ахиц, өөрчлөлт дэвшилтэд хүрсэнгүй. Өсөн нэмэгдэж байгаа.
Мөн хүний үйл ажиллагаа ихтэй уул уурхайн бүсэд хөрсний бохирдол их байна. Энэ нь уул уурхайн компаниуд байгальд хортой хог хаягдлаа ил задгай хаяж байгаатай холбоотой. Хөрсийг сүйтгэчхээд нөхөн сэргээлтэд огт ач холбогдол өгдөггүй. Өөрөөр хэлбэл, уул уурхай эрхэлдэг компаниуд хөрсний нөхөн сэргээлтэд анхаардаггүй гэж хэлж болно. Жишээлбэл, Баянзүрхийн товчоо, Налайх орчмын хөрс нэлээд бохирдсон. Ойр орчмын хөрснөөс дээж авч судалгаа хийхэд хром байх ёстой хэмжээнээсээ хэт их илэрсэн. Тэр хэсэгт карьерын үйлдвэр болон барилга байгууламж баригдсан учраас ил задгай хог хаягдлын бүс болсон байна гэж хэлж болох нөхцөл байдал үүссэнтэй холбоотой. Ямар ч хараа хяналтгүй байх жишээтэй.
Сүүлийн жилүүдэд хийсэн судалгаанд үндэслэн дүгнэхэд, хөрсний бохирдол тулгамдсан асуудлын нэг болоход ойрхон байна шүү дээ. Хараахан утаа шиг гамшгийн түвшинд хүрээгүй.
Хөрсний бохирдол нь амьд организмаас үүдэлтэй. Өөрөөр хэлбэл, хөрсний бохирдол гэдэг нь дэлхий нийтийн асуудал болсон. Ганц манай улс хөрсний бохирдол яриад байгаа юм биш. Мэдээж маш олон хүчин зүйл бий. Энэ дундаа гэр хорооллын нүхэн жорлон хөрсийг ихээр бохирдуулдаг гэдгийг дахин хэлмээр байна. Манай улс гэр хорооллын ариун цэврийн байгууламжийг зохицуулах стандарттай. Гэвч нийслэлийн гэр хорооллын 80 гаруй хувь нь энэ стандартыг мөрддөггүй. Энэ бүгдээс үүдээд хөрсний бохирдол дээд цэгтээ хүрч байгаа гэж хэлж болно.
-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд ямар ажлыг хийж хэрэгжүүлэх хэрэгтэй вэ?
-НҮБ-аас 2015-2024 оныг дэлхийн хөрсний 10 жил болгон зарласан. Энэ ажлын хүрээнд БОАЖЯ-наас тодорхой судалгаа, болон бодит ажлуудыг хийж хэрэгжүүлж байгаа. Цэвэр агаар сан, ШУА-ийн газарзүйн хүрээлэн, Хөрс судлалын салбар хамтран Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгааг 2014 онд хийж байсан. Энэхүү судалгаагаар нийслэлийн хөрсөнд агуулагдах хар тугалга, хром нь зөвшөөрөгдсөн хэмжээнээсээ 10-15 дахин их гарсан байдаг.Хамгийн сүүлд хийсэн том судалгаанаас үзэхэд ийм байгаа.
Хөрсний асуудалд анхаарах цаг болсон. Хүн амын хоол тэжээлийн 95 хувь нь хөрстэй холбоотой гэж үздэг. Бид хөрсөөр дамжин ургасан хүнсний ногоог хоолондоо хэрэглэж байна. Үүнээс шалтгаалаад бид эрүүл хүнс идэж байна уу, үгүй юу гэдэг асуудалд хариулна. Иймд бид хөрсөө эрүүл байлгах шаардлагатай болно.
-Газар тариалангийн бүсэд ч хөрсний бохирдол байхыг үгүйсгэхгүй гэсэн үг үү?
-Хот суурин газрыг бодвол тэр бүсэд хөрсний бохирдол харьцангуй бага. Харин малын бэлчээрлэлт нэмэгдсэнээр хөрсний элэгдэл хөдөө орон нутагт бий болсон. Энэ нь сүүлийн жилүүдэд асуудал болж байна. Ил задгай хог хаягдал нь тодорхой хэмжээгээр бохирдол үүсгэж байгаа.
-Судалгааны үр дүнд ямар дүгнэлтэд хүрэв?
-Нийслэлийн хэмжээнд хүн амын суурьшлын бүс нэмэгдэхийн хэрээр хог хаягдал ихсэж байгаа. Үүнтэй холбогдуулан байгаль орчны асуудал хөндөгдөнө. Органик болон органик бус гэсэн үндсэн хоёр хүчин зүйлээс хөрс бохирддог. Бүр тодотгоё. Органик бодис нь задардаг. Органик бус бохирдуулагч гэдэг нь задардаггүй хүнд металлыг хэлээд байгаа юм. Энэ нь хөрсөнд нэвчсэнээр удаан хугацаанд оршдог, устдаггүй. Үүнд хар тугалга, хром зэрэг элемент багтдаг.
-Агаар, ус, хөрс гээд давхар яригддаг. Гэтэл хөрсний бохирдлын асуудалд арай хөндий хандаад байна уу даа?
-Агаар, усны бохирдол шиг нүдэнд ил биш учраас хөрсний бохирдлын асуудал орхигдоод байгаа юм. Хөрсний бохирдлыг шууд харах боломжгүй. Үр дагаврыг нь агаарын бохирдол шиг нарийн судлах хэмжээнд хүрээгүй. Уг нь хөрс өөрөө ус, агаарын суурь болж өгдөг гээд бодохоор чухал асуудал шүүдээ. Орхигдох ёсгүй.
-Нийслэлийн хөрсний 88 хувь нь нянгийн бохирдолтой гэх судалгаа гарсан байдаг. Хэр бодит судалгаа вэ?
-Нийслэлд 1990 онд хөрсний бохирдлын анхны судалгааг хийж байсан. Түүнээс хойш олон удаа судалгаа хийж ирсэн. Мэдээж нянгийн бохирдол 88 хувьд хүрсэн гэхэд хүн бүр гайхаж байгаа. Гэхдээ энэ нь хэлбэлзэлтэй байна. Манай орон жилийн дөрвөн улиралтай. Зуны улиралд хөрсний бохирдол их гардаг. Өвөл харьцангуй бохирдол бага. Иймд хөрсний нянгийн бохирдлын хувь хэмжээ улирлын онцлогоос шалтгаалж хэлбэлзэнэ.
-Та нийслэлийн аль бүсэд хөрсний судалгаа хийсэн бэ?
-Томоохон төвлөрсөн газрууд болох “Шар хад” болон “Да хүрээ” “Цагаан даваа”-ны хогийн цэг орчмоор хөрсний судалгаа хийсэн. Дээрх бүсэд хүнд металлын бохирдол байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн. Мөн арьс ширний үйлдвэрийн бүс дэх хөрснөөс хром өндөр илэрсэн. Манай улсын хөрсний бохирдлыг олон улсын жишигтэй харьцуулбал харьцангуй бага ба аюулын түвшинд хүрээгүй. Хөрсний бохирдол энэ зэрэгтээ байгаа нь хими, электрон зэвсгийн үйлдвэрлэл хөгжөөгүйн ач тус. Эдгээр үйлдвэрлэл хөгжсөн, халуун орнуудад хөрсний бохирдол заналхийлж байгаа. Хэрэв, дэлхийн өндөр хөгжилтэй орнуудын адил үйлдвэрлэл ихтэй байсан бол хөрсний бохирдол утаа шиг гамшигт хүрсэн байхыг үгүйсгэхгүй. Иймд манай орон хөрсний бохирдлоороо утааны араас орохгүйн тулд хүн бүр ухамсартай байж хог хаягдлаа эмх цэгцтэй хаях хэрэгтэй.
-Бусад улс орон хөрсний бохирдлыг хэрхэн шийддэг юм бэ. Монгол Улс дэлхийн жишгээс судлах боломж хэр байдаг вэ?
-Дэлхийн улс орнууд хөрсний бохирдлоо ил зарлаад байдаггүй. Хөрсний бохирдолтой тэмцэхийн тулд барилгажуулах ажлыг олон улсад сонгодог арга гэж үздэг. Бохирдлын цэг болсон газрыг дэд бүтэцжүүлэх замаар шийддэг. Улаанбаатар хотод ч хэрэгжүүлж эхэлсэн. Гэсэн хэдий ч стандартаа мөрдөж баримталж ажиллаж чадахгүй байна уу даа гэж боддог.
-Хөрсний бохирдлыг бууруулахын тулд ямар ажил хийвэл зохистой вэ. Хог хаягдлын тухай хууль, тогтоомж хэрэгжихгүй байх шиг. Та үүнтэй санал нийлж байна уу?
-Яг тийм. Хог хаягдлын тухай хуулийн 43.1.4 дүгээр зүйл, 43.1.6 зүйлд зааснаар “Зориулалтын бус газар болон тогтоосон цэгээс бусад газарт, нийтийн эзэмшлийг зам талбай, ногоон бүс, үерийн далан зэрэг газарт хог хаясан иргэнийг 50 мянган төгрөг, аж ахуйн нэгжийг 200 мянган төгрөгөөр торгох” заалт бий. Өмнөх хог хаягдлын хуулийг сайжруулж торгуулийн хэмжээг нь нэмсэн. Гэтэл энэ хууль огт хэрэгжихгүй байгаа юм. Уг нь хуулиа мөрдөж, хэрэгжүүлж чадвал хөрсний бохирдолтой тэмцэж буй том ажил. Япон, Сингапур зэрэг өндөр хөгжилтэй орны иргэд ухамсартай, соёлтойдоо хог хаядаггүй юм биш. Хог хаягдлын тухай хуулиа чанд мөрдөн сахидагт учир бий. Үүнийг манай улс практикт хэрэгжүүлэх хэрэгтэй. Хөрсний бохирдлыг үгүй хийхийн тулд цэвэрлэх, саармагжуулах олон арга бий. Гэхдээ энэ бүхэнд нэлээд төсөв мөнгө шаардагддаг.
-Хүмүүс хөрсний бохирдлын талаар хэр ойлголттой байдаг гэж та бодож байна?
-Мэдээллийн эрин зуунд амьдарч байгаа болохоор хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан хог хаягдлын талаар мэдээллийг хангалттай авч чадаж байгаа. Нэг үеэ бодвол иргэдийг мэдээллээр сайн хангадаг болсон. Гэтэл хогоо хаясаар, хөрс, усаа бохирдуулсаар. Ер нь хүмүүсийн муу зуршил, хандлага огт өөрчлөгдөхгүй байна. Оюутнууд жил бүр Туул, Сэлбэ орчмын хогийг цэвэрлэдэг. Хууль нь хэрэгжихгүй болохоор буцаад хог хаягдал бий болж хөрс бохирддог нь тогтсон үзэгдэл болж.
-Нийслэлийн хөрсний бохирдол байх ёстой стандарт хэмжээнээсээ хэр давсан юм бэ?
-MNS: 5850 гэсэн стандарт байгаа. Хөрсний механик элементүүд дундаа хөрснөөс хар тугалга ихээр илэрч байгаа. Хөрс, ус салшгүй холбоотой. Тэгэхээр энэ нь удахгүй аюултай хэмжээнд хүрэх гэж түгших цаг ирэх вий.
-Хүнд металлууд хөрсөнд нэвчсэнээр ямар өвчлөлийг үүсгэх эрсдэлтэй вэ. Дан ганц хүнд металл, элемент гэлтгүй хөрсний нянгийн бохирдлоос үүдэн ямар өвчлөл үүсдэг юм бэ?
-Хүнд металлууд хорт хавдар үүсгэдэг.
Гэр хорооллын хөрсөнд хар тугалга ихээр агуулагдах боллоо. Энэ нь хүүхдийн мэдрэлийн үйл ажиллагаанд асар их хор хөнөөлийг үзүүлдэг. Цаашлаад цусан суулга, халдварт саа, вирусийн халдвар, боом өвчин, шар өвчин гэдэсний халдварт өвчлөлийг үүсгэж байгаа юм. Хар тугалга хүний цус төлжилтийг саармагжуулж, мэдрэл оюун ухаанд нөлөөлж, бөөр, хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагааг хямраан, татах, саажихад хүргэх аюултай.
Бид газар нутаг томтой, хүн ам сийрэг гэж бодоод хөрсөө тоодоггүй. Малчид бол өвс тэжээл муудаад ирвэл өөр газар руу нүүнэ. Хөрсний бохирдлоос гадна хөрсний эвдрэл хаа сайгүй бий болжээ.
-Хөрс хамгийн ихээр бохирдуулж байгаа зүйл нь нүхэн жорлон. Тиймээс нүхэн жорлонд өөрчлөлт хийх цаг болсон харагдана. Яаж шийдвэл хөрсний нянгийн бохирдлоос ангид байж чадах юм бэ?
-Улаанбаатар хотын гэр хорооллын айлуудын 70 орчим хувь нь шаардлага хангахгүй, зориулалтын бус жорлонтой байгаа нь судалгаагаар тогтоогдсон. Хөрсний бохирдлоос ангижрахын тулд манай нөхцөлд тохирох технологийн судалгааг хийх шаардлагатай байна. Сайжруулсан жорлонг бий болгох аль эсвэл технологийн аргыг ашиглах. Ундны усны эх үүсвэр орчмын нүхэн жорлонгууд бохирдол ихээр үүсгэж байгаа. Хамгийн зөв шийдэл нь иргэдээ орон сууцжуулах гэж харж байна.
Бат · 2019/04/16
Одоо монгол улс хөгжих эсэх нь Үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгох өөрчлөлт оруулж төрд ард түмний хяналт хэрэгтэй