Дуулиант хэргийн эзэд буюу гурвалуудын хэрэг хаачив
2019/04/17
Гурвалын тухай ойлголт өргөн цархүрээтэй. Д.Нацагдоржийн “Учиртай гурван толгой” алдарт жүжгийн зохиол бий. Монгол ардын аман зохиолын сургаал хэллэг болох “Ертөнцийн гурав” гэж байна. Цаашлаад гурван цагийн ёс, эрийн гурван наадам, аяны гурван дугараа, чандмань, соёмбон дээрхи галын гурван дөл зэргээр монголчууд гурвын тоог чухалчилдаг байсныг сонирхуулахад ийм.
Гурвал бас орчин цагт өөр зүйл дээр ч тодорч байна. Монголын нийгэмд гарч байгаа эрүүгийн зарим томоохон хэргүүдийн холбогдогчдыг харахаар яаж ийгээд л гурван гол тоглогчтой ажээ.
Оюутолгойн гэрээтэй холбоотой олон жил сунжирч буй нэгэн хэрэг бий. Гол холбогдсон хүмүүс нь Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нар. Тэднийг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэхдээ эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас яллагдагчаар татан шалгасаар даруй хэдэн жилийн нүүрийг үзээд байна. Эдгээр 3 эрхмийг хуулийнхан сүр дуулиантайгаар баривчилж байсан удаатай. Хамгийн сүүлд өнгөрсөн сард С.Баярцогтын оффшор данстай холбоотой шинэ мэдээлэл Швейцариас ирсэн тухай дуулиан дэгдээд л энэ хэргийн эздийн сураг алдрав.
Сайд нарын хэргээс дутахааргүй дараагийн гурвалын хэрэг бол Хууль зүйн сайд асан Д.Дорлигжав нарын 4 сая ам.долларын авлигын хэрэг юм. Гурвалын эзэд буюу Д.Дорлигжавын нөгөө хоёр нь “Голомт”-ын Д.Баясгалан, “Алтандорнод Монгол”-ын Т.Ганболд нар. Д.Дорлигжав Хууль зүйн сайд байхдаа “Алтандорнод Монгол” ХХК-ийн захирал Т.Ганболдыг дарамтлан 4 сая ам.долларыг Голомт банкаар дамжуулан авсан гэх хэрэг юм. Мөн л гурвуулаа цагдан хоригдсон, суллагдсан. Хэргийн шийдвэрлэлт өнөөг хүртэл таг чиг хэвээр байна.
Тэгвэл хамгийн сүүлд “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьчлалтай холбогдсон гурвалын хэргийг нэрлэж болно. Худалдаа хөгжлийн банкны захирал “сахал” Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монголын зэс корпораци” -ийн захирал Ц.Пүрэвтүвшин гурвыг АТГ, ЭЦА-ны Ажлын хэсэг сүр дуулиантайгаар баривчилсан ч маргааш нь сулласан хамгийн богино хэмжээний цагдан хорио байв.
Д.Эрдэнэбилэг нарыг Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хувьчлалыг хууль бусаар зохион байгуулсан гэж буруутгаж буй юм. Сүр дуулиантай баривчилгаа болсноос хойш нэг сар гаруйн хугацаа өнгөрсөн ч хуулийнхан нам жим болжээ. Хууль бус хувьчлалд холбогдсон 3 эрхэм суллагдаж эрх чөлөөтэй болж, Худалдаа хөгжлийн банк үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлсээр байна.
Х.Маргад
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=20085