Одоогоос 13 жилийн өмнө Малайз улсад хэрцгийгээр хөнөөгдсөн монгол бүсгүй Ш.Алтантуяагийн аллага эцэслэн шийдэгдээгүй байгаа билээ. Түүний талаар эргэн сөхвөл, талийгаач Ш.Алтантуяа нь  англи, орос хэлээр чөлөөтэй ярихын зэрэгцээ хятад, япон хэлний мэдлэгтэй, өндөр боловсролтой нэгэн байсан юм. ОХУ-ын Белыйводы, Чимкент, Ленинград хотод 1-6 дугаар ангиа дүүргэж 1990 онд гэр бүлээрээ Монголд ирээд Орос 14, улмаар 84 дүгээр дунд сургуульд суралцжээ. МУИС-ийн дэргэдэх лицей аравдугаар ангийг төгссөн аж. Дараа нь Хүмүүнлэгийн ухааны их сургуульд суралцаж байгаад Отгонтэнгэр дээд сургууль руу шилжин англи хэлний орчуулагч мэргэжил эзэмшсэн. Мөн БНХАУ-ын Бээжин хотын Гадаад хэлний их сургуулийн хятад хэлний ангид орчуулагч, эдийн засагч мэргэжлээр давхар мэргэшсэн гэнэ. Тэнд суралцаж байх хугацаандаа Оросын илгээмжийн нэгэн том компанид орчуулагчаар ажиллаж байжээ. Сургуулиа төгсч ирээд хувиараа гоо сайхны салон байгуулан бизнес эрхэлдэг байсан гэдэг. Орос, англи хэлийг сайн эзэмшсэн Ш.Алтантуяа хувийн бизнесийн шугамаар олон улс оронд орчуулагчийн ажлаар зорчиж байгаад ийн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. 

Тэгвэл эл хэргийн захиалагч гэгддэг тухайн үед Малайзын Ерөнхий сайдын албыг хашиж байсан Нажиб Разактай хийсэн ярилцлага Их Британийн телевизүүдийн нийгэмлэгийн “2019 оны шилдэг ярилцлага”-ын шагналыг хүртжээ.

http://news.mn/wp-content/uploads/2019/03/D0fuD8IX4AE5eJN-e1552544639397-320x308.jpg

 

Уг ярилцлагыг Катарын “Al Jazeera” телевизийн “101 East” баримтат цувралын Британи хөтлөгч Мэри Анн Жоли хийсэн юм байна. Тэрбээр Ш.Алтантуяагийн аллагын хэргийн үйл явцыг дүрсжүүлэн баримтат нэвтрүүлэг хийж байсан сэтгүүлч. Ерөнхий сайд асан Нажиб Разак нь маш их хэмжээний авлига хээл хахууль, мөнгө угаасан хэргээр шүүхэд дуудагдаж байгаа бөгөөд Монгол улсын иргэн Ш.Алтантуяа 2006 онд түүнийг засгийн газар удирдаж байхад шумбагч онгоцны маш том хууль бус гэрээнд орчуулагчийн үүрэг гүйцэтгэж байгаад зэрлэг балмадаар амиа алдсан байдаг. Нажиб улсынхаа усан хилийн аюулгүй байдлыг чангатгахын тулд Францаас шинэ шумбагч хөлөг авахаар тэрхүү гэрээг хийсэн гэдэг ба шумбагч хөлгийн төлбөрийг улсаас гаргуулахдаа их хэмжээний мөнгө завшсан гэж түүнийг буруутгаж байгаа.

http://news.mn/wp-content/uploads/2019/03/maxresdefault-1-2-500x281.jpg

 

Харин талийгаач бүсгүйд ажлын хөлсийг нь өгөөгүй учир мөнгөө авахын тулд түүний хамтрагч Багинда гэгч дээр очтол түүнийг хүмүүс хөлслөн зэрлэгээр хөнөөсөн. Энэ хэргийн гол захиалагч Нажиб Разакийг гэж сэжиглэдэг. Улсаас мөнгө завшсан хэргийнхээ гэрчийг устгасан уу, эсвэл өөр шалтгаан байсан уу ямартай ч нэгэн монгол эмэгтэй Малайзын эрх мэдэлтнүүдийн явуулгаар амиа алдсан нь ойлгомжтой болж, хэргийг үйлдсэн хоёр этгээд болох Нажибын хамгаалагч байсан Сирул Азхар Умар болон Азилах Хадри нарт хожим цаазын ял оноосон. Гэвч одоог хүртэл хэрэг сунжирч тэдний ялыг гүйцэтгээгүй байгаа юм.

 

http://news.mn/wp-content/uploads/2019/03/i-dont-walk-out-on-my-people-najib-rants-about-al-jazeera-award-gets-roasted-by-netizens-world-of-buzz-9-500x263.jpg

 

Ярилцлага ерөнхийдөө түүний холбогдоод буй “1MDB”-ийн хэрэг буюу өөрийн хувийн дансаараа дамжуулан төрийн өмчит “1MDB” компаниас 700 сая ам.доллартай тэнцэхүйц мөнгийг хувьдаа завшсан, мөн түүний эхнэр Розмах Мансор тус компаниас 30 сая ам.доллартай тэнцэх хэмжээний үнэт эдлэл хувьдаа авсан зэрэг удаан хугацааны туршид үргэлжилсэн дуулиант хэргүүдийнх нь талаар ярилцсан байна. Ярилцлагын төгсгөлд сэтгүүлч түүнээс 2006 онд болсон Монгол улсын иргэн Ш.Алтантуяагийн хэргийн талаар ярьж эхлэхэд Нажиб маш ихээр цухалдаж, ярилцлагыг орхин гарахыг оролдсон аж. Тэрбээр өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбоогүй, талийгаачийг өмнө нь ганц ч удаа харж байгаагүй хэмээн мэдүүлсээр байгаа юм. Гэсэн ч гэрчүүд Нажиб болон түүний хамтрагч Багинда нарын талийгаачтай хамт авхуулсан зургийг харсан гэж мэдүүлсэн. Мөн хэргийг гардан гүйцэтгэсэн этгээдүүд экс Ерөнхий сайдын туслахууд байсан нь тогтоогдсон байдаг. Олон жил төрийн эрхийг атгаж байсан Нажибын засгийн газар огцорч сөрөг хүчин буюу одоогийн Ерөнхий сайд Махатир засгийн газрыг толгойлох болсноор өмнөх эрх баригчдын авлига хээл хахууль, бузар булай хэргүүдийг сөхөн шалгаж эхэлсэн юм.

 

Эх сурвалж: straitstimes

Энэ хэрэг гарсан ТУХАЙН ҮЕД ЮУ БОЛОВ

Шаарийбуугийн Алтанту­яагийн амиа алдсан өдөр түүнийг хүргэж өгсөн так­сины жолооч энэ хэргийн талаар хамгийн анх цаг­даад мэдээлсэн гэдэг. Бүс­гүйг түүний нүдэн дээр барьцаалан, машинд суул­ган авч одоход жолооч барьцаалагчдын машины марк, дугаарыг тэмдэглэн авч, цагдаад мэдээлжээ.

Машиныг хэдэн өдрийн дараа олсон бөгөөд Малайзын Засгийн газарт бүртгэлтэй машин болохыг тогтоосон байдаг. 2006 оны арваннэгдүгээр сарын 19-нд Малайзын цагдаагийн газрын тэмдэглэлд залуухан ази бүсгүйн үхлийн талаар маш тодорхой бичсэн байжээ. Гэвч уг рапорт нууц хэвээр байсан гэдэг.

Бүх зүйл 2002 онд Франц-Испанийн “Армарис” гэх компани Малайзын Засгийн газарт гурван шумбагч хөлөг нийлүүлэх нэг тэрбум еврогийн хэлэлцээ байгуулснаас эхэлжээ. 28 настай Ш.Алтантуяа бүсгүй “Армарис” болон Малайзын Засгийн газрын хоорондох учир битүүлэг, асар үнэтэй наймааны золиос болсон билээ. “Liberation” сонины сүүлийн дугаарт Ш.Алтантуяагийн аллагын хэрэгт Малайзын Засгийн газар, Ерөнхий сайд Нажиб Разак холбоотой гэж бичсэн байдаг. Харь газар амиа алдсан Ш.Алтантуяа 2004 онд Хонконгт Абдул Разак Багиндатай танилцсанаар түүний хувь тавилан орвонгоороо эргэсэн юм.

Багинда гэгч нь тухайн үед аюулаас хамгаалахын ажилтан, Малайзын Стратегийн судалгааны төвийн захирал байв. Багиндад оросоос англи хэл рүү орчуулга хийж өгдөг байсан Ш.Алтантуяа удалгүй түүнтэй амрагийн холбоотой болсон байна. Багинда тухайн үед Ерөнхий сайдын орлогч байсан Нажиб Разактай ойр дотно холбоотойгоороо Куала Лумпурын элитийн хүрээнд багтдаг байжээ.

2005 онд Ш.Алтантуяа Багиндатай хамт түүний улаан Ferrari-гаар Европоор зугаалсан гэдэг. Гэвч тэр зугаалгын цаад зорилго нь шумбагч хөлөг худалдаж авах хэлэлцээ байжээ. Хэлэлцээг бүр 2002 онд байгуулсан байсан ч чухал заалтуудыг тохироогүй байж. Алтантуяа Парисын нэгэн клубт Нажиб Разак болон Багиндатай авахуулсан зургаа үзүүлж байсныг нэгэн найз нь гэрчилсэн боловч Нажиб Разак коран судар дээр гараа тавьж, бүсгүйг амьдралдаа огт харж байгаагүй хэмээн мэдүүлэг өгсөн юм.

2006 оны аравдугаар сард “Армарис” техник үйлчилгээний комисст Багинда болон түүний нөхөд төлбөрөө тушаасныг сонсоод Алтантуяа Куала Лумпурт очиж өөрийн хувиа авахыг хүсчээ. Харин Багиндагийн удирдаж байсан техник үйлчилгээний “Perimekar” түүнд олгох 500.000 ам.долларыг өгөхөөс татгалз­жээ. Багинда, Алтантуяа нар үүний өмнөхөн хоёр тийш болсон гэдэг. Учир нь Багиндагийн хартай эхнэр түүнд ямар ч мөнгө өгөхгүй байхыг тушаасан байна. Алтантуяа өөр хоёр монгол бүсгүйн хамт Куала Лумпурт очиж, Багиндаг мөнгийг нь өгөхийг шаардсан байдаг. Харин хэдхэн хоногийн дараа бүсгүй амиа алдсан бөгөөд Малайзын цагаачлалын бүртгэлээс түүний нэр арчигдсан байдаг.