Иргэд төрийн банкны пос төхөөрөмжийг ашиглан хялбар үйлчлүүлж байна
2019/03/26
Нийслэлээс иргэдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэг дор төвлөрүүлж, зарим үйлчилгээний шийдвэрлэх хугацааг богиносгон, иргэдэд учруулж буй хүндрэл, чирэгдлийг багасгах зорилгоор нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын 287, Засгийн газрын харьяа агентлагуудын 99, нийт 386 үйлчилгээг Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвөөс авах боломжийг бүрдүүлсэн.
Өнгөрөгч оны 12 дугаар сард Төрийн банк нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон Монголбанктай хамтран картын системдээ хөгжүүлэлт хийж Төрийн үйлчилгээний төлбөрийг Төрийн банкны ПОС төхөөрөмжийг ашиглан бүх банкны картаар төлөх боломжийг харилцагчиддаа олгосон билээ.
Өнөөдрийн байдлаар Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав, Драгон, 7-н буудал, Мишээл салбарын нийт 36 цонхонд Төрийн банкны ПОС төхөөрөмжөөр үйлчилж байгаа бөгөөд иргэд, аж ахуй нэгж байгууллагын бүх төрлийн татвар, тусгай зөвшөөрөл, архивын лавлагаа, ял шийтгэлгүй гэсэн тодорхойлолт гэх мэт Төрийн үйлчилгээ авахдаа банкинд очихгүйгээр шууд төлөх боломжтой байна.