“Өргөө” амаржих газар нь жилдээ 12 мянга гаруй эхийг эсэн мэнд амаржуулдаг нийслэлийн ууган байгууллагын нэг билээ. Өдгөө нийт 363 ортойгоор үйл ажиллагаа  явуулж буй тус амаржих газар нь Эрүүл мэндийн сайдын 2016 оны А/228 тоот тушаал, Сангийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2017 оны 264/А/293 тоот тушаал, Нийслэлийн “Өргөө” амаржих газрын даргын 2018 оны 10-р сарын 08-ны өдрийн А/67 тоот тушаалын дагуу Эх барих тасаг, Нярайн эмгэгийг эмчлэх тасаг, Эмэгтэйчүүдийн тасагт үйлчлүүлэгчдийн хүсэлтээр нөхцөл сайжруулсан өрөөг ажиллуулах болсон.

Тухайн өрөөнд зарим шаардлагатай эд хогшлыг нэмэлтээр байрлуулсан бөгөөд үйлчлүүлэгч зөвхөн өрөө ашигласны төлбөрийг төлөх буюу эмчилгээ, үйлчилгээнд ямар нэг төлбөр төлөхгүй байх талаар дотоод журамд дурдагдсан болно.

Харин тус өрөөний төлбөрийг нярайн шарлагын төхөөрөмж ашигласны төлбөр хэмээх  ташаа мэдээлэлд албан ёсны залруулга хийж байна.

Ургийн архаг бүтэлтийн шалтгаанаар нярайн шарлалт эрт эхлэх, гүнзгийрэх ба удаан хугацаанд үргэлжлэх нь нярайн тархины эмгэг үүсэх эрсдлийг дагуулдаг. Иймд нярайн эмгэгийг эмчлэх зориулалт бүхий нөхцөл сайжруулсан өрөөнд нярайн хүй болон арьс арчилгааны иж бүрдэл, шаардлагатай эм тариаг байрлуулж, шаардлагатай тохиолдолд нярайн шарлагын төхөөрөмжийг зөөвөрлөн богино хугацааны эмчилгээний аргыг сонгон хэрэглэж байна.