ММСУХ-ноос төвийн бүсийн уралдааны талаар мэдээлэл хийлээ
2019/05/09
Өнөөдөр "Монголын морин спорт уяачдын холбоо" нийгэмд үйлчилдэг төрийн буй байгууллагаас хэвлэлийн бага хурал хийлээ.
Уг хурлаар тавдугаар сарын 12-нд буюу ирэх Ням гаригт болох "Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн хурдан морины уралдаан"-ы талаар ММСУХ-ны дэд ерөнхийлөгч Ө.Пүрэвбаатар, ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар, ММСУХ-ны тэргүүлэгч Т.Төрбат, ММСУХ-ны ажлын албаны дарга Б.Батбаатар, ЦЕГ-ын НХЖХ, ОНАБХА -ны ОНАБХГ-ын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг нар зохион байгуулалт, бэлтгэл ажлыг бүрэн хангасан талаарх мэдээллийг хүргэв.
Төвийн бүсийн хурдан морьдын уралдаан их нас, соёолон нас, эрлийз, дунд нас гэсэн ангиллаар уралдуулахаар шийдвэрлэжээ. Мөн уралдах морьдыг тус холбооны долдугаар их хурлаас гаргасан шийдвэр, тус хурлаар батлагдсан "Хурдан морины уралдааны дүрэм" журмын дагуу зохион байгуулагдах юм байна.
ММСУХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Хишигбаатар: Засгийн газрын 134-р тогтоолын дагуу ММСУХ-оос зохион байгуулах төвийн бүсийн хурдан морьдын уралдаан тавдугаар сарын 12-нд Г.Пунцагбалжир агсны нэрэмжит төвийн бүсийн уралдаан их нас, соёолон, эрлийз, дунд насны ангиллаар уралдуулахаар шийдвэрлэлээ. Удахгүй болох уралдааны комиссын даргаар дэд тэргүүн Ө.Пүрэвбаатар томилогдсон.
ММСУХ-ны дэд тэргүүн Ө.Пүрэвбаатар "Хурдан морьдын уралдаан Засгийн газрын тогтоолын дагуу хүй долоон худагт болно. Уралдаан долдугаар их хурлаас батлагдсан шийдвэр, дүрэм, журмын дагуу явагдана. Энэ жилийн төвийн бүсийн уралдааны онцлог нь Г.Пунцагбалжир агсны нэрэмжит зохион байгуулж байгаа. Мөн хүй долоон худагт байгуулагдахаар шийдвэр гарсан явдал юм. Их насны морьд хязаалангийн тавилан буюу ойролцоогоор 18 километрээс, соёолон, эрлийз, дунд нас 14 километрээс явахаар болсон. Батлан хамгаалах яамны зэвсэгт хүчний жанжин штаб, ЦЕГ-тай хамтран ажиллана. Зохион байгуулалтыг өндөр төвшинд хийгдэнэ гэж найдаж байна. Өөрөөр хэлбэл, улсын баяр наадмаар авдаг үйлчилгээг бид авах юм. Манай холбоо Монгол наадам цогцолбор, Нийслэл хот, Хүүхдийн эрхийг хамгаалах байгууллага, даатгалын компаниуд, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, хүн эмнэлэг, мал эмнэлэг зэрэг байгууллагуудтай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.
Нийт уяачид, морь сонирхогчид, нийслэл болон орон нутгийнхаа иргэдийг бидний зохион байгуулж буй энэ ажилд идэвхтэй оролцохыг урьж байна. Бүртгэлийг уяачид даа боломж олгох үүднээс хоёр өдөр хийнэ. Сэрвээний өндрөөр хэмжих шинэ лазерын төхөөрөмж гурван ширхгийг байршуулсан. Үүн дээр хүний оролцоо огт байхгүй. Төхөөрөмжөөрөө хэмжсэн хэмжилт шууд гурван самбараар нийт үзэгчид түмэндээ ил тод нээлттэй харуулна. Хүй долоо худгийн замыг бид засаж, сайжруулалтыг хийлээ. Тиймээс "манлайлагчийнхаа машиныг дагаж явахыг" нийт уяачид минь унаач хүүхдүүддээ сайн захиж хэлэхийг сануулъя. Бороо, хур орох мэдээтэй байгаа гэхдээ бид долоо хоногийн өмнөөс уралдааны зам болон үзэгчдийнхээ замыг усалж эхэлсэн. Тийм болохоор шороо тоосгүй сайхан уралдаан болно байх. Ингээд та бүхнийгээ 12-ны билэгт сайн өдөр Монгол улсын хурдан морины сувдан хөлс нэвчсэн сайхан дэвжээн дээр амралтынхаа өдрийг сайхан өнгөрүүлээрэй гэж хүсэж байна" гэлээ.
ОНАБХГ-ын дарга, дэд хурандаа Ц.Цэрэнпунцаг: Цагдаагийн байгууллага ММСУХ-той хамтран ажиллахаар төвийн бүсийн уралдааны хамгаалалтын бэлтгэлээ хангалаа. Ажлын хүрээнд улсын баяр наадмаар ажилладаг жишгийг энэ уралдааны үеэр зохион байгуулж, аюулгүй байдлыг хангана. Өнгөрсөн жилийн баяр наадмын үеэр бид морь дагадаг автомашины тоог цөөлж чадсан. Үүнийгээ мөн хэрэгжүүлнэ. Зайлшгүй шаардлагатай хэдхэн машинаа уралдааны замд гаргана. Унаач хүүхэд, морьдынхоо аюулгүй байдалд хариуцлагатай хандаж сонор сэрэмжтэй байхыг анхааруулъя. Энэ удаагийн хамгаалалтад 700 гаруй алба хаагчид үүрэг гүйцэтгэнэ. Алба хаагч нартаа иргэдтэй зөв боловсон харьцах, тэдний аюулгүй байдлыг бүрэн хангаж ажиллах үүрэг чиглэлийг өгөөд бэлтгэл ажлаа хангасан.
ММСУХ-ны тэргүүлэгч Т.Төрбат: Сэрвээний өндөр хэмжих багажийг хүний оролцоогүйгээр ажиллуулна. Олон нийтэд ил тод байх гэсэн хоёр гол зарчмыг барьж ажиллахаар бэлтгэлээ хангалаа. ММСУХ-ны журам долдугаар их хурлаар батлагдсан. Бүртгэл хийхдээ журмыг бүх уяач нарт өгнө. Үүнтэй маш сайн танилцах ёстой. Энэхүү журмын 3-р заалтад сэрвээний өндрийг хэмжихийг нэг бүрчлэн заасан байгаа. Сэрвээний өндрийн хэмжилтийг сээрний сэртгэр ясны хамгийн товгор хэсгийг энэ цэг дээрээс авна. Өндрийн хэмжээ их нас 141 см, соёолонд 140 см байхаар батлагдсан.
Туурайн тахыг тусгайлан авч үзэхгүй байхаар шийдвэрлэсэн. Хурдан морины унаач хүүхдийнхээ эмээлийг тохохдоо сэрвээний өндрийг зориуд халхлахгүй байхыг анхааруулж байна. Сэрвээний өндрийг шууд хэмжих боломжтой байхаар эмээлээ тохохыг онцгойлон хэлье. Хэмжилтийн үр дүн нэг дэлгэц дээр шууд гарч ирнэ. Олон нийтэд нээлттэй байхаар дэлгэц байршуулсан байгаа.
Бүртгэл: Хан-Уул дүүргийн Өлзийт хороолол 59-р сургууль дээр тавдугаар сарын 10, 11-ний 10:00-18:00 цаг хүртэл бүртгэл явагдана. Бүртгэлийн ажлыг 013-р ангиас хариуцаж ажиллах бөгөөд гэр бүл, хүүхэд хөгжлийн газар, даатгалын компани хамтран ажиллах юм байна. Хурдан морь тавиач хүүхэд гэж явуулдаг үүнийг болиулсан байгаа гэдгийг уяачдад ММСУХ-ноос анхааруулав.