Хайрын дууч Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарын нэг өдөр
2019/05/13
“Марал буусан шөнө”, “Сэтгэлийн булаг”, “Би чамд хайртай” зэрэг дуунуудыг эгшиглүүлэн үзэгч олноо танил болсон дуучин МУСТА Д.Хишигбаяр, Р.Дэлгэрмаа нарыг хамтран дуулахаас гадна нэгэн гэр бүл гэдгийг уншигчид андахгүй. Бид энэ удаагийн “Танайд өнжье” булангаа бэлтгэхээр дуучин Д.Хишигбаярынхыг зорилоо. Биднийг зорин очиход нээгээд удаагүй кофе шопдоо ажилтай байна, ийшээ хүрээд ирэх үү гэснээр бид Зайсанд байрлах Aroma De Love кофе шопыг зорив. Улаанбаатар сувиллын хажууд орших Aroma De Love кофе шоп жазз хөгжмийн ая эгшиглүүлжээ. Гэргий нь "Сониныхон хүрээд ирэв үү" гэсээр бид өрөөнд орж тухаллаа. "Бид хоёр сүүлийн үед кофе шопдоо ихэнх цагаа өнгөрөөж байна. Өнгөрсөн намар өөрсдийн хүсэл сонирхлоороо кофе шопоо нээсэн юм. Тохижуулах зүйл их байна. Мэргэжлийн маань онцлогоос шалтгаалаад бид амьдралынхаа ихэнх цаг хугацааг дуу шуутай орчинд өнгөрүүлдэг болохоор ч тэрүү аль болох чимээгүй орчныг хүсэмжилдэг болчихдог юм билээ. "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлангийн кофены газраас нийлүүлэлтээ хийдэг. Кофе бидний хэрэглэдэг ундаа болчихсон" гэсээр гэргий кофе чанан, амттанаар дайлж бидний яриа хөөрөө эхэллээ.
Гэрийн эзэн кофе шопныхоо сувинерүүдийнхээ дэргэд зогсон “Бид хоёр 2010 онд гэр бүл болж энэ байрандаа гал голомтоо бадрааж байлаа. Өөр байранд ороод энэ байраа кофе шоп болгож ажиллуулахаар болсон юм. Манай гэр бүлийн хүн өөрөө тохижуулж, сувинер зэргийг урлагийн хүн учраас ихэвчлэн хөгжмийн зэмсэгүүдийг сонгосон.
1968 онд багшийн маань бичсэн гар бичмэлэн нот байдаг юм. Би өөрөө 2005 онд бичсэн нотоо жаазлаад өлгөх бодолтой байна. Ихэнх цаг энд өнгөрдөг дөө” хэмээн хуучлав. Тэрээр үргэлжлүүлэн уран бүтээлийнхээ хажуугаар кофе шопоо мөн “Сүүн цагаан хурим” нэртэй гэрлэх ёслолын үйл ажиллагааг цогцоор нь хийж үйлчилдэг компаниа нээж байгаа талаар танилцуулав. Кофе шопны хананд нийтийн дуучдын хошин зураг, хийл хөгжмөөс эхлээд сувинерэн хөгжмийн зэмсгүүд, номын тавиур, намуухан ая цаанаа л нэг тайван байдлыг илэрхийлсэн харагдана. Биднийг кофе уух зуур гэргий “Бид хоёр аялан тоглолтоор Германд явж байхдаа эгчийндээ хэд хоног амьдарч байсан юм. Эгч маань өглөөний цайндаа халуун кофе, халуун өндөг, халуун жүржийн жүүс, халуун талх бэлдэж бид өглөөний цайгаа уудаг байсан юм. Өглөө бүр аминдэмээ германчууд ингээд авчихдаг юм байна. Энэ өглөөний цай надад үнэхээр таалагдсан. Басхүү тэгж анх кофенд дурласан гэхэд болно. Тухайн үед манайд чанадаг кофе ховор байлаа шүү дээ. Судалгаанаас харахад манайд дийлэнх байдаг өвчлөлүүд европчуудын хувьд бага байдаг юм байна лээ. Тэр тусмаа Германд элэг, ходоодны хавдрын өвчлөлүүд маш бага байсан. Энэ нь ердөө кофены зөв хэрэглээтэй холбоотой юм байна лээ. Хавдрын вирусийг дарангуйлдаг гэж тайлбарлаж байсан юм. Ингээд л ер нь амьдралынхаа өдөр тутмын хэвшил болгосон кофе шопоо нээсэн. Байрлал нь хотын төвд биш болохоор ойр хавийнхан маань ихэвчлэн үйлчлүүлж байгаа. Аль болох эрт нээж хүмүүст өглөөний цайгаа уух боломжийг бүрдүүлэх гэж хичээж байна” хэмээн хуучилсан юм.
Гэрийн эзэн Төв аймагт төрж өссөн гэнэ. Тэрээр “Бидний үеийн хүүхдүүд социализмын нийгэмд амьдарч байлаа шүү дээ. Тэр үед баян, ядуу айл гэх давхарга байсангүй. Бүгд л тэгш амьдралтай. Бага нас маань аав, ээжийн нутаг Баянцагаан суманд өнгөрсөн. Аавын маань аав Гавж цолтой лам хүн байсан юм билээ. Нутагтаа том ах гэдэг нэртэй Манзуширын хийдийн мундаг лам байсан гэдэг. Аав маань тэр хүний арван хүүхдийн нэг нь. Манай аавын тал олон сайхан хүүтэй. Намайг төрдөг жил өвөө бурхан болсон гэдэг. Ээжийн минь аав малчин Мөнх гэдэг хүн байсан. Ээж айлын бага охин, хоёр ахтай. Хоёр ах нь хоёулаа хөдөлмөрийн баатар, нэг нь Даш гэж хүн байсан. Нөгөө нь манлай уяач Мөнхийн Данзанням гэж хүн байлаа. Түүний хүү нь Данзаннямын Даваахүү гэж уяач байна. Тэр хүний аав, манай ээж хоёр төрсөн ах дүү нар. Манай аав ганц хундага татаад ирэхээрээ сайхан дуулдаг гэж нутгийнхан ярьдаг. Аавынхаа дуулж байсныг одоо бодохоор алиа марзан дуу дуулж байсан санагддаг юм. Ээжийн талынхан уртын дууг их сайхан дуулна” хэмээн хуучиллаа.
Тэрээр ардын жүжигчин, зууны манлай дуурийн дуучин Ц.Пүрэвдоржийн удирдлаган дор таван жил сурч төгсжээ. 2002 онд дуурийн театрт ангиараа уригдан очиж, тус театрт гурван жил ажиллаж байсан гэнэ. 2003 оноос эхнэртэйгээ хамтарч дуулснаар чөлөөт уран бүтээлч хэмээх тодотголтой явах болжээ.
Тэрээр том хүү Х.Болдбаатар нь цэргээс халагдаж ирсэн бөгөөд намраас их сургуульдаа сурах гэнэ. Бага хүү Х.Банзрагч нь цэцэрлэгт явдаг байна. Тэрээр би том хүүгээ эх орондоо үүргээ хүлээж цэрэгт явах хэрэгтэй гэдэг үүднээс явуулсан. Дээр үед хүмүүс цэргийн албанд хүүхдээ явуулах дургүй байлаа шүү дээ. Надад ч цэрэгт явах боломж гараагүй юм. Тэр үүднээс хүүгээ Дорнод аймгийн Халх голд цэргийн алба хаалгуулсан хэмээв.
“Хурим гэдэг хүний амьдралын хамгийн нандин дурсамжтай үе байдаг шүү дээ. Тиймээс энэ үйл ажиллагааг зохион байгуулах гоё юм болов уу гэх үүднээс компаниа нээсэн. Ноднин хоёр гурван хүний хуримыг зохион байгуулсан. Ажлууд маань ар араасаа хөврөөд л явж байна. Наадайн шүлэг, Энхбаярын хөгжим Сүүн цагаан хурим” дууг бид хоёр дуулсан. Яруу найрагч, зохиолчдын зүгээс энэ дууг эзэн нэртэй болгомоор байна гэсэн санал тавьсан л даа. Оюуны өмчийнх нь дагуу энэ уран бүтээлийг бид эзэмшиж байгаа. Хүний оюуны бүтээлийг үнэлж барахгүй л дээ. Гэхдээ тодорхой хэмжээнд бид үнэлж авсан. Энэ дууныхаа нэрийг компанидаа өгөх зөвшөөрлийг аваад компанийнхаа үйл ажиллагааг эхлүүлэн ерөнхийдөө ажлууд маань жигдэрч байна даа” хэмээн гэрийн эзэн тодотгож байлаа.
Гэргий анх танилцсан үеэ дурсахдаа “Би Хөгжим бүжгийн дуулаачийн ангийг төгсөөд СУИС-д элсэн ороход Хишгээ төгсөх курс байсан юм билээ. Би оюутан байхдаа ерөөсөө Хишгээг харж байгаагүй. Ангийнх нь Мэнгэтэй Ариунбаатар ах, Парадогийн Булгаа ахыг таньдаг л байсан. Хишигбаяр төгсөөд дуурийн найрал дуунд ажиллаж байсан юм билээ. Нэг өдөр Морин хуур наадамд “Санах уу” гээд дууг МУГЖ Түвшинтөгс ахтай хамтарч дуулах уу гэдэг санал хөгжмийн зохиолчоос ирдэг юм. Мэдээж би шууд зөвшөөрсөн. Оюутан хүүхдэд гавьяаттай дуулна гэдэг маш том боломж байсан. Залуу уран бүтээлчдэд өөрөөсөө илүү амжилттай яваа дуучидтай хамт дуулна гэдэг бол томоохон боломжоос гадна тэр мундаг хүмүүсээс суралцах зүйл их байдаг. Би тухайн үед С.Жавхлантай хамтраад хоёр, гурван дуу дуулчихсан байсан. Хүмүүс намайг хальт л мэддэг байсан л даа. Ингээд “Морин хуур” наадамд оролцох гээд дуурь дээр бэлтгэл хийхээр болсон юм. Түвшээ ах дуурийн гоцлол дуучин байсан болохоор тэр бүр орж ирж бэлтгэл хийх боломжгүй. Харин Хишгээ тэр дууг нь сурчихсан байсан л даа. Ингээд Түвшээ ахын дубляр нь болоод надтай дуулж, бэлтгэл хийж эхэлсэн юм. Тэр үед би найрал дууны ийм залуу байдаг юм байна гэж бодчихоод л нээх анзаараагүй өнгөрсөн. Морин хуур наадам өвөл болдог. Тэгтэл хавар нь Хишигбаяр над руу залгаад хоёулаа хамтарч дуулах уу гэсэн санал тавьснаар Оюун гуайн шүлэг, УГЗ Г.Сэр-Од багшийн маань аялгуу “Холын хүн хүлээх сайхан” нэртэй дууг анх дуулж байсан. Түүний дараа “Зүрхний бяцхан шувуухай”, “Марал буусан шөнө” дуунуудыг дуулсан даа. Ингээд бодохоор 2002 оны намраас хамтарч дуулж эхэлсэн байгаа юм. Ингэж л хамт уран бүтээлээ хийж эхэлж, нэг л мэдэхэд харцаараа, бүх л зүйлээрээ биенээ мэдэрдэг болчихсон байсан. Бид хоёр хамт байх ёстой хүмүүс юм байна гэдгээ ойлгосон доо. 2005 онд бид хоёр нэг гэрт орж байлаа” хэмээн дурсамжаа сөхөн хүүрнэлээ.
Гэргий Увс аймгийн Зүүнговь суманд төрж өссөн гэнэ. Сумандаа 10 жилээ төгсөж, Хөгжим бүжгийн сургуульд элсэн оржээ. Багаасаа л дуучин болохыг мөрөөддөг байж. Мөрөөдлөө биелүүлсэн гэж боддог доо хэмээн хэлж байв. Гэргийн аав нь сүүний заводод ажиллаж байгаад сүүлд сургуулийн няраваар олон жил ажиллаж байсан аж. Тэрээр миний аав хачин гоё дуулдаг байсан. Тэр үед дуулсан дууг нь хальсан дээр буулгаж авч чадаагүй л дээ. Кассетэн дээр аав дуулаад бичүүлчихсэн байсан. Гэхдээ хадгалж үлдээж чадаагүй. Манай ээж ч мөн адил гоё дуулна. Хоёр талдаа л урлагийн хүмүүс байсан. Аавын маань төрсөн дүү дуу хөгжмийн багшаар олон жил ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Харин ээжийн минь төрсөн дүү драмын театрын захирал Цэрэнсамбуу гэж хүн бий. Удамд маань урлагийн хүмүүс олон бий хэмээн аав, ээжийнхээ талаар дурссан юм.
Тэрээр үргэлжлүүлэн “Би айлын ганц охин. Ээж маань намайг бага байхад хүнтэй суухаар өгнө гээд дээр үеийн Оросын хоёр хоолны сав хадгалдаг байсан. Намайг хүнтэй суухад өгч, одоо ч би хэрэглэдэг. Бага байхдаа ээжтэйгээ юм их оёдог байсан. Тэр үед хэрэглэж байсан оёдлын машин манайд байдаг байлаа. Сүүлд ээж шинэ оёдлын машин надад авч өгсөн” хэмээн ярив.
Биднийг яриа хөөрөө дэлгэх зуур кофе шопоор үйлчлүүлж буй хүмүүс ихэвчлэн notebook дэлгэн ажлаа хийж, ном уншаад сууж харагдана. Гэргийн чангахан инээх бидний яриаг инээд хөөртэй болгож байлаа.
Д.Хишигбаяр “Бид хоёр нэг удаа тайзны ард маргалддаг юм байна. Тэгж байтал зарлагдаад тайз руу гарах болж байгаа юм. Тайзан дээр гарчихаад зрителл рүү хоёр тийшээ хараад зогсоод дуулах утгагүй. Ингээд л эхний бадгаа дуулаад эхнэр лүү гээ харлаа, манай хүн чив чигээрээ харж дуулж байгаад дуусгаж байсан даа. Ингээд л тайзнаас буугаад бие бие рүүгээ инээгээд зогсож байх жишээтэй. Дуу гэдэг ийм л сайхан зүйл шүү дээ” гэв.
Д.Хишигбаяр өөрийн өрөөнд залсан бурхан багшийн зургийг заагаад “Би тэр жил Далай багшийн гурван өдрийн сургаалд суусан юм. Манай Сүхбаатарын талбай шиг том том талбай хэд хэдийг засчихсан. Далай багш сэнтий дээрээ суугаад дэлхийн буддын шашны лам хуврагууд хажууд нь суучихдаг юм билээ. Хутагт хувилгаанууд ч сууж байна. Нүсэр болдог юм билээ. Далай багш жилийн турш хийсэн ажлынхаа талаар тайлангаа тавьдаг юм билээ. Тэнд өргөл барьц барьж байгаа хүмүүс өдөржингөө үргэлжилсэн. Их сонирхолтой санагдаж байсан даа” хэмээн хуучиллаа.
Биднийг ярьж байх зуур Р.Дэлгэрмаа өөрийн гараар хийсэн бялуугаа авчрав. Кофе шоп ажиллуулж байхад өөрөө олон зүйл хийж сурдаг юм байна. Бүх зүйлийг өөрөө хийж сурч байна даа. Гадаадын орнуудаар аялаад явж байхад ямар нэгэн хоолыг Хишгээгээс өмнө би амсаж үзнэ. Энэ идэж болохоор юм байна. Энэ дэмий юм байна гээд л Хишгээд хэлнэ шүү дээ” хэмээн тэд инээлдэв.
Удахгүй шинэ бүтээлээрээ үзэгч, сонсогч түмэнтэйгээ уулзана гэдгээ тэд дуулгав.
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН
Өдрийн сонин