"Хямд" үнээр халхавчлан иргэдийн "эрүүл мэндээр наадсаар байх уу"
2019/05/24
Манай улсын хүнсний аюулгүй байдалд сүлжээ дэлгүүрүүд заналхийлэх болсон олон хэрэг гардаг. Тэгвэл бид өөрсдөө хүнсээ сонгохдоо зөв сонголт хийж байхгүй бол "хямд үнэ", "том хямдрал" гэх нэрээр халхавч хийн эрүүл мэндийг минь хохироохгүй гэсэн баталгаа үгүй болсон цаг хэдийнээ иржээ.
Монголд тэр тусмаа Нийслэл хотод энэ тэндэхийн сүлжээ дэлгүүр, хоолны газрууд олноороо нээгдэх болсон нь энэ байдлыг улам нэмэгдэн гарах үндэс нь болж байна. Яахав, нээгдэж болно. Гэхдээ монгол улсын үр удмын асуудалтай холбоотой. Гэтэл өнөөдөр мэргэжлийн хяналтаас өөр энэ газрууд бүүр дорвитой арга хэмжээ аваад хаагаад монголын нутаг дэвсгэрээс гаргачих мэдэлтэн алга гэлтэй. Алдаа, дутагдал гаргасан ч түүнийг засахыг боддоггүй Оросын сүлжээ дэлгүүр үйл ажиллагаагаа явуулсаар байна. Тухайлбал, ХУД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэст 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр иргэнээс ирүүлсэн гомдлын дагуу “Хүннү Молл”-д байрлах “Абсолют кэш энд керри” ХХК-ийн худалдааны төвд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийсэн байна. Энэхүү шалгалтаар тус дэлгүүрт үйлдвэрлэсэн хугацаа тодорхойгүй, хуурамч шошго бүхий “Баярлалаа”, “Монгольские, “Шэнэхэнские” зэрэг гурван нэр төрлийн буузыг савлаж худалдан борлуулж байсныг хяналт шалгалтаар илрүүлжээ. Тус компанид “Зөрчлийн тухай” хуулийн холбогдох заалтаар арга хэмжээ ногдуулахаар зөрчлийн хэрэг нээж ажиллаж байгаа аж.
Мөн үүгээр зогсохгүй НМХГ-ын даргын баталсан 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 02-01/102 тоот “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн бэлтгэн нийлүүлэгчдэд шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд СБД-ийн Хаб девелопмент, Далайн мөчир ХХК-уудын агуулах, худалдаанд хяналт шалгалт хийж эрсдлийг 1.18 кодтой “Ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүний хадгалалт, савлалт, тээвэрлэлтийг шалгах хяналтын хуудас”-аар эрсдлийг үнэлэхэд бага эрсдэлтэй үнэлэгдсэн. Хүнсний бүтээгдэхүүний ул мөр мөрдөн тогтоох бүртгэл дутуу, бараа бүтээгдэхүүний лабораторийн шинжилгээнд хамруулсан сорилын дүн, сав баглаа боодол хаяг шошго дутуу зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Уг илэрсэн зөрчлийг арилгуулахаар улсын байцаагчийн албан шаардлага өгч ажилласан байна.
Одоо удахгүй хэдхэн хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна. Эцэг эхчүүд, өвөө, эмээ нар нь үр ачдаа бэлэг өгөх гээд бөөн л баяр болж бэлтгэдэг. Гэвч хөөрөн бэлдсэн бэлгээс нь хугацаа нь дууссан, муудсан янз бүрийн амттан гарч ирэх тохиолдол олон байдаг үүнд хаа хаанаа анхаарч ажилламаар байна. Дэлгүүрийн менежерүүдээ та бүхний сонгон худалдаалж байгаа муудсан, хугацаа нь дууссан бүтээгдэхүүнийг таны ч хүүхэд идэхгүй гэсэн баталгаа байхгүй л баймаарсан. Бусдын хүүхэд хордож өвдөнө цаашлаад амь насны асуудал яригдана гэдгийг яагаад боддоггүй юм. Чанар баталгаагүй зүйлсийг худалдахын эсрэг дуу хоолойгоо нэгтгэхийг энэхүү сэрэмжлүүлгээрээ дамжуулан уриалж байна.