“Сургуулийн өмнөх, бага, дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрийн агуулга, суралцахуйн удирдамжийг сайжруулсан үр дүн” сэдэвт үндэсний хэлэлцүүлгийг БСШУСЯ зохион байгууллаа.

Хот, хөдөөгийн 120 гаруй багш, боловсролын салбарын мэргэжилтэн, эрдэмтэн, судлаач оролцлоо. Сургалтын цөм хөтөлбөрийн агуулгыг сайжруулж, багш, сурагчдын ачааллыг бууруулахын тулд I-XII ангид заадаг 4221 шинэ мэдлэг, чадвар, хандлагын тоог 3445 болгож багасгахаар тооцсон байна. Мөн агуулгыг сайжруулахын тулд зарим давхардлыг хасч, өөр анги руу шилжүүлсэн бол хүндэдсэн агуулгыг энгийн болгох, танин мэдэхүйн түвшин, нас сэтгэхүйд нь тохируулах аргыг хэрэглэжээ. Мөн зарим агуулгын багтаамжийг цомхотгож, томъёоллыг нь хэл найруулгын хувьд ойлгомжтой болгох шийдлүүдийг хийсэн гэдгийг багш нар онцолж байна. БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг “Хүүхдүүд даалгавраас болж их ядарч, хичээл сургуульдаа дургүй болж байна. Энэ ачааллыг бууруулж, хэвийн хэмжээнд хүргэхийн тулд туйлын ухаалаг, тооцоо судалгаатай хандах учиртайг санууллаа. Багш нар сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлэх сургалтын ажилд нийт цагийнхаа 37.3 хувь, бусад нэмэлт ажилд 62.7 хувийг зарцуулж байна гэсэн үр дүнг танилцуулсан. Түүнчлэн хичээлийн цагт багтаагүй агуулгыг гэрийн даалгаварт өгдөг нь сурагчдад ачаалал нэмдэг” гэлээ.