БНХАУ-ын Бээжин хотноо “Азийн соёл иргэншлийн ярилцлага” хурал энэ сарын 15-16-нд болсон билээ. Азийн кино, телевизийн салбарын шилдгүүд нэг дор цугласан тус хуралд урилгаар оролцсон МУГЖ Х.Одончимэгтэй хурлын завсарлагаанаар цөөн хором ярилцсан юм.

-Таныг Хятадын кино урлагийн наадмаас шагнал авч байсныг дуулсан...?

-Тийм, өнгөрсөн жил Хятадын Чиндао хотод ШХАБ-ын гишүүн орнуудын хурлын дараа болсон  кино урлагийн наадмаас шилдэг эмэгтэй дүрийн шагнал хүртэж байсан. Тийм ч учраас энэ удаагийн хуралд урих шиг боллоо. Учир нь энд дандаа Берлин, Канн, Венец зэрэг кино урлагийн “А” зэрэглэлийн наадмаас шагнал хүртсэн, Азийн шилдэг жүжигчид уригдсан байгаа. Чиндаогийн наадам бас л Хятадын “А” зэрэглэлийн наадам юм даа. Одоохондоо миний харж байгаагаар, Хятадын нэрт, том  том найруулагч, продюссер, жүжигчид, Энэтхэгийн нэрт жүжигчин гээд харагдана билээ.

-Тус хурал олон салбар хуралдаантай болж байна. Та кино урлагийн салбар хуралдаанд оролцож үг хэлэв үү?

-Азийн орнуудын кино урлагийн салбар хуралдаан нь Чөндү хотод боллоо. Тэнд манай киноноос толилуулж, мөн надтай жүжигчний ур чадварын талаарх маш сонирхолтой ярилцлага болсон. Мөн орон орны  жүжигчид уулзалт хийсэн.

-Саяхан Улаанбаатарт “Холливуд Монголд” наадам амжилттай зохион байгуулагдсан. Энэ үеэр та бас шагнагдсан шүү дээ?

-Тийм, энэ их үр дүнтэй наадам болсон гэж үзэж байгаа. Ямар ч байсан Монголын кино урлаг урагшлан хөгжиж байна гэж хэлж болох юм.

-Монголын кино урлаг олон улсын зах зээл рүү орж эхэлж байна гэж хэлж болох уу?

-Тийм, ер нь бол алхаж л байна.

-Та цаашдын уран бүтээлийн төлөвлөгөөнөөсөө танилцуулж болох уу?

-Мэдээж уран сайхны кинонд ажиллана гэж бодож байгаа. Зохиолын эрэлд л явж байна даа.

-Та тайзны урлагт төдийгүй дэлгэцийн урлагт ч хүч сорьж, маш амжилттай явж буй жүжигчин. Тэгэхээр  мэргэжлийн хүний үүднээс, Хятадын кино урлагийг хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Хятадын кино урлаг аль хэдийн хүчээ авсан. Дээр нь Холливуд төдийгүй дэлхийн бүх орны жүжигчид Хятадын зах зээл рүү зүтгэцгээж байна гэхэд хилсдэхгүй.

-Шилдэг кино, дэлгэцийн бүтээлээ Хятадын зах зээлд гаргах боломж хэр их байна вэ?

-Одоогоор, “Солиот эх” кино маань Хятадын зах зээлд гаргах техникийн болоод бусад бүх үзүүлэлтэд тэнцсэн. Борлуулалтын асуудлыг Хятадын талтай ярилцаж байна.Тун удахгүй Хятадын зах зээлд борлогдоно гэж бодож байна.

-Баярлалаа, танд уран бүтээлийн амжилт хүсье.

 

 

Б.Мөнхтуул

Эх сурвалж: Монцамэ агентлаг