Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбар үүсч хөгжсөний 98 жилийн ойн хүрээнд зохион байгуулагдсан салбарын Спорт наадам 5-р сарын 23-наас 30-ны хооронд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Спортын наадамд дартс, шатар, ширээний теннис, цахим, хөл бөмбөг, волейбол, сагсан бөмбөг гэсэн 7 төрлөөр 22 байгууллагын 800 гаруй тамирчин хурд хүч, авхаалж самбаагаа өрсөлдүүлэн оролцсоноос багийн дүнгээр СКАЙтел ХХК-ийн баг тамирчид тэргүүлж, 8 жилийн дараа ахин цомын эзэн болсон их амжилтыг үзүүллээ.

Спортын бүх төрөлд Скайтел ХХК-ийн баг тамирчид жигд амжилттай оролцож, тамирчдын бэлтгэл сургуулилт, хамтын ажиллагаа сайн байгааг харуулсаар байсан юм. Тодруулбал, сагсан бөмбөгийн төрөлд эрэгтэй баг алт, волейболын төрөлд эмэгтэй баг алт, шатрын спортын эрэгтэй төрөлд алт, хөл бөмбөгийн төрөлд хүрэл, ширээний теннисний эрэгтэй төрөлд хүрэл медаль тус тус хүртсэн юм. Мөн волейболын шилдэг эмэгтэй тоглогчоор Скайтел ХХК-ийн тамирчин Б.Ууганчимэг, сагсан бөмбөгийн шилдэг эрэгтэй тоглогчоор Скайтел ХХК-ийн тамирчин М.Оюунбаатар нар шалгарчээ.

Энэ жил Скайтел ХХК-ийн 20 жилийн ой, Үндэсний дата төв УТҮГ-ын 10 жилийн ой тус тус тохиож байгаа бөгөөд ICT спорт 2019 наадмыг хамтран зохион байгуулсан юм.