Залуу дуучин Б.Болд, Э.Чулуунчимэг нар баруун аймгуудаар аялан тоглож, очсон аймаг бүртээ заал дүүрэн үзэгчтэй хоёроос гурван удаа тоглож байна. Тэр дундаа Архангай аймагт үзэгчдийн хүсэлтээр нийт гурван удаа тогложээ. Тэд аялан тоглолтынхоо орлогоос буяны үйлсэд багагүй мөнгө хандивлаж байгаа юм байна. Ямартаа ч дуучин Б.Болдын төрж өссөн Эрдэнэт хотод “Илбэе” тоглолт гурван удаа зохион байгуулагдаж, тус хотын зүрхний хагалгаанд орох шаардлагатай байгаа Солонго гэх бяцхан охинд хосууд 500 мянган төгрөг хандивлажээ. Эрдэнэтчүүд хандивын маш олон хүсэлт ирүүлсэн тул гуравдугаар сарын 20-нд тус хотноо үзэгчдийн хүсэлтээр дахин тоглож тоглолтын бүх орлогыг хүүхдүүдэд хувааж хандивлахаар болсон байна.