М.Тэлмэн: Нэр хүндтэй балетын тэмцээнд эх орноосоо анх удаагаа түрүүлсэндээ баяртай байна
2019/06/06
Монгол улсынхаа нэрийг өндөрт мандуулдаг залуусын амжилтын цуурай өнөөг хүртэл үргэлжилсээр байна. Тодруулбал, Юнискод бүртгэлтэй дэлхийн 10 улсын 18 хотод зохион байгуулагддаг “World Ballet Grand Prix” тэмцээнд анх удаагаа 19 настай Мөнх-Эрдэнийн Тэлмэн тэргүүн байрын эзэлж, алтан медалийг энгэртээ гялалзууллаа.
Монголынхоо балетын урлагийн түүхийн хуудсыг шинэхэн амжилтаараа зузаатгасан хүү бэлтгэл сургуулилалтаа нэрт балетчин У.Бат-Эрдэнэ багшийнхаа удирдлага нь дор хийсэн байна. Тэрээр энэ сарын 12-нд эх орондоо ирэх юм.
Дэлхийн том тэмцээнээс алтан медаль хүртэхээс гадна 60 мянган ам.долларын тэтгэлгийн эзэн болсон түүнтэй сошиалаар холбогдон цөөн хором хөөрөлдсөнөө уншигч авхай танд хүргэе.
-Монголынхоо балетын урлагт шинэ амжилт гаргасанд нь баяр хүргэе.
-Баярлалаа. Миний хувьд энэ нэр хүндтэй тэмцээнд амжилттай оролцсондоо маш их баяртай байна.
-Хэдэн наснаасаа эхэлж балетаар хичээллэсэн бэ?
-Намайг анх дөрөвдүгээр ангиа төгсдөг жил ээж маань Хөгжим бүжгийн коллежид шалгуулж байсан юм. Тэгээд тэнцээд долоон жил Мөнхдэлгэр багшийн удирдлаган дор суралцаж 2017 онд төгссөн.
Одоо ирэх есдүгээр сард АНУ-ын "Joffrey ballet School" суралцана. Сая болсон тэмцээндээ түрүүлсэн болохоор энэ сургуульд 100 хувийн тэтгэлэгтэй суралцах боломж нээгдсэн юм. "Joffrey ballet School"-ийн төлбөр нь нэг жилийн 60 мянган доллар байдаг.
-“World Ballet Grand Prix” тэмцээн хэд хоног болж өндөрлөв. Жил болгон зохион байгуулагддаг уу?
-Тэмцээн тавдугаар сарын 30-наас зургадугаар сарын 02-нд хүртэл үргэлжилж дууслаа. Жил болгон болдог.
-Хэдэн орны балетчид өрсөлдсөн бэ. Бэлтгэлээ хэр хугацаанд хангав?
-Энэ тэмцээн нь 10 орны 18 хотод болдог байгаа. “World Ballet Grand Prix” тэмцээний Co Artistic director миний багш дэлхийн балетын од Удвалын Бат-Эрдэнэ гэж хүн бий. Ирэх жил багш маань энэ том тэмцээнийг Монгол улсад зохион байгуулах төлөвлөгөөтэй байгаа. Энэ удаагийн тэмцээнд Солонгос улсын балетчид бэлтгэл сайн байж, хүчтэй өрсөлдөгч байлаа. Солонгос улс одоо дэлхийд балетаараа нэлээн дээгүүрт ордог.
-Багштайгаа хэзээ холбогдож багш, шавийн барилдлагатай болсон бэ?
-Одоогоос хоёр жилийн өмнө анх "Amerikin Kirov Academy of Ballet" гээд томоохон балетын сургуулиудын нэг энэ сургуульд багшилдаг байсан юм. Тэр үед би багштайгаа холбогдож шалгаруулалтанд оролцоод тэтгэлэг авсан. Манай багш Монголын балетын түүхэнд байгаагүй олон зүйлийг хийж байсан хүн. Дэлхий даяараа багшийг минь танина.
-Цаг гарган ярилцсанд нь баярлалаа. Улам их амжилтаараа биднийг баярлуулж яваарай.
-Баярлалаа. Өдий зэрэгтэй яваа минь аав, ээж, эмээ, өвөөгийн минь буян.
Зочин · 2019/06/08
mundag bna. bayar hurgei
Narangoo · 2019/06/06
Mongol zaluus mundag boljee. Daanch ene 76 mulguu heweeree vldej bn
matilda · 2019/06/06
Зочин · 2019/06/06
Uneheer baharhaj gaihaltai saihan medee bna