"Никитон" хамтлаг  25 жилийн ойн тоглолтоо Төв цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 29-нд буюу өнөөдөр хийнэ. Тэд тасалбараа 10 мянган төгрөгөөр худалдаалж байгаа нь үнэхээр олон нийтэд зориулсан тоглолт, арга хэмжээ болж байгааг илтгэнэ. Зарим хамтлаг, дуучид зөвхөн вип түвшний тоглолт хийж, тасалбараа өндөр үнээр худалдаалдаг.

 Никитоныхон 25 нас хүрснийхээ төрсөн өдрийг тун өвөрмөц тэмдэглэн өнгөрүүлэхээр ажиллаж байгаа. Тэд саяхан сүр дуулиан, реклам багатай даруухан хирнээ өндөр ач холбогдолтой хүмүүнлэгийн үйлс хийсэн юм. 

Авьяаслаг хөгжмийн зохиолч, дуучин Б.Батчулуун тэргүүтэй тус хамтлагийнхан “Эх хүүхдийн үндэсний эрүүл мэндийн төв”-д 10 сая төгрөгийг хандивлалаа. Энэ нь үнэхээр тэднийг эрийн цээнд хүрснийг нотолж байлаа. Никитоныхон даруухан юмаа огт сүржигнэсэнгүй. ЭХҮЭМТ-ийн удирдлагууд  эзгүй байсан гээд энгийн нэг эмч мөнгийг бэлнээр нь авлаа. Том батламж энэ тэр ч гардуулсангүй, дарга нарыг нь ч дуудсангүй.

Үнэндээ тэдний дунд төрийн өндөр алба хашиж, гарын үсэг зурж үзсэн, төрөөс төрсөн тэрбумтан хүн байхгүй. Зүгээр л чөлөөт уран бүтээлчид, соёлын хувиараа хөдөлмөр эрхлэгчид гэсэн үг. Байгалиас заяасан авъяас, чадал, хоолойгоороо л тэд өдий зэрэгт хүрсэн. Гэтэл Хөрөнгө Орлогын Мэдүүлгээрээ олныг гайхшруулсан төрийн албатангуудаас илүү  хүмүүнлэг, энэрэнгүй, нигүүлсэнгүй үйл хийж байгааг нь харахад баярламаар, бахархмаар. 

Тэдний саяхан шинээр хийж, клипийг нь гаргасан “Би ниснээ” дуу нь ч нийгмийн амьдралыг харуулсан, өвөрмөц болсон. Приус машин хөлөглөн хотын гудамжаар нийгмийг харах Никитоныхон...

Никитондоо баярлалаа.

Н.Саруул