Назарбаевын зээ хүүг Лондонд саатуулжээ
2019/07/05
Казахстаны Ерөнхийлөгч асан Нурсултан Назарбаевын зээ хүү Айсултаныг Лондонд саатуулаад байна хэмээн Metro UK хэвлэл мэдээлжээ.
Тодруулбал, Айсултан нь өнгөрсөн зургаадугаар сарын 5-ны өдөр цагдаагийн ажилтанг хазаж, хүндээр гэмтээсэн байна. Скотленд-Ярд буюу Их Британийн цагдаагийн албаны зүгээс түүнийг амиа хорлохыг завдсан, цагдаагийн ажилтан болиулах гэж оролдоход нь ийнхүү хазаж гэмтээсэн хэмээн мэдэгджээ.
Энэ хэрэг Ковент-Гарден дүүрэг дэх Айсултаны танил эмэгтэйн гэрт болжээ. Айсултаны найз Азамат гэгч харин цагдаа нараас огт өөр тайлбар өгчээ. Тэрээр "Цагдаа нар гэнэт орж ирэн шууд л хэсэг дээр аваачин байцаахыг оролдсон. Тэд ямар ч тайлбар сонсохыг хүсээгүй, ази царайтай хүмүүст гаргадаг таагүй хандлагыг бидэнд үзүүлсэн. Айсултан гэрийн эзэгтэйд өрөөнөөс гарахад нь туслахыг л хүссэн болохоос амиа хорлох гэж оролдоогүй" хэмээн ярьсан байна. Ерөнхийлөгч асны зээ хүүд холбогдох хэргийн шүүх хуралдаан өнөөдөр Лондон хотод болох аж.
Айсултан нь Н.Назарбаевын том охин Дарига Назарбаевын хүү юм. Түүний эцэг Рахат Алиев 2015 онд Австрийн шоронд амиа алдсан байдаг. Айсултаны хувьд Их Британийн цэргийн академийг дүүргээд Казахстаны Батлан хамгаалах яаманд дээгүүр албан тушаал хашсан. Мөн хөлбөмбөгийн ”Челси” клубын идэрчүүдийн багт тоглож чамгүй амжилттай явж байсан. Харамсалтай нь архи, мансууруулах бодист донтож улмаар өвөө нь ач хүүгээ “тоохгүй орхисон” гэгддэг.