Арьсны өвчин судлалын үндэсний төвийн поликлиникийн их эмч Б.Баярмаатай ярилцлаа.


Наршилт гэж юуг хэлэх вэ?

-Наршилт гэдэг нь нарны хүчтэй төөнөсөн тусгалын нөлөөгөөр бие дулааны цохилтод орж, өөрийнхөө дулааны зохицуулгыг хийж чадахгүй болсноос үүдэж бие хямарч, хордлогод орохыг хэлдэг. Удаан хугацаанд наранд яваад бие нь ил гэмтээгүй ч гэсэн толгой эргэх, дотор муухайрах, халуурах зэрэг ерөнхий хордлогын шинж тэмдгүүдийг нарны хордлого гээд байгаа юм.

-Эдгээр шинж тэмдэг илэрсэн тохиолдолд хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Хүйтэн бүлээн жин тавих, шингэн зүйл сайн уух хэрэгтэй. Үндсэн эмчилгээ гэх зүйл байхгүй.

-Урьдчилан сэргийлэх ямар арга зам байна?

-Нарны малгай, ус, хувцас хэрэглэлээ сайн бэлдэх нь чухал. Нарны түлэгдэлтээс нарны тосыг сайн түрхэж сэргийлнэ. Нүүр биеийнхээ, ил гарсан хэсгүүдэд өөрийн арьсны онцлогт таарсан тосыг түрхэж хэрэглэх нь зүйтэй. Ерөнхий биеийн хордлогод бол хүн удаан хугацаагаар наранд явахаас зайлсхийх нь чухал. Зуны улиралд нарны хүчтэй тусгал их байгаа үед буюу хэт халуун бүгчим өдрүүдэд нарнаас хамгаалах малгай, шүхэр хэрэглэлгүй удаан хугацаагаар гадаа байснаас бие хямарч, хордлогын шинж тэмдэг илрэхээс гадна арьс борлож, үрэвсэж түлэгддэг. Энэ нь цаашид арьсны хөгшрөлтийн явцыг хурдасгадаг.

-Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?

- Хэрэв наршсан бол хүйтэн усанд норгосон алчуураар биеэ сайтар арчиж, толгой дээрээ хүйтэн жин тавих хэрэгтэй. Мөн хүйтэн агаар үлээгчээ ажиллуулбал нэмэр болдог. Бүлээн шингэн зүйлийг ойр, ойрхон ууна. Зүрх савлаж эхэлбэл тайвшруулах үйлчилгээтэй зүрхний эм ууж, гэрээсээ гаралгүй хэвтэх хэрэгтэй. Халуурч, амьсгаадаж, дотор муухайрч, нүд эрээлжилж, бөөлжис цутгаж эхэлбэл нэн яаралтай эмчид хандах нь зүйтэй.

-Хүмүүс бага насны хүүхдээ машиндаа түгжиж орхидог нь маш их эрсдэл дагуулдаг шүү дээ?

-Тэр бол тусдаа асуудал. Битүү бөхчим агаартай, ямар ч салхигүй орчинд хүн байвал хүчилтөрөгчийн хэрэглээ буурна шүү дээ. Түүнээс хамаарч хүүхдэд бүтэлт үүсэх магадлалтай.

-D витаминыг хамгийн сайн авах хоргүй нар хэдээс хэдийн хооронд тусах вэ?

-Ер нь бол 11:00-13:00 цаг. Тэр үед хүн наранд биеэ шарж болно. 13:00 цагаас хойш биеэ шарах шаардлагагүй.

Жирэмсэн, өндөр настай хүмүүс болон хүүхдүүд наршсан тохиолдолд авах арга хэмжээ адилхан уу?

-Эмнэл зүйн шинж нь арьс, биенд адилхан шинж тэмдгээр илэрнэ. Нарны түлэгдэлт арьсан дээр илэрдэг. Түүнээс авах арга хэмжээ адилхан. Нарны SPF 50 болон 30-тай тосыг хэдэн цаг барих уу гэдгээс хамааран гадаа гарах болгондоо 2-3 цагийн зайтай тогтмол хэрэглэх ёстой л доо.

Нарны харшил гэж юу вэ?

Тэр бол тусдаа асуудал. Эрүүл хүмүүс наранд түлэгдэх өөр. Нарны харшилтай хүмүүс жаахан л гадаа явахад арьс улайж загатнана, цэврүү үүснэ. Арьсны эмгэг өөрчлөлтүүд явагдана. Нарны түлэгдэлдэлтээс тэс өөр. Тийм учраас машинд явахдаа тень тавих, малгай шилтэй байх гээд наршилтаас тэс өөр тусдаа өвчин. Зургадугаар сарын сүүлчээс наймдугаар сарын эхэн үе хүртэл нарны харшил тусах магадлал өндөрсдөг. Тэгэхээр нарны харшилтай хүмүүс нарны хэт ягаан туяаны идэвхжил ихсэхээс өмнө өөрт тохирсон эмчилгээг хийлгэх хэрэгтэй. Хэрэв нарны харшилтай болчихсон бол хурц нартай өдөр аль болох гадуур гарахгүй байж, чийглэг агаар амьсгалан, хүйтэн шүршүүрт орох нь харшлыг сэдрээхгүй байх боломжийг бүрдүүлдэг. Мөн даавуун материалтай битүү хувцас, нүдний шил, нарны шүхэр, саравчтай малгай өмсөж, өөрийгөө нарнаас хамгаалах хэрэгтэй.

Нарны харшлыг хэрхэн эмчлэх вэ?

Хүний эрүүл мэндийн онцлог, нас зэргээс хамаараад эмчилгээ өөр, өөр байна. Тиймээс юун түрүүнд мэргэжлийн арьсны эмчид хандах хэрэгтэй. Цаг алдалгүй зөв эмчилгээ хийвэл бүрэн эдгэрэх боломжтой өвчин.

Нарнаас хамгаалах тосыг яаж хэрэглэх нь зөв бэ?

Нарнаас хамгаалах тос маш олон төрөл бий. Тиймээс өөрийн арьсныхаа онцлогт тохируулан сонгох нь зүйтэй. Тослог арьстай хүний түрхэж байгаа нарны тос хуурай арьстай хүнд таарахгүй. Тослог арьстай хүн усан суурьтай тос түрхэх ёстой бол хуурай арьстай хүн чийгшил, тослогийг сайн агуулсан тос түрхэх шаардлагатай. SPF-ээс хамаараад 2-3 цаг тутам нарны тосыг түрхэж байх нь зөв л дөө.

SPF гэж юу вэ?

Энэ нь Sun Protection Factor /SPF/ буюу нарнаас хамгаалах хүчин зүйл юм. Арын тоо нь тос таныг наранд түлэгдэхээс хэр удаан хугацаанд хамгаалах чадвартай вэ гэдгийг илтгэдэг. SPF–ын тоо олон байх тусмаа төдий чинээ удаан хугацаанд арьсыг тань нарнаас хамгаална гэсэн үг.

Нарнаас хамгаалах тосыг хэрхэн сонгох вэ?

Нарнаас хамгаалах тосыг сонгохдоо SPF 15-30, SPF/ РА++ 30 гэсэн тэмдэгтэйг нь авах хэрэгтэй. Тосны зааварт бичсэн тооны хувь их байх тусам нүүрний арьсанд хортой гэдгийг ч хэлэхэд илүүдэхгүй байх. Хуурай арьсанд лосьон, харин тослог болон батга гарах хандлагатай арьсанд спиртэн суурьтай нарны тос илүү тохиромжтой.

Хэрэглэхдээ:

• Нарны тосыг 1см2 талбайд 2мг тосыг түрхэнэ

• Гэрээс гарахаас өмнө 30 минут

• Наранд байх хугацаанд хоёр цаг тутамд давтан түрхэнэ

• Усанд сэлэх, их хэмжээгээр хөлөрсөн тохиолдолд 40 минут тутамд давтан түрхэнэ. Хэрэв усны хамгаалалттай бол 90 минут тутамд түрхэж болно.

 

Эх сурвалж:www.dnn.mn