Өнөө жилийн үндэсний их баяр наадмын үзүүр бөх улсын аварга Н.Батсуурьтай ярилцлаа. Тэрбээр улсын наадамд хоёр удаа ес даван түрүүлж, нэг удаа найм давж үзүүрлэсэн амжилтаар энэ цагт ид барилдаж буй бөхчүүдийн тэргүүнд эрэмбэлэгдээд байгаа юм.


-Аварга цолтой анхны наадамдаа зодоглолоо. Сэтгэгдэл ямар байна?

-Энэ жил заалны барилдаан алгасаагүй, бүтэн жилийн бэлтгэл сайн байсан. Сэргээлтийн бэлтгэл ч сайн сайхан таарсан. Аварга болчихсон учраас түрүүлнэ, дээшээ барилдана л гэж цэнгэлдэхэд очсон доо. Өндөр даваанд ам авах, оноолт зэргээс авахуулаад наадмын дэвжээнд аварга цолтой зодоглоход өөр юм билээ. Наадмын өмнө нутаг руугаа очиж санал сэтгэлээ дайгаад ирсэн.

-Наадмын бэлтгэлээ хоёр өөр газар базааж байгаа сураг дуулдсан?

-Тийм ээ. “Сүлд” спорт хороо болон “Увс нуур” галуудад бэлтгэлээ базаасан. “Увс нуур” галынхаа сорилго барилдаанд түрүүлээд л наадамдаа барилдсан даа.

-Долоогийн даваанд гурван арслан гарч барилдсан нь наадамчдын сэтгэлийг их хөдөлгөлөө. Ойрын 10-аад жилд ийм наадам болоогүй шүү дээ?

-Наадамд барилдах бөхийн тоо цөөрөхөд чанар нь сайжирдаг л даа. Чанартай цөөхөн начин төрнө. Том цолтой залуу хүчтэнүүд нэг үед олуулаа барилдаж байна. Бүгд л түрүү үзүүрийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байна шүү дээ. Өөрсдийгөө наадамд яаж бэлдэх вэ, бэлтгэлээ яаж тааруулахав гэдэгт суралцчихсан. Жигдхэн бэлтгэл сайтай байна.

-Та гурав дахь удаагаа наадмын түрүү байрын төлөө шалгарч барилдлаа. Өнөө жилийн түрүү үзүүрийн барилдаан шийдэгдэхэд хоёр салаад л гүйгээд явчихаж байсан. Тухайн үед юу бодогдов?

-Би баруун гараараа шуудагны барьц гүйцэд атгаж амжаагүй байхад хөлийн цэцүүд холдчихсон. Э.Оюунболд ч цэц холдонгуут л барьц халж дайрчихаад гүйчихсэн. Би өөрийн болгоомжгүйгээс л болж унасан.

Аав руу очоод болсон явдлыг хэлэхэд “Хохь чинь, чиний буруу ш дээ” гэж загнасан. Ингээд тахимаа өгсөн дөө. Оюунболд илүү хийморьтой байсан.

-Залуу аваргыг тэвэрч үнсээд тахимаа өгөхөд цэнгэлдэхэд цугласан олон халуун дулаанаар хүлээж авч байсан?

-Нэг талаараа монгол наадмаа хүндэлсэн л дээ. Монгол түмэн жилдээ ганц удаа баяр наадмаараа бөх, морио харж баясч тэр жилийнхээ эрч хүчийг авдаг. Энэ үеэр нь хэрүүл маргаан хийгээд байхыг бодоогүй. Наадамчдаа баясгая гэж санасан юм.

-Их шөвөгт Б.Гончигдамба гарьдтай 30 гаруй минут их хүнд барилдаан хийж гараад Э.Оюунболд аваргатай хүч үзсэн?

-Их шөвөгт барьц сонгодоггүй. Баруун зүүн давхар золгож байгаад барилдаан шийддэг дүрэмтэй. Гончигдамба бид хоёр ч хялайтлаа барилдсан. Чирч хутгаад давсан даа. Аймгийн цолтой байхдаа энэ мэхийг их хийдэг байлаа. Улсын наадмаар энэ мэхээр хүн давж үзээгүй байсан юм. Гончигдамбыг жаахан тонгойлгоод хөлөн дээр нь биеийн жин ирэхээр мэдрээд хутгачихсан. Өрсөлдөгчөө мэдэрч хийхгүй бол өөрөө дор нь орчих гээд байдаг эрсдэлтэй хэцүү мэх.

-Та долоогийн даваанд нэг галын бөх улсын аварга С.Мөнхбатыг амлаж барилдсан. Аварга үүнийг хэрхэн хүлээж авсан бэ?

-Дараагийн даваанд аль давсан маань түрүүлж ам авна, түрүүлэх боломж нээгдэнэ гэж үзэж л аваргыг амласан. 2016 оны наадмаар С.Мөнхбат аварга, П.Бүрэнтөгс арслан бид гурав өндөр даваанд гарч ирчихээд ташраараа нурж байсан түүх бий. Аль нэг нь үлдээд дараагийн даваанд ам авах эрх байсан болохоор л аваргыг амласан.

-Та Ч.Санжаадамба аваргыг Б.Гончигдамбад унана гэж тооцоолсон юм уу?

/хариулсангүй/

-Тавын даваанд Б.Ганхуягтай хүч үзэхдээ эхний дүйзэд гарсан ч хамгийн сүүлд давалцаж байгаа харагдсан. Начингаас ямар хий зай харж амласан бэ?

-Бид хоёр нэг үед барилдаж ирсэн найзууд. Барилдааныг нь сайн мэдэх учраас эрсдэл багатай гэж харж амласан. Ганхуяг удаан барилдах тусмаа чангардаг, цуцдаггүй онцлогтой бөх. Би ч барьц сонгуулаад хүнд байдлаас гарч даваа авсан. Аймгийн цолтой бөх улсын цолны босгоор алхахын хэцүүг биеэрээ мэдэрсэн учраас залуу бөхчүүдийг амлаж зүрхлээгүй. Аймгийн арслангууд хоорондоо харгүй сайхан хүч үзээд цол аваасай гэж бодсон юм.

-Гурвын даваанд ам авсан талаараа ярихгүй юу. Ам авсан байдал тань олон бөхчүүдийн дургүйг хүргэж байгаа харагдсан?

-Хамгийн бага цолтойгоос нь л амлаж барилдсан. Шударга өрсөлдөөнийг бий болгохын төлөө том цолтой хөгшин бөхчүүдийг амлаж барилдаж байсан. Энэ маань олон хүний зэвүүг хүргэсэн байх. Үүний ард залуу бөхчүүд хоорондоо шударга барилдаж цол аваасай гэсэн хүсэл зорилго явж байсан л даа. Наадамчид залуу бөхчүүдийн гал цогтой барилдааныг харж баясдаг. Одоо хөгшрөөд барилдаж байгаа бөхчүүд ховор болсон байна. 40-өөс доош насны бөхчүүд наадамд барилддаг болсон байна шүү дээ.

-Наадмын өмнө та аваргуудын эрэмбэнд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж байсан?

-Миний хувьд шударга зүйлийг л хүссэн. Наадмын зохион байгуулах комисс наадмын өмнө бөхийн галуудаар явахад нь “Би энэ жил барууны магнайд гарна” гэж хэлээд байсан юм. Наадмын өмнө зохион байгуулах комиссын нарийн бичгийн дарга н.Жанчивдорж гэж хүн намайг дуудаж уулзахдаа “Та энэ жил цагаан сарын барилдаанаар Ч.Санжаадамба аваргын ард гарсан юм байна. Өнөө жилийн наадмаар энэ эрэмбээрээ барилдаад өгчих” гэж гуйсан юм. Би нэг их эсэргүүцээгүй. Дахиж түрүүлээд дээр нь гаръя гэж санаад л барилдсан.

-Энэ цагт ид барилдаж байгаа аваргуудын толгойд гарчихлаа. Үүнийг дагаад хариуцлага ирж байгаа?

-Тийм. Том цол авлаа. Тэргүүнд нь гарлаа. Бага залуу цолтнуудад унаад байж болохгүй. Өөрийнхөө чадах хэмжээгээр шударга сайхан барилдаад явна даа.

-Аварга цолны үнэ цэнийг та юу гэж ойлгодог вэ?

- Том үндэсний өв соёлыг нэгэн цагт тээж яваадаа бахархдаг юм. Их хөлс хөдөлмөр зарж энэ цолд хүрсэн. Японоос ирээд 10 дахь жилдээ барилдаад л том цолонд хүрлээ. 2009 онд ирээд л “Заавал улсын цолтой бөх болно” гээд л бэлтгэлээ үнэн сэтгэлээсээ хийдэг байлаа.

-Увс нуур дэвжээнийхэн энэ жил шинэ начинтай сайхан наадлаа?

-Шинэ начинтай боллоо. Аварга, арслан хоёр шөвгийн наймд шалгарлаа. Энэ цагийн бөхийн өнгөнд яваа олон бөхчүүд “Увс нуур” галд бэлтгэлээ базаадаг. Эдний маань хүч хөдөлмөр намайг өдий зэрэгтэй явахад нөлөөлдөг юм. Сайн бэлтгэл хангагчтай байна гэдэг бидний амжилтын үндэс.

-Увс аймгийг бөхийн өлгий нутаг гээд яриад байдаг. Х.Баянмөнх аваргаас хойш дархан аварга цолтон төрсөнгүй?

-Тийм. Хувь заяа байвал дархан аварга болох байлгүй дээ. Бэлтгэл сургуулилтаа сайн хийгээд формоо хадгалж чадвал дархан аварга цол ойрхон л харагдаж байна. Ирэх жил ардын хувьсгалын 99 жилийн ойн баяр наадамтай. Хоёр есийн тоо давхацсан бэлгэшээлтэй ойд сайхан барилдана гэж төлөвлөж байна. Тэгээд 100 жилийн ойн баяр наадамтай золгоно. Ийм түүхт ойн баяр наадмууд миний ид барилдаж байгаа насан дээр тохиож байгаад үнэхээр баяртай байна.

-Таныг дагаж бэлтгэл хийдэг залуус сайн барилдаж байна. Хойч үеэ бэлтгээд байна уу?

-Өдий хүртэл бэлтгэл сургуулилт хийж сурсан мэдсэнээ залуустайгаа хуваалцъя гэж санадаг юм. Одооноос шавь нартай болоод явж байна. Эд маань эхнээсээ аймаг, цэргийн цол чимэг авсан. Сая хоёр нь цэргийн начин болсон. Цаашдаа том цолд хүрч нутаг орныхноо баясгаад явна гэж хүлээж байна. Ер нь тэгээд залууст үндэсний бөхийн чанар, үнэлэмжийг таниулах нийгэм рүү чиглэсэн ажил хийхээр төлөвлөсөн байгаа.

-Өнгөрсөн хавар Э.Оюунболд аварга та хоёр ээлжилж их шөвөгт шалгарч, түрүүлж үзүүрлээд байсан. Наадмын өндөр даваанд хоорондоо тулна гэж тооцоолж байсан байх даа?

-Тэгэлгүй яах вэ. Бэлтгэл дээр бэлдсэн тактик ч байсан. Төлөвлөсөн барилдаанаа гаргаж чадаагүй. Э.Оюунболд надаас илүү хийморьтой байлаа. Э.Оюунболд бид хоёр чинь их гоё ш дээ. Хоёулаа 2013 онд улсын харцага болсон. 2014 оны наадмаар би түрүүлж улсын арслан болсон. Оюунболд 2015 онд түрүүлсэн. 2018 онд би түрүүлж аварга болоход 2019 онд Оюунболд түрүүлж аварга болж байна. Яг л миний араас мөрөөр маань дагаад алхаад байгаа.

-Аав тань тухайн үед уурсаж байсан ч гэртээ баяртай л хүлээж авсан байх?

-Миний аав улсын харцага цолтой бөх хүн. Хүүгийнхээ том цол аваад явж байгаад баяртай байдаг гэж найддаг юм. Ах, дүү эргэн тойрныхон маань ч сэтгэл өндөр байдаг. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын “Сүлд” спорт хороо, Дулааны цахилгаан станцын “ТЭЦ 3”, “Химон” констракшн зэрэг байгууллагуудын дэмжлэг сэтгэлээр өдий зэрэгтэй явна даа. Энэ хүмүүст талархаж явдаг юм.

-Дархан аварга болохоор нь эргээд уулзъя.

-За. Баярлалаа