Сүүлийн үед цахим орчинд нийтийн эзэмшлийн талбайд бие зассан иргэдийн бичлэг ихээхэн тарж, олон нийтийг бухимдуулаад байгаа билээ. 

Тодруулбал , Баянзүрх дүүргийн нэгдүгээр хороонд байрлах нэгэн хотхоны цахилгаан шатанд энэ оны долоодугаар сарын 17-ны өдөр 11 цагийн орчимд оршин суугч эмэгтэй бие зассан. Энэ бичлэгийг тус байрны СӨХ-ныхон оршин суугчдынхаа цахим хуудсанд нийтэлжээ. Харин тухайн бичлэгийг үзсэн тус байрны оршин суугч иргэд бухимдаж олон нийтэд түгээсэн байна. Гэтэл гэгээн цагаан өдөр, бусдыгаа хүндэтгэхгүй цахилгаан шатанд бие зассан эмэгтэй цагдаагийн байгууллагад нэр төрөө сэргээлгэхээр өргөдөл гаргасан юм.

Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас ажиллаж бие зассан эмэгтэйг 10 000 төгрөгөөр, бичлэг байршуулсан СӨХ-ны даргыг 50 000 төгрөгөөр торгосон аж. Харин тус бичлэгийг олон нийтэд түгээсэн тус байрны оршин суугчид Зөрчлийн хэрэг нээн БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж эхэлжээ. Зөрчлийн хуулиар бичлэг тараасан тус байрны оршин суугч буруутгагдвал хоёр сая төгрөгөөр торгуулах хуулийн заалттай.

Энэ мэтээр Зөрчлийн хуулийн цоорхой нь бусад нийгмийн болохгүй байгаа зүйлийг ил гарган мэдээлэхэд хүндрэл үүсгэж байгааг эндээс харж болох юм.