АНУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барртай уулзлаа.

Уулзалтад Монголын талаас улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нар оролцов.

Уулзалтын эхэнд хоёр талын прокурорын байгууллага хамтын ажиллагаагаа сайжруулах асуудлыг ярилцаж, боловсон хүчнээ сургахаар ярьж тохиролцлоо.

 

Мөн АНУ-ын талаас НҮБ-ын авлигын эсрэг конвенцийн тодорхой заалтын хүрээнд оффшор дансан дахь мөнгө, авлигын мөнгөөр худалдан авсан АНУ дахь үл хөдлөх, хөдлөх хөрөнгийг Монголын талд шилжүүлэх, ямар хөрөнгө хаана байгааг илрүүлэх зэрэг хүсэлтийн дагуу хүнд сурталгүй хурдан шуурхай ажиллаж Монголын талд туслалцаа үзүүлнэ гэлээ.

 

Уулзалтыг хоёр талаас Монгол-Америкийн прокурорын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахуйц үр дүнтэй боллоо хэмээн дүгнэсэн юм.

АНУ-ын Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокурор Уилльям Барр Монгол Улсад айлчлах урилгыг хүлээн авч, Монгол Улсад айлчлахаа илэрхийлэв.