Төрийн мэдлийн үл хөдлөх хөрөнгөнөөс шамшигдуулсан тохиолдолд ямар шийтгэл оноодог бол. Тэр тусмаа хууль бусаар албан тушаалаа урвуулан ашигласан тохиолдолд шүү.

Зарим нэг хүмүүс одоо болтол хийсэн үйлдлээ нуун дарагдуулсаар байна. Өмнө нь манай сонины дугаарт гарч байсан “Оргил” рашаан сувиллын эргэн тойрон дахь газруудад хууль бусаар газар олгосон талаар хөндөж байсан юм. Мөн эх ундрагыг нь соруулж барилга барих гэж байгаа тухай мэдээлж байсан. Уг нь усны эх, рашаан булгийн эх ундрага газар барилга барихыг хориглосон. Тэгвэл “Оргил” рашаан сувилал төрийн өмчит хувьцаат компанийн эх ундрага болсон цамхагийн ойролцоо барилга барихаар болоод байгаа. Тэгвэл тухайн барилгыг баригдах асуудал яригдахаас өмнө “Оргил” рашааныг аль хэдийн тойруулаад бэхлэлт бариад амжжээ.

 

Хэрэв одоо барилгын ажил нь эхлээгүй нэр нь үл мэдэгдэх орон сууцны барилга барихаар бол “Оргил” рашаан сувиллын эх булгийг бүрэн соруулж байж барилга барих гэнэ.Тус “Оргил” рашаан сувилалын эх ундрагаас 100 метрийн зайд эрүүл ахуйн бүс байх ёстой аж. Гэвч 100 байтугай 50 метр ч зай үлдээгүй бололтой. Ямар нэгэн урсац ус, булаг шанд, рашааны эх ундрагаас 200 метрийн зайд ямар нэгэн барилга байгууламж барихыг хориглодог. Гэтэл энэ хуулийн заалтыг илт зөрчин өмнөх Нийслэлийн Засаг дарга нар маань газар олголт хийсэн байна. Тэр тусмаа Төрийн өмчит хувьцаат компанийн хөрөнгийг зарж үрэгдүүлсэн “Оргил” рашаан сувиллын дарга асан Ц.Сүхбаатар гэгч нь хууль бусаар газар олголт хийсэн байна. Тэрбээр тус газрын даргаар ажиллаж байхдаа төрийн мэдлийн газруудыг үрэн таран хийснийг “Оргил” рашаан сувиллын ажилчид гэрчилж байгаа юм. Одоогийн байдлаар “Оргил” рашаан сувиллын хашаан дотор машины зогсоол барих нэрийдлээр авсан газартаа барилга барьж байгаад даргын ажлаа өгсөн учраас барилгын ажил зогссон байна. Удахгүй тэр газраас хог новшийг нь зайлуулахаар төлөвлөөд байгаа ажээ. Тэрхүү барилгын хог шороо сувиллын хашаагаар хөглөрч байсан нь одоо ч байсаар байна. Мөн Ц.Сүхбаатар өөрийн танил болох нэр бүхий төрийн өндөр албан тушаалтны эхнэрт сувиллын хашаан дотор эрдэс баялгийн лабораторийн газрыг өгсөн гэлцдэг юм байна. Дан ганц Ц.Сүхбаатар ч биш Нийслэлийн Засаг дарга асан Ц.Батбаяр өөрийн төрсөн дүү болох Ц.Чанцал гэгчид тус “Оргил” рашаан сувиллын Сэргээн засах нөхөн сэргээх төвийг хувьчилж өгсөн байна. Одоогоор хэний хэн гэгч даргынх гэдгийг олж мэдэж чадаагүй байгаа аж. Оргил рашааныг тойроод хууль бусаар олгогдсон газруудын талаарх мэдээлэл тус сувилалын архивт байдаггүй гэнэ. Ц.Батбаяр нь ихээхэн хэмжээний газрыг Ц.Сүхбаатар гэгчтэй хамтран барилгын компаниудад өгсөн гэдгийг тус Оргил рашаан сувилалын хуулийн зөвлөх Л.Баянмонгол хэлж байсан юм. “Оргил” рашаан сувиллын ойр орчмоор баригдаж байгаа, баригдсан барилгуудыг хуулийн дагуу хариуцлага тооцох гэж хэчнээн хичээсэн ч чаддаггүй тухай ч хэлж байсан юм.

 

“БИ СИ КОНСТАЛИНГ” ХХК-Д АНХНЫ ГАЗАР ОЛГОЛТЫГ ХИЙЖЭЭ

Ц.Сүхбаатар болон хотын дарга асан М.Энхболд даргын зөвшөөрөлтэй 2200 метр квадрат газар олгосон байна. Тус барилгын захирамж нь Эмчилгээ сувилгааны зориулалттай чирийгжүүлэх төв гэсэн нэртэй захирамж аж. Гэвч одоогоор нэмж өргөтгөж барьсан ганц ч барилга байхгүй юм байна. Энэхүү захирамжийн дараагаар 2005 онд Эрүүл мэндийн яамны харьяа Рашаан судаллын үндэсний төвд ажилчдын орон сууцны барилга гэсэн нэртэйгээр 45 га газрыг олгох зөвшөөрөл гарсан аж. Ажилчдын орон сууц барих нь барьсан байгаа юм. Гэвч нэг ч ажилтан орон сууцанд ороогүй байна. “Оргил” рашаан сувиллыг тойроод онцгой бүсэд барилга барьсан “Хурд”, “Өндөр буянт” гэх мэт олон компани бүгд газар эзэмших барилга барих зөвшөөрөлтэй. Үүнээс “Өндөр буянт” ХХК-д нэг га газрыг олгосон байгаа юм. Зориулалт нь чийрэгжүүлэх төв барих гэсэн заалттай байгаа юм.

 

НЭГ НЭГ РҮҮГЭЭ ШИЛЖҮҮЛЖ БУДЛИАНТУУЛДАГ БАЙЖЭЭ

Зарим нэг хууль бус зөвшөөрлийг харахад 2007 оны тавдугаар сарын 25-ны өдрийн 248 дугаар тогтоолоор “Оргил” рашаан сувилал ТӨХК-д орон сууц, чийрэгжүүлэлтийн төвийн барилга барих 0.9345 га газрын тусгай зөвшөөрөл байгаа юм. Гэвч энэхүү барилга нь эмчилгээ сувилгааны бус орон сууцны барилга болж хувирчээ. Одоогоор тус сувилалд 30 гаруй жил ажилласан хүн байранд ороогүй байгаа аж. Үе үеийн туршид газрын маргааны талаар шийдвэрлэгдээгүй асуудал бишгүй байдаг гэнэ. Мөн 2006 онд олгогдсон “Хаус групп”-ын 4500 метр квадрат газар байгаа юм. Энэ нь “Оргил” рашаан сувилал руу эзэмшигчээр шилжүүлчихсэн газар орон сууц үйлчилгээний зориу­лалтаар баригдах ёстой байжээ. Гэвч хавсралт бичиг баримтан дээр “Оргил” рашаан сувиллаас “Хаус групп” рүү эзэмшигчээр шилжүүлсэн байгаа юм.

Эсэргүүцсэн, рашаанаа хамгаалах гэж оролдсон тус сувил­лын эмч нарыг ямар нэгэн байд-лаар ажилчдын амыг таглаж хуурдаг  байжээ. Барилга бариулахыг нь эсэргүүцэхээр “Та бүгдийн байрыг барьж байна” хэмээн хуурч тун олон барилга барьсан байна. Одоо ч гэсэн баригдсаар л байна. Тус сувиллын ойр орчимд хэдхэн жилийн өмнө барилга гэхээр юм байгаагүй. Гэтэл одоо “Оргил” рашаан сувилал харагдахаа байж хашаа нь хүртэл газарт орчихсон байх юм. Эмчилгээ сувилгааны зориулалт­тайгаар барилгын зөв­шөөрөл олгогддог ч  зориулалтын нэг ч байгууламж байхгүйд хамаг учир байгаа юм. Хэдэн жилийн өмнө “SS club” баригдаж байхад хэрүүл шуугиан бишгүй л гарч байсан. Тухайн үед Ч.Сайхансамбуу УИХ-ын гишүүн байсан болохоор яаж ч чадалгүй өнгөрсөн. Ингэснээр тус сувилалын рашааны чанар муудсан аж. Мөн нэр нь тодорхойгүй дөрвөн компанид газарр олгосон тухай захирамж байгаа юм. “Оргил” рашаан сувиллын хашаа, мод сөөг зэргийг устгаж сүйтгэсний төлбөр 70 орчим сая төгрөгийн торгуулийн заалтыг хэн ч төлөөгүй байгаа нь харамсалтай. Хэзээнээсээ хотын дарга нарын тоглоом бизнес нь болж ирсэн “Оргил” рашааныг хувьчлах асуудал ч гэсэн нэг хэсэгтэээ яригдаад байсан. Гэхдээ төрийн мэдлийнх хэвээрээ үлдэж чадсан шүү. Гэвч одоогоор эх ундрагаа соруулж рашаан ч биш сувилал ч биш болоход  ойрхон байна.

 

Э.Баясгалан