Улсын гарьд Ш.Жаргалсайхан монгол түмнээсээ уучлалт гуйлаа
2019/08/30
Завхан аймгийн Идэр сумын харьяат, улсын гарьд Ш.Жаргалсайхан энэ жил улсын наадамд зодоглохдоо дөрвийн даваанд Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын харьяат, аймгийн арслан П.Мөнхбатад өвдөг шороодсон. Гэвч тахимаа өгөхдөө түүний толгой руу дэлссэн нь олныг бухимдуулан, өдгөө ч шүүмжлүүлж байгаа билээ. Үндэсний баяр наадмыг зохион байгуулах хорооноос түүнд шийтгэл оногдуулахаа албан ёсоор мэдэгдээд буй. Үндэсний бөхийн салбар хороо өнөөдөр Ш.Жаргалсайхантай уулзжээ.
Тэрбээр “Би үндэсний бөхөөр 20 гаруй жил барилдаж байна. Энэ жил Дорнодын аймгийн арслан П.Мөнхбатад унасныхаа дараа жудаггүй зан гаргасандаа харамсаж байна. Миний буруу. Монгол түмнээсээ, завханчуудаасаа, П.Мөнхбатаас, дорнодчуудаас албан ёсоор уучлалт гуйж буйгаа илэрхийлье” гэжээ.
Мөн тэрбээр Э.Оюунболд аваргаас допинг илэрсэнтэй холбоотой асуудлаар “Би Төрийн наадамд гурван удаа шөвгөрсөн. Улсын наадамд 2014 онд үзүүрлэж, гарьд болсон. Тухай бүрт нь допингийн шинжилгээ өгсөн. Э.Оюунболдын асуудал удахгүй шийдэгдэх байх. Үнэн, худал нь үл мэдэгдэх мэдээлэл сошиалаар их явах юм. Бөхийн шээс солигдох боломжтой эсэхийг сайн мэдэхгүй. Өмнө нь ийм тохиолдол гарч байгаагүй байх” гэлээ.
Жудаггүй авирласан бөхчүүд буруугаа ухамсарлан, монгол түмнээсээ уучлалт гуйсан тохиолдол хуруу дарам. Ш.Жаргалсайхан гарьдын үйлдлээс бусад бөх үлгэрлэх биз ээ.