Цагдаагийн байгууллага, алба хаагчидтай нь холбоотой асуудлууд шил шилээ даран гарсаар. Тээврийн цагдаагийн албаны хурандаа Э.Бөхбатын эзэмшлийн орон сууцанд хууль бус автомат тоглоомын газар ажиллаж байсан.

Мөн өнгөрөгч сарын 23-нд Төв аймгийн Угтаалцайдам суманд цагдаагийн хоёр алба хаагч хүний аминд хүрлээ гэх мэдээлэл ч цацагдаад байгаа. Бага насны охид хүчирхийлсэн хэргүүд хэрхсэн нь тодорхойгүйгээр намжлаа.

Түүнчлэн нийслэл хотод Цагдаагийн байгууллага иргэдийн өгсөн дуудлага мэдээллийн мөрөөр хэдий хэр хугацаанд хэрхэн ажиллаж байгаа нь ч олон нийтэд төдийлөн хүрэхгүй байна. Цагдаагийн 102 тоот утсанд өгсөн архидан согтуурч, танхайрсан, орон гэртээ агсан согтуу тавьсан дуудлага мэдээлэлд Баянзүрх дүүргийн Цагдаагийн III-р хэлтэс 2-3 цагийн дараа очих жишээний. Ингэж ажиллавал хэрэг зөрчлийг хэрхэн арилгаж чадах билээ. Хэдхэн хоногийн өмнө тус хэлтсийн хариуцсан нутаг дэвсгэр болох Улиастайн гүүрний хойд талын зэлүүд газарт орон гэрээсээ дайжсан бага насны гурван хүүхэд осгож ухаан балартсан байхад мэдээгүй өнгөрүүлсэн. Азаар тус дүүргийн цагдаагийн I-р хэлтсийн машинт эргүүлийн офицер, цагдаагийн ахмад Б.Нямдорж хүүхдүүдийг олж амь насыг аварсан байдаг.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн Анхан шатны шүүхээс 2017 онд эрэн сурвалжлах тогтоол гарсан хүнийг өнөөдрийг хүртэл олоогүй л байгаа. Хохирогчид хэргийн талаар лавлахад “Энэ хүн чинь хаяг дээрээ байхгүй байна. Дахин хэрэг зөрчилд холбогдож регистрийн дугаар нь бүртгэгдэхгүй байгаа болохоор олох боломжгүй” гэдэг гэж байгаа. Хайж байгаа хүнээ хаягаар нь очоод олохийг хэн ч дөнгөнө. Харин дээрх хэлтэс эрэн сурвалжлагдаж байгаа этгээдийг оршин суух хаяг дээрээ байхгүй тохиолдолд дахин гэмт хэрэг үйлдүүлж байж олдог юм байх.

Үнэндээ дуудлага мэдээллээ бүртгэж хүчирдэггүй жижүүртэй хэлтсээс илүүг хүсч хүлээнэ гэдэг харганын ноос түүж эсгий хийхийн үлгэр болох биз. Тодруулбал, Нэгэн иргэний 102-т өгсөн дуудлагын дагуу цагдаа ирээд шалгаад явсан байгаа юм. Өгсөн дуудлагынхаа талаар эргээд лавлахад тус хэлтсээс тодруул гэсний дагуу явахад мөнөөх Баянзүрх дүүргийн Цагдаагийн III хэлтсийн тухайн өдрийн жижүүр нь ийм дуудлага мэдээлэл манайд ирээгүй хэмээн хээв нэг хэлж байх. Ийм л хэлтэс иргэдийн амар тайван амьдралын төлөө ажиллаж байгааг Цагдаагийн эрхэм дарга, удирдлагууд мэддэг болов уу.

niigmiintoli.mn