Сүүлийн үед улс төрд хүчтэй өрнөсөн үйл явдлын тоймлон хүргэе. 

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг экс Ерөнхийлөгч хоёрын маргаан шүүхээр эцэслэн шийдэгдсэн. Тэгвэл Ерөнхий сайд асан маань дахин тэмцэлдэхээр болсон уу гэлтэй.  МАНАН бүлэглэл гэгчийн схемийг танилцуулав.

Тэрбээр Монгол улсад нам гэж байхаа больсон. МАНАН ба бусад болсон байгаа. Нууц гэдгийн цаана маш олон гэмт хэрэг нуугдаж байдаг болсон. Бид нар улс орноороо тоглуулсаар суух уу? Монголд шударга ёс тогтохын тулд би гурван зүйлийг боддог.

Нэгдүгээрт, Шударга шүүхтэй байх ётсой

Хоёрдугаарт, Сайн зүйл хийсэн нь гавьяа шагналаа аваад, муу зүйл хийсэн нь шийтгэлээ хүлээдэг. Энгийн зарчим үйлчлэх хэрэгтэй

Гуравдугаарт, Төрд гарч ирсэн улс төрчид ёс зүйтэй байх хэрэгтэй. Өчнөөн ярих юм их байгаа. Бүлэглэлийн мөнгөний асуудал их бий. Газрын доорх баялагийг бүлэглэлийнхэн дээрэмдсэн. Улаанбаатарын газрыг зарсан. Хууль хяналтын байгууллагаараа бизнесмэнүүдийг дээрэмдэж, дарамталсан. Ц.Элбэгдоржийн мөнгө гэдэг чинь галзуу их мөнгө ш дээ. Зөвхөн Эрдэнэтийн зэсийн баяжмалаас жилдээ 44 тэрбум төгрөгийг ганцаараа тууж байгаа хүн. Энэ шударга бус зүйлийг сонгуулиас өмнө нам дарах хэрэгтэй байна. Миний ярьсан зүйл бол үнэн бодитод тулгуурласан. Худлаа юм ярьж болохгүй гэсэн юм.

Мөн Ц.Элбэгдорж намайг гүтгэхээр нь 1 тэрбум төгрөг нэхэмжлээд шүүхэд өгсөн. Гэтэл тэмээн дээр ямааны гарц болдог юм байна. Шүүхийн шийдвэр нь Ц.Элбэгдорж гүтгэсэн юм байна гэж гарсан мөртлөө.  1 тэрбум төгрөг нэхэмжлэхээр 5 сая гаруй төгрөгийн хураамж төлдөг юм байна. Ингээд шийдвэр нь гарахаараа 1 сая төрөгийн төлөхөөр гарсан. Дахиад заргалдах гэснээ зогсоосон. Яагаад 1 тэрбум төгрөгийг нэхэмжилсэн юм бэ гэхээр, энэ хүн асар их ёс зүйн хувьд доголдолтой. Асар их мөрийтэй тоглоом тоглодог. Хэд хоногийнх нь тоглоомны мөнгийг нэхэмжилсэн юм. Ийм хууль бусын төлөө тэмцэнэ. Дараагийн удаа МАНАН бүлэглэлийн мөнгөний асуудлыг баримттайгаар дэлгэнэ гэдгээ онцлов.

Төрийн өндөр сэнтийд сууж байсан эрхэмүүд нэг нэгээрээ АТГ-т дуудагдах болсон. Тэдний цувааг Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбат үргэлжүүлэв. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат нь Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа ашиглаж, Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Улаан сайр 2 гэх талбайг “Элбэг орд” ХХК-аас өөрийн эзэмшлийн “Хэрх-илч” ХХК-ийн нэр дээр худалдан авч, улмаар “Алтай Констрашкн” ХХК-ий Ерөнхий Захирал Х.Бат-Эрдэнэд сая төгрөгөөг зарсан нь илэрсэн. Түүний энэхүү үйлдэлд АТГ-аас Ж.Эрдэнбатыг яллагдагчаар татах саналаа Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байсан. Тэгвэл Прокурорын байгууллагаас Ж.Эрдэнэбатыг яллагдагчаар тооцох тогтоол батлан, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн байна. Түүнийг тусгай зөвшөөрлийг нь цуцалсан талбайнуудад гаргасан зардлыг бодит дүнгээр тооцолгүй, хэт доогуур үнэлэн бусдад давуу байдал үүсгэсэн байж болзошгүй гэх үндэслэлээр АТГ-аас шалгаснаар яллагдагчаар татах үндэслэл үүссэн юм.

Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Ерөнхий консулаар ажиллаж байсан Д. Мөнх-Эрдэнэ Ж.Батзанданг шоронгоос суллаж, хоёр удаа гишүүн болгосон ах нь Ц.Элбэгдорж хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурдаж нэлээдгүй шуугианыг тарив. Энэхүү ярилцлагыг энд дарж унших боломжтой. 

Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар туслахаа атташегаар томилсон нь олон нийтийн бухимдлыг төрүүлээд авсан юм. Энэ тухай анх  УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан ил болгов. Энэ оны тавдугаар сарын 31-ний өдрийн орой буюу Эх үрсийн баярын өмнөх өдөр Гадаад харилцааны яам гадаад улсад Монгол улсыг төлөөлөн суугаа элчин сайдын яамны томилгоонуудыг хийжээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан "Монголын төрд тэр тусмаа гадаад хэргийн яаманд чадалтай, чадварлаг боловсон хүчин байхгүй байна уу. Эсвэл хүн нь олдохгүй байгаа юм уу. Хуучны уламжилт гадаад харилцааны яамыг нэр хүндтэй хүмүүс хилийн чанадад Монгол улсаа төлөөлөн ажилладаг байсан. Гэтэл одоо жолооч, туслахаараа ажиллаж байсан нөхдүүдийг томилж явуулдаг болжээ. Асуудал үүсгээд байвал томилсон нөхдүүд өөрсдөө ямар хариуцлага хүлээх вэ. Германд хар тамхи зөөвөрлөж байгаад хэл ам дагуулсан хүмүүс байна.Яагаад туслахаараа ажиллаж байсан нөхдүүдийг шууд томилоод байдаг юм бэ?. Жишээлбэл, УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар туслахаараа ажиллаж байсан Б.Мөнхтүшигийг Английн Лондон дахь Монгол улсын элчин сайдын яам /ЭСЯ/-ны атташегаар, тус яамны дэд сайд Б.Батцэцэг туслахаараа ажиллаж байсан Ц.Даваасүрэнг Италийн Ром хот дахь ЭСЯ-нд атташегаар, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн туслахаараа ажиллаж байсан Н.Жавхланг Канад улсын Оттава дахь ЭСЯ-нд атташегаар тус тус томилсон гэж байна. Ийм томилгоо болсон уу? хэмээсэн юм. 

Түүний дээрх асуултад дэд сайд Б.Батцэцэг "Томилгоог илүү мэргэжлийн хийхийн тулд олон ажлыг зохион байгуулж байгаа. Туслахууд 3 жил ажиллаад анхны томилгоогоо аваад явдаг. Төрийн албаны хурлын шийдвэрээр томилогдоод явсан. Хууль бус томилгоо биш" гэв.

Мөн улс орны нэр хүндийг унагаж байгаа асуудалд хариуцлага тооцож байж дуусгавар болно. Гадаад харилцааны сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарын туслахыг томилохдоо ашиг сонирхлын зөрчил байгаа эсэхийг лавлана. Гурван жил төрийн албанд ажилласан гэдгээр атташегаар томилж байгаагаа тэвчих хэрэгтэй. Та бүхэн туслахдаа ойлгуулах хэрэгтэй. Томилгоо нь оновчтой, хариуцлага хүлээдэг байх хэрэгтэй тэгж байж алдаа завхралтай тэмцэнэ. Шат шатандаа хариуцлагаа ярьж хариуцлагаа хүлээх хэрэгтэй" гэдгийг Т.Аюурсайхан онцоллоо.

Төсвийн мөнгийг УИХ-ын гишүүд концесс нэрээр хувьдаа завшдаг талаар Зууны мэдээ дэлгэв. концесс нэрээр УИХ-ын гишүүд өөрсдийн хамаарал бүхий компанидаа санхүүжилт авч хувьдаа завшсанаас үүдэлтэй ажээ. Дэлгэрэнгүйг эндээс уншина уу

Энэ сарын 21-ний өдөр УИХ-ын гишүүн, Барилга, хот байгуулалтын сайд асан З.Баянсэлэнгийг цагдан хорьжээ. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжаар энэ сарын 21-нд Урьдчилан хорих 461 дүгээр ангид хорьсон. Түүнийг удаа дараа шүүх хуралдаанд саад учруулж, хойшлуулж байсан учраас ийнхүү хорих захирамж гаргажээ.

Учир нь аравдугаар сарын 21-нд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд З.Баянсэлэнгэ болон тус яамны мэргэжилтэн М.Болортуяа нарт холбогдох хэргийн шүүх хуралдаан товлогдсон байсан юм. Гэвч З.Баянсэлэнгэ шүүгч, шүүх бүрэлдэхүүн болон тухайн дүүргийн шүүхээс татгалзаж буйгаа мэдэгдсэн. Гэхдээ тэрбээр шүүхээс татгалзаж байгаа шалтгаанаа үндэслэлтэйгээр тайлбарлаж чадаагүй аж. Ингээд зогсохгүй өмгөөлөгчөөсөө ч татгалзах санал гаргасан байна. Шүүх бүрэлдэхүүн З.Баянсэлэнгийн хүсэлтийг үндэслэлгүй учир хүлээж аваагүй юм. Харин өмгөөлөгчөөсөө татгалзах саналыг нь хүлээн авчээ.

З.Баянсэлэнгэ болон түүний өмгөөлөгч өмнө нь хоёр удаа шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргаж байсан удаатай. Шүүхээс дараагийн шүүх хурлыг арваннэгдүгээр сарын 28-нд товлосон бөгөөд тэр хүртэл З.Баянсэлэнгийг ийн хорих шийдвэр гаргажээ.

Түүнд холбогдох хэргийг эргэн сөхвөл, З.Баянсэлэнгэ нь Барилга, хот байгуулалтын сайдаар ажиллах хугацаандаа “Бэрэн” группын барьсан Хангай хотхоны орон сууцнаас 123 айлын орон сууцыг тендер зарлалгүй, шууд худалдан авч, улсад 972.4 сая төгрөг хохирол учруулсан. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэн 19.2 сая төгрөгөөр торгон шийдвэр гаргасан байна. Харин улсад учруулсан 972.4 сая төгрөгийн хохирлыг “Бэрэн” группээс гаргуулахаар болсон юм. Шүүхийн энэхүү шийдвэрт Нийслэлийн прокурорын газраас эсэргүүцэл гаргаснаар Улсын дээр шүүхээс уг хэргийг анхан шатны шүүхэд буцаасан билээ. Прокурорын байгууллагаас эсэргүүцэл гаргахаас гадна З.Баянсэлэнгэ өөрийгөө буруугүй гэж үзэн торгууль төлөхөөс татгалзаж байсан. Ийнхүү уг хэрэг дахин анхан шатны шүүхээр шийдэгдэх болов. Ингэхдээ НПГ-аас З.Баянсэлэнгийн хэргийг тухайн үед Төрийн банкны захирлаар ажиллаж байсан Д.Баярсайханы хэрэгтэй нэгтгэн яллах дүгнэлт үйлдсэн байна. Учир нь БХБЯ-ны мэргэжилтэн М.Болортуяагийн нэг үйлдэл нь Д.Баярсайхантай холбогджээ. Д.Баярсайхан нь Төрийн банкны захирлаар ажиллаж байхдаа БНХАУ-ын “Шинжан Шинфан” компанид 20 тэрбум төгрөгийн зээл олгосон хэрэгт холбогдсон юм.

Хөрөнгөө нуудаг хурган дарга нарыг өөгшүүлсээр байх уу сэдвийг Өнөөдөр сонин хөндөн олон нийтэд хүргэв. Энэ талаарх дэлгэрэнгүйг эндээс уншаарай.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ:

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /2/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /3/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/4/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь/5/

ТОЙМ: Улс төрчдийн "дуулиан" тасрахгүй нь /6/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /7/

ТОЙМ: Улс төрчдийн дуулиан тасрахгүй нь /8/