Б.НАМУУНТАМИР

Билгийн тооллын намрын илүү сар өвлийг хойшлуулсан уу гэлтэй дулаахан хэвээр арваннэгдүгээр сар талдаа орлоо. Уг нь өдийд цас дарж, цочиртол хүйтэрдэг цаг сан.

Цаг ийм байгаа ч нийслэлийн утааг бууруулахаар энэ жилээс түлүүлж эхэлсэн шахмал түлшний хор, горын тухай асуудал сарын өмнөөс мэдрэгдэж эхэлсэн. Цөөнгүй хүн нас барлаа. Маш олноороо хордлоо.

Энэ мэдээллийн талаар тодорхой мэдээлэл хүргэх аргагүй. Учир нь үүнийг төрийн түвшинд нууцалж байгаа юм.

Үнэнийг хэлэхэд энэ шахмал түлш төр, ард түмнийг хоёр хуваачихаад байна. Иргэд олон нийтийн зүгээс шахмал түлшинд машид эргэлзэж байна. Харин төр шахмал түлшийг аюулгүй, зөв л түлчих гэдэг зөвлөгөөг өгч буй. Шахмал түлшийг муулах юм бол хуулийн хариуцлага хүлээлгэнэ ч гэсэн.

Улаанбаатар хот урьд жилүүдийнхийг бодвол утаа манан багатай харагдаж байгаа нь үнэн. Гэхдээ жавар тачигнасан өвөл болоогүй байгааг бодох хэрэгтэй.

Утааны харагдах байдал бага ч үнэр танарын талаар яриа хөөрөө гарсаар байгаа. Хамгийн гол нь угаарын хордлогын дуудлага, угаартаж нас барсан хүний тоо нэмэгдсээр байна. Бидэнд мэдэгдэж байгаа бүрхэгдүүхэн мэдээллээр бол 600 орчим хүн угаартаж, 10 хүн амь насаа алджээ.  Эргэлзэх шалтгааны үндэс нь энэ.

Гэхдээ нийслэлийн утааг бууруулах гээд байгаа шахмал түлш яг юу вэ. Түлэхэд гарч байгаа утаа, бас үнс нь аюулгүй байж чадах уу. Эдгээр асуултын үнэн хариулт  нийслэлд амьдарч байгаа хүн бүрт хамаатай юм.

Тиймээс бид эхлээд гал түлж дулааны асуудлаа шийддэг гэр хорооллыг зорьсон юм.

“…25 кг-аар савласан нэг шуудай түлшийг энгийн ханан зууханд  нэг л хоногт түлдэг. Өглөө, өдөр орой галладаг. Уг нь асалт сайн юм. Хурдан ч халдаг юм байна. Дулаанаа ч бас дажгүй барьж байна. За дулаан ч яахав идэр есөд чанараа таниулна. Асуудлууд байна шүү. Их тортогтой юм. Хэдий чинээ нүүрс хэрэглэнэ, үнс нь ч төдий чинээ гарна. Заримдаа дутуу шаталттай барьцалдсан үнс гардаг. Түүхий нүүрсийг бодвол үнс их гарч байна. Галлах болгондоо үнсээ авдаг. Үнс нь яг хэвээрээ хатуу чигээрээ бутрах дургүй. Хийсэн шахмал тэр чигээрээ хатуу үнс болдог юм байна. Тэгэхээр таван өдөр түлсэн шахмал тэр чигээрээ үнс болж гарч байна. Хүнд гэж жигтэйхэн. Тиймээс гэр хорооллын дундуур хогийн машиныг гудамж бүрт долоо хоног бүр явуулж таарах юм шиг. Тэгэхгүй бол айлуудын үнс дийлдэхгүй их гарах бололтой” гэж Сүхбаатар дүүргийн XII хорооны иргэн Д.Лхагва ярьж байна. Эднийх хашаандаа гурван гэрээрээ амьдардаг. Хогоо ачуулалгүй дөрөв хоноход сайжруулсан түлшний арав гаруй шуудайтай үнс хашаанд нь овоорчээ.

“…Дүн өвөл болж, цас орохоор гэр хорооллын иргэд хальтиргаа гулгаанаас сэргийлж зам дээр ил задгай үнсээ асгадаг . Нөгөөх нь хүний хөл, машины дугуйгаар тарж, сүүлдээ гэрт хүртэл гишгэгдэж орж ирдэг. Манайхан үүнийгээ л болимоор байгаа юм. Айл бүрт тагтай үнсний савтай болохыг шаардах ёстой юу. Эсвэл тарааж өгөх үү. Ямар нэг байдлаар зохицуулалт хэрэгтэй шүү дээ” гэж иргэн Д.Лхагва мөн хэлж байсан юм.

Тэдний хажуу хашааны хоёр ч айлын  хашаанд эгнүүлэн тавьсан шуудайтай үнснүүд харагдана. Тус хорооны иргэн Л.Цэцэгжаргал “…Халуун нурмаа хөргөхийн тулд хашааныхаа буланд асгачихаад хөрөхөөр нь шуудайлаад хогийн машинд ачуулж байгаа. 25 кг сайжруулсан түлш тэр чигээрээ үнс болж байна. Манай энүүгээр ойр ойрхон хог ачдаггүй болохоор хашаагаар нэг үнс дүүрчихлээ. Түлшний хувьд асалт нь ч яахав илч сайтай л юм” гэж байлаа.

Ер нь л айл өрхүүд шахмал түлш түлж эхэлснээсээ хойш “…Илч дулаан сайтай хэдий ч үнс их хэмжээгээр гарч байгаа” гээд шүүмжлэлтэй хандаж байгаа. Сар гаруйн өмнө Яармагийн VII хорооны иргэн н.Гүнсэндорж “…Олны жишгийг дагаад л энэ өвлийг давна даа. Асах нь асч л байгаа юм, үнс ихтэй юм аа. Хүйтрээд эхлэхээр яах юм байгаа юм мэдэхгүй. Үнс ихтэй л болохоос биш илчтэй байгаа юм. Монгол гэрт бол сайн байна. Нэг түлэхдээ ахиухан хийчихвэл зүгээр шиг байгаа юм. Цогон дээр нүүрс хийчихдэг байсан, энэ түлш заавал мод хийхгүй бол уугиад байх шиг” гэж байлаа.

Тэгэхээр энэ шахмал түлшний үнсний тухай заавал ярих хэрэгтэй болж байгаа юм.

Тэгвэл үнс гэж юу вэ. Үнс ямар хор хохирол учруулдаг вэ гэдгийг бид тэр бүр мэдэхгүй. Урин дулааны улиралд ч өвлийн хүйтэнд ч үнснээс ялгардаг “PM10” бүдүүн ширхэглэгт тоосонцор гэж байдаг аж. Энэ нь агаарт төдийгүй хүний эрүүл мэнд, байгаль орчинд хор хөнөөлтэй юм байна. Агаарыг бохирдуулж байгаа олон бодис бүгд хүний биед хортой ч дээрх бүдүүн ширхэглэгт тоосонцор буюу“PM10”, нарийн ширхэглэгт тоосонцор буюу “PM2.5”нь хүний биед хамгийн их хортой гэж мэргэжлийн хүмүүс хэлж байна. Энэхүү тоосонцруудын эх үүсвэр нь үндсэндээ цахилгаан станц болон гэр хорооллын айл өрхүүдийн зуухнаас гарч буй үнс гэдгийг НЭМҮТ-ийн “Агаарын бохирдол хүний эрүүл мэндэд” судалгаанд тодорхой дурьдсан байгаа юм. Тэгвэл нийт үнсний 80-90 хувь нь дэгдэмхий чанартай бөгөөд ил задгай хаяснаар агаар мандалд шууд цацагдан өнөөх бүдүүн, нарийн ширхэглэгт тоосонцрууд амьсгалын замаар дамжин цусанд орсноор хүний эд эсийг гэмтээн хорт хавдар ч үүсч болзошгүй эрсдлийг бий болгож байгаа юм. Хамгийн наад зах нь амьсгалын замаар дамжин орсон тоосонцрууд уушги, улаан хоолой, цаашлаад мэдрэлийн тогтолцоо, нөхөн үржихүйн тогтолцоог өвчлүүлдэг аюултай гэдгийг НЭМҮТ-ийн хийсэн дээрх судалгаанд өгүүлсэн байна. Агаарын бохирдлын гол цөм буюу хор уршиг нь харагдаж байгаа утаанд биш түүнд агуулагддаг энэхүү тоосонцруудад хуримтлагддаг гэдгийг энэ салбарын мэргэжилтнүүд сануулсаар, анхааруулсаар иржээ.

Мөн Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын мэргэжилтэн Д.Санчирбаяр онцгой комиссынхны хамгийн сүүлд хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр “Агаарын чанар өнгөрсөн долоо хоногт PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ өнгөрсөн жилийнхтэй ижил хэмжээнд байсан. Харин “PM2.5” буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оныхоос нэг дахин бага илэрсэн” гэж байлаа. Өөрөөр хэлбэл, том бүдүүн ширхэглэгт тоосонцрын хэмжээ буураагүй гэсэн байгаа юм.

Энд нэг ноцтой баримтыг бид дурдах гэж байна.

Шахмал түлшний үйлдвэрлэгч “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөхөөр ажилладаг Монгол Улсын Зөвлөх инженер, доктор, профессор Г.Бадамхатан “Ухаа худагийн НБҮ-ийн завсрын бүтээгдэхүүн эрчим хүчний нүүрсээр “Сайжруулсан шахмал түлш” бэлтгэх судалгааны ажлын үр дүн” гээчийг 2018 онд төр засгийн удирдлагууд, албан тушаалтнуудад танилцуулж байжээ.

Түүн дэх Шахмал түлшний хүхэр багасгах арга нь “…Ердийн температурт үйлдвэрлэсэн шахмал болон дулааны боловсруулалт хийгдээгүй нүүрсээр хийсэн шахмал нь хүхэрт нэгдэл харьцангуй ихээр агуулдаг. Ийм учраас түлэх үед утаагаараа дамжуулан агаар орчныг бохирдуулах нэг эх үүсвэр болдог. Үүнийг багасгах нэг арга бол шахмал түлшийг үйлдвэрлэхдээ түүхий эдэд тодорхой хэмжээгээр шохой хольж шатаалтаар үүсэх SO2-ыг гипс буюу CaSO4-т хувирган шахмалын үнсэнд нь барьж үлдээх явдал болно” гэжээ. Энэ аргаар нүүрсэнд агуулагдах хүхрийн хэмжээг 90 хувь хүртэл агаарт хаялгүйгээр ялган авах боломжтойг тогтоосон гэж “Тавантолгой түлш” ХХК-ийн ахлах зөвлөх Г.Бадамхатан тайлбарлажээ.

Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ. “Тавантолгой түлш” ХХК-ийнхан Ухаа худагаас ачиж ирсэн “Энержи ресурс”-ийн нүүрсэнд шохой хольж түлшээ үйлдвэрлэж байгаа юм байна. Түүнийг нь шатаахаар хүхэрт нэгдэл нь 90 орчим хувиар буураад, тэр нь үнсэндээ үлддэг бололтой. Нэг үгээр, шахмал түлшний хорыг үнсэнд нь “шахаж” үлдээжээ гэсэн үг.

Тэгэхээр бид агаарын бохирдлыг жинхэнэ утгаар нь ирэх хавраас эхэлж мэдрэх болж байх шиг байна. Өөрөөр хэлбэл, энэ өвөл өмнөх жилүүдээс хамаагүй их үнс гарах нь нэгэнт тодорхой боллоо. Говийн хавсарга шуурганд элс шороо бужигнадаг бол нийслэлийн хогийн цэг, гэр хорооололд үүссэн нүүрсний үнсэн шуурга нийслэл рүү жаахан салхи сэвэлзэх төдийд л агаарт дэгдэж, хөрсөнд тарж шингэнэ.  Тиймээс ил задгай хаягдаж байгаа шахмал түлшний үнснээс  хэрхэн зөв далдлах олон улсын туршлага ямар байдаг, дахин ашиглах ямар боломж байгаа, манайд туршлага хэр байгаа вэ зэрэг асуултын мөрөөр дараагийн сурвалжлагыг хүргэх болно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2019.11.11  ДАВАА  №223  (6190)