ЦЕГ болон Эрүүгийн цагдаагийн албатай хамтран манай сурвалжлах хэсэг хууль бус мөрийтэй тоглоомын газар, гулгаа массажны газрууд хэрхэн нууц байдлаар ажиллаж байгааг харахаас гадна, үйл ажиллагааг нь зогсоосон юм. Цагдаагийн байгууллагаас дээрх ААН, хувь хүнийг шалгаж байгаа бөгөөд буруутай нь тогтоогдох юм бол Зөрчлийн хууль болон Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээ авах аж.

Хууль бус тоглоомын газар ажиллуулж байсан этгээд худлаа хэлэв

Сонгино хайрхан дүүргийн 29-р хорооны нутаг дэвсгэрт автомат тоглоомын газар ажиллуулж байна гэсэн иргэний мэдээллийн мөрөөр цагдаагийн байгууллагаас тус газарт гэнэтийн шалгалт хийсэн юм.

Агуулах гэж бодмоор далд газар бүх хөшгөө хааж, гадна талдаа хяналтын камер байрлуулсан уг газрыг хэн ч мөрийтэй тоглоомын газар ажиллаж байна гэж бодохгүй ажээ.

Биднийг тус газар очиход тус тоглоомын газраар үйлчлүүлж байсан байж болзошгүй 25-45 насны 18 иргэн байсан бөгөөд тухайн газрыг түр хариуцаж байгаа гэх иргэн Б: Би зүгээр эндхийг нүүлгэх гэж ирсэн. Энд үйл ажиллагаа явуулаагүй. Дарь-Эх рүү хоосон хашаанд аваачих гэж байсан. Би нэг өдрийн 60 000 төгрөгөө цалинжиж байгаа гэв.

Гэвч тухайн газарт саатуулагдаад байсан хүмүүс тоглож байсан гэдгийг хэлсэн юм.

Тухайн газрыг Зөрчлийн тухай хуулийн дагуу хууль бусаа мөрийтэй тоглоомын газар ажиллуулсан хэргээр удаа торгож байсан аж. Үүнтэй нь холбоотойгоор түрээслэгч нь тухайн газрыг гаргах албан бичиг хүргүүлээд нэг сар болж байхад нүүгээгүй ийнхүү хууль бусаар мөрийтэй тоглуулсаар байсан юм. Тиймээс дахин зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр цагдаагийн газраас шалгалтын ажиллагаа явуулах юм байна. Түүнчлэн энэ хэрэгт шаардлагатай тохиолдолд прокурор зөвшөөрөх юм бол тус газрыг лацдан, тоглоомуудыг шаардлагатай бол хурааж авах юм. 

Хэдийгээр цагдаагийн байгууллагаас хяналт шалгалтыг тогтмол хийж, хуулийн дагуу арга хэмжээ авдаг ч хуулийн дагуу хүлээх хариуцлага нь сул байдаг тул ийнхүү даварсаар, аргаа нарийсгасаар байдаг ажээ.

Гулгаа массаж хийдэг газар болон бариа хийгч нь зөвшөөрөлгүй...

Баянгол дүүргийн хоёр дугаар хорооны нутаг дэвсгэрт гаднаа хаяггүй, хяналтын камертай газарт гулгаа массаж хийдэг гэх газарт манай сурвалжлах хэсэг очсон юм.

Гэрэлтсэн хувцастай гурван бүсгүй уйлж, тэднийг ахалж байж болзошгүй бүсгүй “хэрэлдэхээр” зэхэж, хэдэн зуун бэлгэвч, тусгай гэрэлтүүлэг зэргээр тоноглосон цомхон өрөөнүүд, дуу тусгаарлахаар эсгий дэвссэн орчин угтсан юм.

Гурван бүсгүйг ахалж байсан бүсгүй сэтгүүлчдийг хэл амаар доромжлохоос гадна, бэлгэвчийг Төгс бүсгүй гэх ТББ-аас олж ирсэн. Хүмүүст тараах гэж байсан. Энэ газартай ямар ч хамааралгүй. Энд тэгж бэлгийн замаар бэлгийн мөлжлөг явуулдаггүй. Гэхдээ гулгаа массаж гэдэг заавал тийм байх ёстой биш. Бид нар зүгээр л гулгаа массаж хийж байсан. Энэ бүсгүйчүүд насанд хүрсэн, 25-26 настай. Үйлчилгээнийхээ 40 хувиар цалинждаг. 60 мянгынхаа 40 хувийг авдаг гэсэн үг гэдгийг хэлэв.

Гулгаа массаж хийж байгаа бол тухайн газар болон үйлчилгээ үзүүлж байгаа хүн нь тусгай эрх болон зөвшөөрөлтэй байх ёстой. Гэвч тэдэнд зөвшөөрөл битгий хэл тусгай зөвшөөрөл ч байсангүй.

Харин массаж хийдэг гэх охид уйлсаар байсан юм. Тэдний хувьд өчигдөр ажилд орсон, хүүхдэдээ хоол хийж өгөөд гарч ирсэн, их дээд сургуульд сурсан, дээд боловсролтой ч ажилд орох хүртлээ массаж хийж байгаа гэдгийг хэлсэн.

Гаднаа хаяггүй газарт зөвшөөрөл, тусгай эрхгүй хүмүүс үйлчилж байсан гэдгээс уншигч та дүгнэлт хийх биз ээ...

Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа. Хэрвээ биеэ үнэлж байсан нь тогтоогдох юм бол бүсгүйчүүдийг Зөрчлийн хуулиар, харин биеэ үнэлэлтийг зохион байгуулсан этгээд Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээх юм.

 

Цагдаа нь торгосон ч дүүрэг, Мэргэжлийн хяналтын байггууллага үйл ажиллагааг нь зогсоосонгүй

Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд үйл ажиллагаа явуулдаг “... ”караоке, зочид буудлын зоорийн давхарт гулгаа массажны үйлчилгээ үзүүлдэг байна. Ямар ч зөвшөөрөлгүй, далд байдлаар үйл ажиллагаагаа явуулдаг тус газар хоёр бариачтай.

Зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан гэж торгуулсан ч гэсэн таван сарын турш хэвийн ажиллаж байгаа гэх. Тодруулбал, иргэн “М”-ын тайлбарлаж байгаагаар тухайн газар нь үйл ажиллагаагаа явуулаад 5 сар орчим болж байгаа аж. Мөн массажистууд нь 20-23 настай бөгөөд байгууллага нь тэдний бичиг баримтыг хурааж авах эрхгүй юм байна. Тиймээс массажист охидууд бичиг баримтаа гэртээ байлгадаг гэлээ..

Уг нь Эрүүгийн цагдаагийн тодорхойлолтыг үндэслэн энэ төрлийн үйлчилгээ үзүүлэх зөвшөөрлийг дүүргээсээ авах ёстой. Гэвч уг газар аваагүй ажээ. Түүгээр ч зогсохгүй уг газрын эрүүл аюулгүй байдлыг хэрхэн хангасан талаар лавлахад тэр талаар мэдэхгүй гэв.

Цагдаагийн газраас “Саун, массаж” нэрийн дор охид, эмэгтэйчүүдийн биеийг үнэлүүлэх гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор тодорхой үе шаттай арга хэмжээ зохион байгуулж байгаа. Хэдий тийм ч энэ төрлийн гэмт хэргийг үйлдэгчдийн арга нь улам нарийсч нууц хэлбэрт шилжиж байгаа гэдгийг хэлж байв.

Асуудлын гол нь садар самууныг сурталчилсан энэ үйлдлүүдийн эрсдэл хичнээн хүний эрүүл мэнд, амь нас, гэр бүлээр тоглож байгааг тааварлашгүй юм.

Биеэ үнэлэгч авсан болон үйлчилсэн нь Зөрчлийн хуулиар торгуулдаг. Улмаар намтарт тань биеэ үнэлсэн, биеэ үнэлэгч авсан гэх өгүүлбэр бичигдэх юм. Харин биеэ үнэлэлтийг зохион байгуулсан нь Эрүүгийн хуулийн дагуу хариуцлага хүлээдэг бөгөөд энэ нь эргээд таны ирээдүйд сөргөөр нөлөөлж болохыг иргэд ухамсарладаггүйгээсээ болж энэ төрлийн үйлчилгээг авдаг.

Тиймээс байр, орон сууц түрээслүүлж байгаа ААН, иргэд түрээслүүлэгч ямар зориулалтаар ашиглахыг тодруулах шаардлагатай байна. Нөгөө талаа энэ мэт хууль бус үйлдлүүд гарсныг мэдсэн бол гэрээгээ цуцалж бүх нийтийг болзошгүй эрсдэлээс сэргийлэх шаардлагатай байгааг сэрэмжлүүлж байна.