Сүүлийн үед Ираны бөх, дэлхийн аварга Саеид Моллаеи манай иргэн боллоо. Тэгэнгүүтээ тив, дэлхийн тэмцээнд, Монгол Улсын нэрийн өмнөөс барилдана гээд л дээр дооргүй хөл алдаж хөөрцөглөх боллоо. Гурван өрөө байр бэлэглэлээ л гэнэ. Нэгэнт төрж өссөн нутгаасаа дайжаад цагаачлах шахаж явсан нэгэнд тусласан хийгээд тэр нь тив, дэлхийд цуутай хүн юм болохоор бөхөд хайртай Монголчууд өгөөмөр сэтгэлээр хандлаа гэж хэлж болно. Гэхдээ л санааны мухарт нэг юм тээглээд байх юм даа. Монголыг бөхийн орон гэдгийг дэлхий нийт зөвшөөрдөг.

 

Сүүлийн жилүүдэд Монгол Улс хэдэн жүдочдынхоо тив, дэлхийд гаргасан нэр сүрээр болж л яваа шүү дээ. Олимпийн аваргатай, олимпийн мөнгөн медальтнуудтай, жүдогийн бага нь дэлхийн шилдэг наймын нэг гэгддэг.

 

За яахав. Иран залуу Монгол бөхийн тоонд багтаж улмаар 2020 оны олимпод аварга болж гэе. Монголын далбааг өргүүлээд шагналын тавцанд зогсдог юм байж. Монголчууд дахиад олимпийн аваргатай боллоо гэж баярлацгаах биз. Гэхдээ 2008 онд Н.Түвшинбаярыг олимпийн аварга болоход бид яаж баярласан билээ.

Монголчууд чинь баярлаж чаддаг юм байна шүү дэгийг ёстой харуулсан шиг болсон. Тэгвэл Саеид Моллаеиг Токиод түрүүлчихлээ гэхэд тэгж баярлах уу. Би л лав нэг их хөөрцөглөхгүй ээ.

Яагаад гэхээр гадаадынхан Монголчууд арга ядраад Иранаас бөх “түрээслэж” тэр нь олимпод түрүүлжээ л гэх байх. Цаашлаад түүний жинд барилддаг аль хэдийнэ дэлхийд данстай О.Ууганбаатар, Н.Дагвасүрэн нарын хүсэл зорилго, хүч хөдөлмөрийг үгүй хийж бас Монгол тамирчдынхаа үнэлэмжийг бууруулж байгаа юм.

Нөгөө л “Уулын бугыг үзээд унасан бухаа голов” гэдгийн үлгэр санагдах янзтай. О.Ууганбаатар чинь жиндээ сайн бөх. Ноднин Японы “Их дуулга”-д заргүй түрүүлсэн удаатай нэгэн шүү дээ. Н.Дагвасүрэн ч гэсэн ид ирэн дээрээ барилдаж яваа залуу. Олимп хаяанд ирсэн ч гэсэн сорилго олон бий. Одоо Хятадад болох “Мастерс”, он гараад улсын аварга цаашлаад бас бус тэмцээнүүд байна уг нь. Тэр тэмцээнүүдээс шалгарсныг нь олимпод сойх учиртай. Шударга хандлага тийм. Харж л байя даа.

 

Ц.Жамбал

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин