Монгол Улсын анх­ны Ерөнхийлөгч Пунсал­маагийн Очирбат. Тэрбээр 1990 оны 3-9 дүгээр сар хүртэл БНМАУ-ын Ардын их хурлын Тэргүүлэгчдийн дарга хийж байгаад 1992 оны хоёрдугаар сар хүртэлх хугацаанд БНМАУ-ын цор ганц Ерөн­хийлөгчөөр ажилласан нэгэн.

Анх 1924 онд Улсын Бага хурлын Тэргүүлэгчдийн дарга гэсэн албан тушаалыг Монгол Улсын Төрийн тэргүүн болгон өөрчилж байсан түүхтэй. Ийнхүү П.Очирбат 1992 онд Монгол Улсын анхны Ерөнхийлөгч болсон бөгөөд 1993 онд Ардчилсан хүчнээс нэр дэвшиж, МАХН-аас нэр дэвшигч Л.Түдэвтэй өрсөлдөн ялалт байгуулж байлаа. Анхны Ерөнхийлөгч маань Ардчилсан хүчнээс нэр дэвшихээс өмнө МАХН-ын гишүүн байсныг уншигч тамэдэх биз ээ.

Улс төрийн сонголт хийн намаа өөрчилсөн энэ эрхэм уул уурхайн ашиглалтын инженер мэргэжилтэй. Энэ утгаараа түүнийг гадаадын хөрөнгө оруулагч нарт таатай ханддаг, уул уурхайн чиглэлээр элдэв лобби хийхдээ гаргуун хэмээн хэвлэл бичигддэг юм билээ. Гэхдээ үүнийг яг таг үнэн гэдгийг нь нотлох гээгүй юм. Харин тэрбээр уул уурхайн компаниудтай чухам ямар холбоотой талаар сэтгүүлчийн асуусан асуултад “Монголын уул уурхайг хөгжүүлэх хэрэгт 1966 оноос хойш 40 гаруй жил зүтгэж явна. Шарын гол, Налайх, Адуунчулуун, Багануур, орон нутгийн ихэнх нүүрсний, Хар айраг, Бужгар, Хажуу-Улаан, Бор-Өндөрийн жоншны уурхай болон Монголросцветмет, Эрдэнэт гээд бүгдэд нь миний гар, бие, ухаан, хөдөлмөр шингэсэн. Өнөөгийн яриад байгаа Тавантолгойн ордыг би оюутан байхаасаа судалж явлаа” хэмээсэн байдаг. Түүнчлэн тэрбээр нэг хэсэг уул уурхайн инженерүүдийг бэлтгэсэн. “Инженерийг нь ч, сайдыг нь ч хийж явсан учраас энэ салбартай гүн гүнзгий холбоотой хүн. Ерөнхийлөгч байхдаа “Нефть”, 3эс”, “Уран” хөтөлбөрүүдийг боловсруулан хэрэгжүүлсэн” гэдэгтэйгээ холбон тайлбарласан байдаг. Монголын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг гүндүүгүй, хээгүй хэмээн тодотгодог. Энэ нь түүний имиж болсон гэхэд буруудахгүй. Өөрийн дээлээ нефтиэр мялааж байсныг нь харсан монголчууд ийн нэрлэсэн болов уу. Түүнчлэн анхны хэмээх хүндэтгэлийн хажуугаар “Алт” хөтөлбөр бий болгож, алтны компаниудаас мөнгө авдаг гэсэн саар мэдээллүүд ч олон дуулддаг. Гэхдээ тэрбээр энэ бүгдийг үгүйсгэж, “Надад ам.доллар өгсөн компани байгаа бол нэрээ хэл, би мэдмээр байна” гэсэн удаатай. Түүнтэй холбоотой мэдээлэл үүгээр дуусаагүй. “Очирбат” сангийн Удирдах зөвлөл, “Тэнгэрийн цаг” компанитай анхны Ерөнхийлөгч Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр хоёр удаа томилогдон ажилласан. Үндсэн хуулийн шүүх болох Цэцийн гишүүнд Ерөнхийлөгч байсан түүний мэдлэг, чадвар тохирно хэмээн УИХ-аас томилсон. Хоёр дахь удаагаа томилох үеэр Цэцийн гишүүн болох боломжгүй хэмээн нэлээд шүүмжлэлд өртөж байлаа. Мөн Ц.Нямдорж П.Очирбат Үндсэн хуулийн Цэцэд томилогдмогцоо өөрийг нь огцруулсан Цэцийн шийдвэрийг ашиг сонирхлын зөрчилтэйгээр гаргасан хэмээн бухимдсан. Энэ мэт улс төрийн нөхцөл байдал “хээгүй” Ерөнхийлөгчийг тойрч гараагүй.         

Манай улс Ерөнхийлөгч нарыг бүрэн эрхээ хэрэгжүүлж дууссаны дараа орон сууц барьж, насан туршид нь сайдын жишгээр цалинжуулдаг. Үүнээс гадна эхний жилд нь унах машин, туслах гэх мэтээр хангадаг. Энэ нь Төрийн тэргүүнээр ажилласан хүмүүстээ өгч буй хүндэтгэл гэж хэлж болно. Энэ утгаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбатыг 1997 онд Ерөнхийлөгчийн албаа хүлээлгэн өгөхөд нь төсвөөсөө 160 сая төгрөг гарган хувийн байртай болгосон. Гэтэл Гэрлэх ёслолын ордны хажууханд байсан түүний байр харагдахаа болиод багагүй хугацаа өнгөрөв. Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр үүнтэй холбоотой олон мэдээлэл цацагдах болсон. Үүний нэг бол түүнийг төрөөс өгсөн байраа, газартай нь “MSC”-д хоёр тэрбум төгрөгөөр худалдсан гэх мэдээлэл. Гэрлэх ёслолын ордны тэр газар томоохон компаниудын нүдийг унагаж байсан нь дамжиггүй юм. Чухамхүү хэвлэлээр гараад байгаа энэ мэдээлэл үнэн эсэх талаар өөрөөс нь тодруулахаар Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбаттай холбогдлоо.

-Сайн байна уу. Сүүлийн үед хэвлэл мэдээллээр таныг төрөөс өгсөн байраа “MSC” компанид газартай нь худалдсан гэх мэдээлэл цацагдаад байна. Та үүнд ямар тайлбар хийх вэ?

-Та нар үүнийг мэдэж яах гэж байгаа юм.

-Үнэн, худлыг нь олон нийтэд мэдээлэх гэсэн юм?

-Миний хувийн өмч. Та нарт ямар хамаатай юм бэ. Би энэ талаар яримааргүй байна хэмээн утсаа таслав. 

Тайлбар нэг иймэрхүү.

 

Ц.Энхцэцэг